АНУ Сириэс цэргээ гаргана
АНУ Сириэс цэргээ гаргахаар болжээ. Цагаан ордны хэвлэлийн албанаас “Ерөнхийлөгч Дональд Трамп Сири дэх “Исламын улс” исламын радикал бүлэглэлийг нухчин дарж, ялгуусан ялалт байгуулсан учраас Сири Улсаас АНУ өөрийн цэрэг дайчдаа гаргах болно” гэж мэдэгдсэн байна. Цагаан ордны мэдээлснээр АНУ, Сириэс цэрэг дайчдаа гаргаснаар Ойрхи Дорнодын бүс дэх “Исламын улс” бүлэглэлийн эсрэг дайн тулаан дараагийн шатанд шилжиж, Сирийн иргэний дайнд цэг тавих цаг мөч ойртож байгаа аж. Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Сара Сандерс энэ талаар “Хэдийгээр АНУ болон холбоотон улс орнууд Сири дэх “Исламын улс” бүлэглэлийг нухчин дарж чадсан ч цаашид бид улс орныхоо ашиг сонирхолыг ямар ч түвшинд үргэлжлүүлэн хамгаалсаар байх болно” гэжээ. Сара Сандерсын энэ мэдэгдэл АНУ, Сири дэх ажиллагаагаа дуусгавар болгож байгаа ч цаашид исламын радикал бүлэглэлүүдийн эсрэг тэмцлээ үргэлжлүүлнэ гэсэн санаа юм гэдгийг зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүд огцолж байна.
АНУ-ын Засгийн газар Сириэс цэрэг дайчдаа гаргахаар төлөвлөж байгаа талаар “Washington Post” сонин анхлан мэдээлж байжээ. Сонины албаны эх сурвалж энэ талаарх мэдээллийг Пентагоны албан ёсны төлөөлөгчөөс авсан аж. Цэргүүдээ буцаан татах Трампын шийдвэрийг эсэргүүцэх хүн олон байлаа. Тухайлбал, Бүгд найрамдах намын сенатч “Исламын улс” бүлэглэлийн хүч суларсан нь үнэн ч гэсэн “дарагдсан” гэж дүгнэх хараахан болоогүй байна” гэв. Харин сенатч Линдсей Грахам, “АНУ энэ цаг үед Сириэс цэргээ гаргах нь “Исламын улс”, Иран, Сирийн Ерөнхийлөгч Башар ал-Ассад болон ОХУ-ын хувьд томоохон ялалт болох болно” гэжээ. Мөн энэ нь АНУ-д төдийгүй Ойрхи Дорнод, бүх дэлхий ертөнцөд аюултай үр дагавар учруулах болно" гэв. АНУ-ын экс Ерөнхийлөгч Барак Обама Сирийн иргэний дайныг Афганистаны дайн шиг төвөгтэй зөрчил мөргөлдөөн болгохоос сэргийлж байсан ч 2014 оны есдүгээр сараас эхлэн агаарын цохилт өгч, дараа жил нь цэргүүдээ оруулсан билээ. Цэргүүдийг эх оронд нь буцаан татах асуудлаар АНУ-ын албан тушаалтнууд хоорондоо зөрчилдөөнтэй мэдээллүүдийг өчигдөр хийсэн юм. Тухайлбал, Батлан хамгаалах яам цэргүүдийг 60-100 өдрийн дотор гаргана гэсэн бол Төрийн Департмент 24 цагийн дотор, харин өөр нэгэн эх сурвалж түүнээс ч хурдан хугацаанд цэргүүдийг эргүүлэн татна гэж мэдэгджээ. Харин “Ройтерс” агентлаг Цагаан ордон Сириэс цэрэг дайчдаа гаргах талаар албан ёсоор мэдэгдсэний дараагаар энэхүү үйл явцыг ойрын 60-100 хоногт багтаан явуулахаар төлөвлөж байгаа талаар мэдээлжээ.
Эх сурвалж: www.bbc.com