Машин техник хүнийг орлож байна
“Хөдөө аж ахуйн олимп” гэгдсэн хөдөө аж ахуйн дэвшилтэт технологийн Янлиний экспогоос сэтгүүлчийн мэдээлснээр, хөдөө аж ахуйн автомат, ухаалаг механикийг ашигласнаар тус салбарт машин тоноглол идэвхтэй ажиллах хандлагатай болжээ.
Шаньши мужийн тариалангийн машины Чэншюе хоршооны захирал Ван Чэншюе Янлинд гурав дахь удаагаа ирж байна. Анх ирээд эрдэнэ шишийг газар хагалахгүйгээр гүнд тарьж ургуулах машиныг хараад ихэд гайхжээ. Тэр гэртээ хариад хоршоо байгуулж, тус машины үйлдвэртэй харилцан, нэгийг худалдаж авсан юм. Хоёр жилийн турш хоршооны 60 гаруй өрхийн хүн нэг бүрийн дундаж орлого 10 гаруй мянган юаньд хүрч, 30 хувиар нэмэгдсэн байна. “Энэ машиныг хэрэглэснээр газар хагалбарлах хүчийг хэмнэсэн төдийгүй бордоог жигд өгч, эрдэнэ шиш хазайж унахгүй болсон. Энэ удаа экспод ирээд олон чадавхтай хөдөө аж ахуйн шинэ машин тоноглолтой танилцлаа, олзтой байна” гэж Ван Чэншюе ярьж байлаа.
Янлиний экспогийн хөдөө аж ахуйн машин тоноглолын үзэсгэлэнгийн ордонд орчин үеийн хөдөө аж ахуйн янз бүрийн машин тоноглолыг үзүүлж байгаагаас Бэйдэү GPS-ын тариалангийн автомат жолооны систем бүхий машин тариачдын анхаарлыг татаж байлаа. Тус машиныг Харбины аж үйлдвэрийн их сургуулийн профессоруудын хамтарсан компани зохион бүтээжээ. Хиймэл дагуулын хүлээн авах антен, Бэйдэү нарийвчилсан GPS, машин явуулах удирдлага, мэдрэгч зэрэг хэсгээс бүрджээ. Түүнийг тариалангийн машиндаа угсарвал товлосон замын дагуу автоматаар шан татах, үр цацах, хор шүрших, хадаж хураах зэрэг бүх ажлыг гүйцэтгэдэг байна.
Тус компаний ажилтан Ши Юньшян: Автомат жолоодлогын систем маань 24 цагаар ажиллаж хүчин чадалтай, тариалангийн газарт давхардахгүй, орхигдуулахгүй ажиллана. Иймээс ажиллах хүчийг чөлөөлөн, ургацыг баталгаажуулж, үр ашгийг дээшлүүлнэ. Одоогоор Өвөр Монгол, Шиньжян зэрэг газарт өргөнөөр хэрэглэж байна гэжээ.
Хятадын Хөдөө аж ахуй, хөдөө тосгоны яамны Тариалангийн механикийн удирдлагын хэлтсийн орлогч дарга Ли Аньнин: Хятад улс 14 том төрөл, 50 жижиг төрлийн 4000 гаруй бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дэлхийн хөдөө аж ахуйн машин тоноглол үйлдвэрлэгч их гүрэн болсон. Тариа тарьж, хураах бүх үйл явцыг механикжуулсан хэмжээ 67 хувьд хүрч, хөдөө аж ахуйн механикжилт нь ажиллах хүчнээс илүү гарсан шинэ үеийг нээлээ гэжээ.
“Машин техник хүнийг орлох” загварыг хөдөө аж ахуйн удирдлагын хэлбэрийн өөрчлөлтөөс тодорхой олж харна. Энэ удаагийн экспод зарим аж ахуйн нэгж хөдөө аж ахуйн ухаалаг удирдлагын загвараа танилцуулж олны талархлыг хүлээж байлаа. Чийгийн мэдрэмж, камер, агаар шалгагч, даралтын ухаалаг хэмжүүр зэргээс бүрдсэн зүйлсийн сүлжээний систем хөдөө аж ахуйн их өгөгдөл гаргаж өгнө. Хөдөө аж ахуйн салбарын чанар, үр ашгийг нэмэгдүүлэхэд шинжлэх ухаан, машин техникт түшиглэх нь зайлшгүй хандлага боллоо гэж экспод оролцсон тариачид ярьж байлаа.
Сарантуяа
ХОУР