Сергей Шойгу гэж хэн бэ?

Сергей Шойгу гэж хэн бэ?Оросын өнөөгийн Батлан хамгаалахын сайдын бүтэн нэр нь Сергей Кужугетович Шойгу. Тэр 1955 оны 5 дугаар сарын 21-нд Тувагийн Чадан хэмээх хотод мэндэлжээ. Түүний аав Кужугетович тува хүн.

Сергей Шойгу 1977 онд Красноярскийн политехникийн дээд сургуулийг барилга байгууламжийн инженер мэргэжлээр дүүргэжээ. Дээд сургууль төгссөний дараагаас 1988 он хүртэл тэр Красноярск, Кызыл, Ачинск, Саяногорск, Абакан хотын барилгын үйлдвэрүүдэд доод тушаалын ажилтнаас эхлэн мастер, менежерийн тушаалд дэвшин ажилласан байна.

Шойгу Ачинскалюминстрой нэгдэлд ажиллаж байх үедээ тус нэгдлийн ерөнхий инженер Александр Антипины охин Иринатай гэр бүл болов. Тухайн үед түүний хадам эцэг Антипин Ачинск хотын Коммунист намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Олег Шенинтэй нөхөрсөг дотно харьцаатай байжээ. Энэ харилцааны ачаар 1988 онд Шойгу Абакан хотын Намын хорооны хоёрдугаар нарийн бичгийн дарга болсон байна. Ийнхүү Шойгу улс төрийн амьдралд хөл тавив.

Дээрх үйл явдлаас жилийн дараа авхаалжтай залуу Сергей Шойгу Красноярскийн бүсийн намын хорооны хянагчийн тушаалд томилогдон дэвшив. Улмаар 1990 онд тэр Москва руу шилжиж, ОХУ-ын Барилга, архитектурын хорооны орлогч захирал болсон ажээ.

1991 оны 8 дугаар сард коммунист хүчнийхэн ЗХУ-д өрнөсөн шинэчлэлийн эсрэг төрийн эргэлт гаргахад Шойгу Оросын шинэ удирдагч Борис Елцинийг дэмжсэн нь түүний хувьд бас нэг чухал алхам болсон байна. Харин тэр нэгэн цагт өөрийг нь ивээлдээ авч Красноярскийн намын хороонд тушаал дэвшихэд тусалсан Олег Шенинтэй санал зөрөлдөж, тэдний улс төрийн зам ийнхүү салсан ажээ.

1990-ээд оны эхэн үед шинэ тулгар байгуулагдсан ОХУ-д улс төрийн байдал тун ч тогтворгүй байлаа. Энэ үед Шойгу Елциний хамгийн их итгэж найддаг хүмүүсийн нэг болов. Тэрээр улс оронд онц ноцтой нөхцөл байдал үүссэн үед хамгийн түрүүнд орж ажилладаг ОХУ-ын иргэний хамгаалал, онц байдлын салбарыг толгойлох болжээ.

Елцин Шойгуд итгэсэнээр алдаагүй ажээ. 1993 онд Оросын Парламент ба Ерөнхийлөгч хоорондын зөрчил хурцдаж зэвсэгт мөргөлдөөн гарах үеэр Шойгу онц байдлын улсын хорооны офицеруудаа зэвсэглэн ерөнхийлөгч Елциний талд зогссон юм. Дахин итгэл хүлээсэн Шойгу 1994 он хүртэл ОХУ-ын Иргэний хамгаалал, онц байдал, байгалийн гамшгийг бууруулах хорооны даргаар, улмаар хороо нь яам болгон өргөжихөд ОХУ-ын Засгийн газрын гишүүн, сайд болов. Тэр энэ салбарыг цаашид олон жил толгойлжээ.

1990-ээд оны төгсгөл гэхэд Шойгу өөрийн удирддаг яамыг “Онцгой байдлын эзэнт гүрэн” болтол өргөжүүлэв. Нэг мэдэхэд түүний яам ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас ч илүү их төсөвтэй болсон байжээ. Шойгу онц байдал үүссэн үед үндсэн хууль сахиулах зорилгоор Альфа, Вимпел гэх элит цэргийн хүчний хуучин албан хаагчид болон тагнуулын үйл ажиллагаа явуулах тусгай чиг үүрэг бүхий албан хаагчдаас бүрдсэн Тусгай хүчний авран хамгаалах корпус гэгчийг өөрийн яамны харъяанд байгуулав. Энэ үед тус яамны харъяа цэрэгжсэн анги нэгжийн албан хаагчдын тоо нэг саяд хүрч байжээ.

Онц байдлын яам маш баян байв. Чернобилийн цөмийн цахилгаан станцын сүйрэл болон байгалийн гамшгийн үр дагаварыг арилгахад зориулсан бүх мөнгө Онц байдлын яамны дансанд орж байлаа. Мөн энэ яаманд аж ахуйн үйл ажиллагаа явуулах эрх олгожээ. Тус яамны эзэмшилд ЕМЕРКОМ хэмээх худалдааны том байгууллага байв. Харин үүнтэй холбоотойгоор Шойгуг шүүмжлэл тойрсонгүй. Версия гэдэг сонинд бичсэнээр Шойгу Рублевскойн хурдны замын хажууд 6.8 сая ам. долларын өртөг бүхий тансаг ордон өөртөө бариулсан гэнэ.

Гэвч Шойгу өөрийн улс төрийн байр суурь, нэр хүндийг чамгүй их өсгөж чаджээ. Тэр туйлын болгоомжтой, хэт их улс төржөөд байдаггүй хүн гэдгээр олонд танигдав. Тэр онц байдлын сайдын хувиар гамшиг тохиолдсон газруудад үргэлж өөрөө хүрэлцэн ирж, аврах ажиллагааг биечлэн удирдах ба хариуцлага алдсан орон нутгийн удирдлагуудыг олон нийтийн өмнө алдааг нь хэлж зэмлэнэ. Коммерсант-Власт сонинд бичсэнээр сэргэлэн эр Шойгу өөрийгөө ингэж харуулах замаар улс төрийн өргөн дэмжлэгтэй болсон төдийгүй үлэмж хэмжээний санхүүжилт, өөрийн яамыг өргөжүүлэх эрх олж авчээ.

Шойгу Путины хамгийн ойрын хамтрагчдын нэг юм. Энэ харилцаа Шойгу Елциний ойрын хүн байснаас эхтэй ажээ. Тэрээр 1999 онд шинээр байгуулагдсан “Единство” (Эв нэгдэл) хөдөлгөөнийг толгойлон парламентын сонгууль оролцож, 23 хувийн санал авснаар Коммунист намын дараа хамгийн олон суудал авч чадсан ажээ. Шойгу 2000 оны ерөнхийлөгчийн сонгуулиар “Единство” хөдөлгөөний хамт Елциний хөтлөн гаргаж ирсэн Путиныг дэмжиж, түүний сонгуулийн компанит ажилд зөвлөгчөөр ажиллав. Энэ сонгуульд Чеченийг хүчээр дараад байсан Путин амархан ялалт байгуулсан юм.

Шойгу 2012 оны 5 сард Москвагийн захирагчаар сонгогдлоо. Гэвч Путин өөрийн ойрын хүн болох Анатолии Сердюковыг армийн шинэчлэлийн асуудлаас болж Батлан хамгаалахын сайдын тушаалаас огцоруулсны дараа 2012 оны 11 дүгээр сард түүний оронд Сергей Шойгу томилогдов.

Одоо тэр ОХУ-ын өмнөх батлан хамгаалахын сайд нараас хамаагүй хатуу байр суурьтай, чанга гар гэдгээр танигдах болсон байна. Тэр өөрийн байр суурийг олон нийтэд ил тод мэдэгддэг. Шойгу батлан хамгаалахын сайд болсныхоо дараа Орост заналхийлж буй хоёр гол аюулын нэг нь НАТО хэмээн хэлсэн төдийгүй НАТО өргөжин тэлж Оросын хилд ойртсон талаар ахин дахин ярих бус, харин үүний эсрэг бодит ажил хийх хэрэгтэйг сануулж байв.

Шойгу батлан хамгаалахын сайд болсны дараа Оросын армид сүүлийн 20 гаруй жилд тохиогоогүй үйл явдал болов. Тэр ЗХУ-аас хойш хийгээгүй нүсэр хэмжээний цэргийн хээрийн сургуулилтыг анх удаа зохион байгуулж, Оросын арми болзошгүй үйл явдалд хэр бэлэн байгааг шалгажээ. Тэр амьдрал дээр ч сорилт явуулав. Тэр барууны улсуудын талаарх өөрийн шийдэмгий байр суурийг том хэмжээний флотын хүч Сири рүү илгээснээр харуулсан юм.

Сергей Шойгу ОХУ-ын дээд одон, медал, цолыг хүртсэн хүн. Тэр армийн генерал цолтой. Шойгуг 1993 онд Чөлөөт Оросын медалиар шагнаж байсан бол 1999 онд ОХУ-ын баатар цолоор шагнасан байна.

Тэр хоёр охинтой. Түүний эхнэр бизнес эрхэлдэг ажээ. Шойгу чөлөөт цагаараа морь унаж, хөл бөмбөг тоглох дуртай нэгэн. Тэрээр англи, япон, турк хэлийг оролцуулаад есөн хэлээр ярьж чаддаг гэнэ. 2010 онд түүний нийт орлого 4 сая рубль болж байв. Түүний эзэмшилд 19 мянган метр квадрат талбай бүхий хоёр эдлэн газар, 477 метр квадрат талбай бүхий орон сууцны байшин бий. Тэр хувьдаа ЗИМ ГАЗ 12 гэх машинтай ажээ.

Тэр Путины залгамжлагч уу?

Владимр Путины ерөнхийлөгчөөр ажиллах хугацаа 2018 онд дуусна. Гэхдээ дахин нэр дэвшиж, хэрэв ялалт байгуулбал 72 нас хүртлээ Орос орныг удирдах боломж түүнд бий. Харин одоогоор Путин өөрийн залгамжлагчийг хайж байгаа эсэхийг өөрөөс нь өөр хэн ч мэдэхгүй.

Үүнээс гадна Орос дахь 2012, 2013 оны сонгууль болон бусад улс төрийн үйл явдлууд Путин ба түүний намын байр суурь Оросын нийгэмд өмнөхөөс хурдан суларч буйг харуулсан билээ. Энэ байдал цаашид даамжирвал хэдэн жилийн дараа Путины засаглал төгсгөл болж, Орос оронд шинэ улс төрийн хүчин засгийн эрх авч мэдэх л юм.

Гэхдээ яг одоо Путиныг хэн залгамжлах вэ гэж асуувал хоёр Сергей гэх нэрс хамгийн их яригддаг ажээ. Нэг нь батлан хамгаалахын сайд, 58 настай Сергей Шойгу, нөгөө нь Москва хотын захирагч, 55 настай Сергей Собянин. Гэхдээ Путины залгамжлагчийн талаар таамаглах арай л эрт байна.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen