"SPLIT" киноны бодит хувилбар сэтгэл хуваагдлын өвчтэй гэмт хэрэгтнүүд
Уг харамсалтай түүхийг өгүүлэхээс өмнө сэтгэл хуваагдлын өвчин гэж юу болохыг уншигч та ойлгож авах хэрэгтэй. Сэтгэл хуваагдах өвчин гэдэг нь хүн сэтгэцийн хувьд бие биенээсээ ангид, эсрэг тэсрэг өөр хэлбэрүүдэд хуваагддаг хүний сэтгэхүйн гажсан үйл ажиллагаа юм. Өөрөөр хэлбэл хүний дотор дор хаяж хоёр өөр шинж төлөв бүхий зан байдал болон ухамсар бий болж түүгээрээ гадаад орчинтой харилцаанд орно гэсэн үг. Товчоор тодорхойлбол нэг хүний дотор өөр зан төрх, авир ааш бүхий хэд хэдэн хүмүүс нэгэн зэрэг оршино гэсэн үг юм.
Уг өвчний жишээ болон судлагдсан тохиолдлууд нэлээдгүй их бөгөөд хамгийн алдартай нь 1981 оны Билли Миллиганы \Billi Milligan\ хэрэг юм. Миллиган бол 24 настай, коллежийн оюутан бөгөөд хэд хэдэн залуу бүсгүйчүүдийг хүчиндсэн хэргээр буруутгагдсан юм. Эмчилгээний явцад Билли Миллиган нь өөрөөсөө гадна Артур, Реган гэдэг хоёр өөр хүн болон хувирч байжээ. Миллиганы дотор орших Артур өөрийгөө англи хүн гэж бодох бөгөөд анагаах ухааны талаар нарийн мэдлэгтэй, мөн Арабаар уншиж бичих чадвартай байжээ. Харин Реган нь Хорват хэлээр чөлөөтэй ярьж байв. Гэтэл 24 настай коллежийн оюутан Милиган анагаах ухаанд сонирхолгүй, англиас өөр хэл мэддэггүй байв. Миллиган эмчилгээний явцад л өөрийгөө Артур, Реган гэсэн хоёр өөр дүр төрхтэй гэдгийг мэдсэн бөгөөд түүнээс өмнө өөрийгөө энгийн нэгэн коллежийн оюутан хэмээн итгэж амьдардаг байжээ.
Дээрх явдлын талаар мэргэжилтнүүдийн тайлбарлаж буйгаар хүний дотоод ертөнцөд өөрөөс нь огт өөр зан араншинтай хүн байж болох ба аль аль нь хэн нэгэндээ захирагдах боломжгүй байдаг гэнэ. Энэ бол нэг талаасаа сэтгэц мэдрэлийн өвчин юм. Ердийн хүн бүрт дотоод ертөнцийн хүн гэж байдаг. Өөрөөр хэлбэл өөрийн дотоод дуу хоолойгоо сонсох гэж ярьдаг шүү дээ. Сэтгэл зүйн хувьд харьцангуй тайван байдаг тул дотоод хүнээ захирч чадаж байгаа юм.
Сэтгэл хуваагдлын өвчний дийлэхи хохирогчид үргэлж гэмт хэрэг хийдэг бөгөөд тэднээс хамгийн аюултай нь Порлтанд хотын цуврал алуурчин байлаа. 1970-аад оны сүүлчээр Портланд хотод хүн амины хэргүүд ар араасаа гарах болжээ. Аллагыг нэг л хүн үйлдэж байгааг шинжээчид таамаглаж байсан боловч гэмт хэрэгтэнг барьж чадахгүй байсан юм. Учир нь алуурчин өөрийн ажлаа маш чамбай, мэргэжлийн төвшинд ямар нэгэн сэжүүр үлдээхгүй үйлдэж байв.
Гэтэл тус хотын нэр хүндтэй бизнесмэн Эндрюс Полвисын том охин Кетрин өнөөх дуулиант аллагын бас нэг золиос болсон юм. Гэхдээ энэ удаа алуурчин алдаа гаргаж хурууны хээгээ үлдээсэн байна. Гэмт хэргийн газраас олдсон хурууны хээгээр алуурчинг төвөггүйхэн илрүүлсэн боловч түүнийг өнөөх зартай гэмт хэрэгтэн гэдэгт цагдаагийн дарга хүртэл итгээгүй юм. Учир нь олон сарын турш ямар ч сэжүүргүй аллага үйлдсэн этгээд бол өнөөх олны танил нэр хүндтэй Эндрюс Полвис байсан аж.
Энэ явдлын талаар шүүх хурал дээр шинжээчдийн тогтоосноор хэрэгтэн нь сэтгэл зүйн хуваагдалд орсон байжээ. Харин Эндрюс хийсэн явдлынхаа тухайд аллага үйлдсэн өөрийн дотоод “хүнийг” ялан дийлж чадахгүй байсан тул эцэст нь өөрийн охиноо алах тэр үед хурууны хээгээ зориудаар үлдээж энэ бүгдийг дуусгахыг хүссэн хэмээн тайлбарласан юм.
Тэгвэл Уильям Стенли Маллигэн нь албан ёсоор бүртгэгдсэн хамгийн олон сэтгэл зүйн хуваагдалд орсон хүн. Гэмт хэрэг хийгдсэн нь тогтоогдсон ч ял шийтгэл аваагүй хэмээн Америкийн түүхэнд тэмдэглэгдсэн хүн юм. Түүнд шүүх энэрэнгүй хандсаны учир гэвэл эмч нарын тогтоосноор Мэллиген нь сэтгэл зүйн 24 хуваагдалд орсон байжээ. Тэрбээр Артур гэсэн хими, физик судлаач, Дэнни хэмээх аймхай бие муутай хүн зэрэг олон дүрд хувирдаг сэтгэц мэдрэлийн өвчтэй байсан юм.
Хатагтай Бьючемп нь мөн дээрх өвчинд нэрвэгдсэн эмэгтэй аж. Тэрбээр бага насандаа хойд эцгийн хэрцгий араншингаас болж сэтгэл зүйн хуваагдмал өвчин туссан байна. Гэхдээ түүний энэхүү хуваагдмал өвчин эдгэрсэн юм. Хатагтайн хяналтын эмч Уолтер сэтгэл зүйн хуваагдлыг олон жилийн турш судалж байгаа Колумбын шинжлэх ухааны хүрээлэнгийн эрдэмтэн Жеймс Хислопутай зөвлөлдсөнөөр ховсдолын аргаар эмчилж чаджээ.
Сэтгэл зүйн хуваагдалд орсон алдартай хүмүүсийн тод жишээ бол зураач, уран барималч Микеланжело юм. Эргэн тойрны хүмүүс байтугай өөрөө ч заримдаа өөрийнхөө араншинг ойлгодоггүй байсан гэдэг. Тэрбээр уран зургаас гадна техникийн инженер, анатоми, одон орон судлах дуртай нэгэн байсан бөгөөд энэ салбаруудад нэлээд хэдэн эрдэм шинжилгээний ажлуудыг хийж байжээ.
Эх сурвалж: Tuuh.mn