Сильди тосгоны хүчирхэг хүү Хабиб - Түүний амьдралын түүх
UFC буюу холимог тулааны түүхэн дэх аваргын бүстэй анхны орос тулаанч, Дагестаны жижигхэн сууринд төрсөн ч дэлхийн хүн болж чадсан Хабиб Нурмагомедовын талаар “Алдартнуудын амжилтын түүх” буландаа өгүүлье.
Монгол угсааны нүүдэлчин аймгийн хүү
Хабиб Нурмагомедов авар үндэстэн. Энэ нь төв Азиас гаралтай нүүдэлчин ард түмэн юм. Төв Европт суурьшсан авар үндэстнийг судлаачид монгол угсааны хоёр аймгийн нүүдэлчид гэж үздэг. Тэд Аварын хаант улсыг байгуулан амьдарч байгаад X зуунд их Карлын хүчинд цохигдон мөхжээ.
Хабиб Абдулманапович Нурмагомедов спортынхны дунд “Бүргэд” хочтой. Тэр 1988 оны есдүгээр сарын 20-нд Дагестаны уулын жижигхэн суурин болох Сильдид авар үндэстний гэр бүлд төржээ. Энэ нутгийн бараг бүх эрчүүд уламжлалынхаа дагуу бөх, тулааны спортоор хичээллэдэг. Хабибын ах дүүс ч ийм замаар явсан. Аав Абдулманап Нурмагомедов нь чөлөөт бөхийн спортын мастер цолтой ба түүнийг дэлхийд таниулсан дасгалжуулагч нь юм. Харин ах нь самбо бөхийн Дэлхийн аварга, нагац ах нь чөлөөт бөхийн алдартай тамирчин. Хабибын дүү Абубакар Нурмагомедов мөн бөхийн спортоор хичээллэдэг. Тэднийг бүгдээрээ тамирчин болсон гайхах зүйлгүй. Учир нь залуусын анхны дасгалжуулагч аав нь байв. Түүнийг бараг хөвгүүдээ живхтэй байхаас нь ринг рүү гаргасан гэж хэлэхэд буруудахгүй.
Хабиб 15 нас хүртлээ бусдаас ялгарах зүйлгүй, жирийн хүү байв
Хабиб гурван настайгаасаа эхлэн бөхийн эрдэмд суралцаж, таван настайдаа дэвжээнд гарчээ. Түүнийг 10 нас хүрэхэд Нурмагомедовынх Дагестаны нийслэл Махачкалад шилжин очсон байна. Тэнд Хабибын аав, дасгалжуулагч Абдулманап Нурмагомедовт залуу, авьяаслаг тамирчдаар багаа бүрдүүлэх боломж гарчээ. Түүний багийнхны тоонд Хабиб ч багтав. Гэхдээ хүү 15 нас хүртлээ бусад хөвгүүдээс онцгойлон ялгаараагүй талаар аав нь ярьдаг. Хабиб хичээлдээ явахын зэрэгцээ дасгал сургуулилтаа байнга хийж, гудамжинд хөвгүүдтэй ноцолдох дуртай жирийн нэгэн жаал байжээ. Тэр үедээ Хабиб мөнгө олохын тулд хамгаалагчаар ажилд орох гэхэд нь гэр бүлийнхэн нь бүгдээрээ эсэргүүцжээ. Түүнд дасгалжуулагч аав нь “Спорт гэдэг бол бас л ажил. Бүх хүнд ажил. Мэргэжлийн тамирчин хүн хооллохын тулд яаж мөнгө олох вэ гэж бодох ёсгүй. Ингэвэл тэр хэзээ ч оргилд хүрч чадахгүй” гэж хэлсэн байна.
Насанд хүрч, хүчтэй болох тусмаа Хабиб бусдаасаа эрх ялгарах болжээ. Дасгалжуулагч аав нь том хүүгээ дэлхий дахинд өөрийгөө таниулж чадах авьяастайг олж харсан байна. Энэ хүртэл Абдулманап Нурмагомедов хүүгээ жүдод илүү бэлтгэж, татами дээрх ирээдүйн аварга гэж харж байжээ. Гэвч Хабиб холимог тулаанд гайхалтай чадвартайг хараад бодлоо өөрчилсөн байна. Үүнээс гадна Хабибыг самбо татах болжээ. Самбогийн алдартай бөхчүүд түүний шүтээн байв. Фёдор Емельяненко, Рустам Хабилов, Рустам Мухтаров нарын ур чадвараас Хабиб их зүйл суралцжээ.
Дэлхийн рингэн дээр хийсэн 27 тулаан - НЭГ Ч ЯЛАГДАЛГҮЙ
Хабиб гайхалтай эхлэл тавьж өгсөн аавынхаа ачаар өөртөө итгэлтэй болж, спортын карьер өсөн дэвжсэн. Тэрбээр 23 настайдаа UFC-гийн түүхэн дэх хамгийн залуу орос тулаанч болов. Америкчууд Хабибын ур чадварыг шууд үнэлж, байгууллагадаа урьжээ. Тэр үеэс хойш Хабиб авар үндэстний, Дагестаны, Оросын бахархал болсон юм. Нүүдэлчин овгийн жижиг суурингийн “Бүргэд” хочтой хүү дэлхийн рингэнд хийсэн 27 тулаанынхаа бүгдэд нь ялалт байгуулсан байдаг.
Түүний бэлгэдэл нь хоньчны малгай
Хабиб Нурмагомедовын бэлгэдэл болгодог зүйл нь хоньчны үслэг малгай. Тэрбээр энэхүү малгайгаараа дамжуулан ард түмэн, авар үндэстнээрээ бахархдаг.
Хабибтай холимог тулааны олон алдартай тамирчин тулалдаж ялагдсан билээ. Тэдний дунд хүчирхэг өрсөлдөгч мэдээж байсан. Тухайлбал, Глэйсон Тибау (2012 оны долдугаар сард тулалдаж Хабиб нокаутаар ялсан), Камал Шалорус (2012 оны нэгдүгээр сард тулалдсан), Тиаго Таварес (2013 оны нэгдүгээр сард тулалдсан), алдарт Тони Фергюсон, Конор Макгрегор, Бразилын Эдсон Барбоза нарыг Хабиб итгэл төгс ялсан билээ. Түүний “брэнд” болсон боох мэх нь алдартай.
Хабиб Нурмагомедов, Глэйсон Тибау нарын тулаан
Уналтын дараа эргэн ирсэн нь
2014-2015 он Хабибын хувьд амаргүй жил байв. Тэрбээр хэд хэдэн хүнд гэмтэл авч, ялагдашгүй гэж тооцогдож байсан ч уг жагсаалтаас хасагдах дөхөж байлаа. Харин 2016 онд тэрбээр алдарт Даррелл Хорчерыг бахархалтайгаар ялж ринг дээрээ эргэн ирсэн юм. Майкл Жонсонтой хийсэн тулаан нь түүний бэлтгэл ямархуу байгааг харуулсан билээ. Америк залуу Майкл Хабибыг дутуу үнэлснээсээ болж гуравдугаар үед ялагдсан байдаг. Хабиб түүнийг өөрөө тулааныг зогсоохыг гуйх ч тэнхэлгүй болгосноор шүүгч тулааныг зогсоохоос өөр аргагүй болж байв. Энэ мэт олон алдартай тулаан бий.
Хабиб, Тони Фергюсон нарын тулаан хэд хэдэн удаа хойшилсон билээ. Тухайлбал, Тонигийн гэмтэл болон Хабиб бөөрний чулуутай байж болзошгүйн улмаас эмнэлэгт хэвтсэнээр тэд ринг дээр учраа таараагүй. Гэхдээ дагестан залуу карьерынхаа сүүлчийн тулааныг жиндээ аваргалдаг Тони Фергюсонтой хийх хүсэлтэй байгаа гэх. Харин Конор Макгрегортой хийсэн тулааныг нь уншигч та санаж байгаа байх. Магадгүй энэ тулааны дараа гаргасан үйлдлээс нь болж тамирчид Хабибтай тулалдахаас эмээдэг болсон. Үүнийг Флойд Майвейзерийн мэдэгдлээс харж болно. Хабибын тулалдах саналыг хүлээн авсан тэрбээр дагестан залуугаас тулааны дараа тамирчин хүний ёс журмыг сахихыг хүссэн билээ. Гэхдээ Хабиб Конортой хийсэн тулааныхаа дараа гаргасан үйлдэлдээ ихэд гэмшиж буйгаа удаа дараа илэрхийлсэн. Конорын багийн гишүүн Диллон Дэнис түүнийг хэл амаар дайрч, Дагестаны ард түмнийг доромжилж байсныг Хабиб тэсээгүй аж. Хабиб хашлага даван Диллон руу дайрсны дараа түүний багийн гурван залуу Конор Макгрегор руу очиж зодоон үүсгэсэн ч ирланд залуу тэдний эсрэг гомдол гаргалгүйгээр тэдний тулааны дараах дуулиан эр хүн, тамирчин хүний ёсоор намжсан билээ. Конор даагаа нэхэж тулаан хийхийг хүссэн ч Хабиб Флойд Майвейзертэй тулалдахыг илүүд үзсэн юм.
Тэр архи, тамхи огт хэрэглэдэггүй
Исламын шашинтай Хабиб Нурмагомедов архи уудаггүй, тамхи татдаггүй. Исламын шашныхны мөрддөгРамадан сары үеэр тулаан хийдэггүй. Тэрбээр хувийн амьдралаа хэнд ч зарладаггүй. Иймээс эргэн тойрныхон нь ч түүний эхнэрийн царайг одоог хүртэл хараагүй байна. Эхнэр нь гэртээ охин, хүү хоёроо өсгөж, алдартай нөхрийнхөө амжилт, ялалтын төлөө Аллахд залбиран суудаг гэх яриа байдаг аж.
Хабибтай олон алдартай хүн найзалдаг. Тухайлбал, Чеченийн Ерөнхийлөгч Рамзан Кадыров, алдарт боксчин Майк Тайсон нарыг нэрлэж болно. Мөн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Конор Макгрегортой хийсэн тулааных нь дараа түүнийг хүлээн авч уулзаж, бахархаж байгаагаа илэрхийлсэн билээ. Путин Хабиб болон түүний аав, дасгалжуулагч Абдулманап Нурмагомедовтой уулзахдаа тамирчин хүний замнал амаргүйг хэлж, Оросын болон Дагестаны ард түмний бахархал болж явахыг ерөөсөн юм.
Флойдтой боксын дүрмээр тулалдана
Хабиб одоо ганц хоёр тулаан хийгээд зодог тайлах талаар нагац ах нь ярьсан билээ. Америкийн боксчин Флойд Майвейзер түүний саналыг хүлээн авснаа мэдэгдсэн. Гэхдээ зөвхөн боксын дүрмээр тулалдана гэсэн юм. Флойд ингэхдээ 2017 онд Макгрегортой хийсэн тулаанаасаа олсон мөнгөнөөс 100 мянган доллар илүү олох хүсэлтэй байгаа аж. Тэрбээр мөн Хабибаас тулааны дараа тамирчин хүний ёсзүйтэй байхыг хүссэн. Америк боксчны үзэж буйгаар тулаан хийхэд тохиромжтой газар нь Лас Вегас аж. Конор Макгрегортой хийсэн тулааныхаа дараа “Ширэнгэн ойд нэг л хаан байх ёстой. Тэр нь би” хэмээн Флойдыг тулаанд дуудсан Хабиб Нурмагомедов хэлснээ баталж чадах эсэхийг удахгүй харцгаая.
Zindaa.mn