Монгол түмний цөс ихт хөвүүн Дарь Сүхбаатар...

Дарь Сүхбаатарыг ардчиллын алтан хараацай, анхны арвангурвын нэг, ардчилсан холбоог үндэслэгч, анхны чөлөөт хэвлэлийг үүсгэн байгуулагч гэдэг ч тэрээр ардчиллын бялуунаас хуваалцалгүй олон жил ганцаардсан чоно шиг явсан нэгэн. Учир нь түүний ерэн онд хүсэн хүлээж байсан ардчилал нь авлига хээл хахуульд идэгдэн, анд нөхөд нь олигархи бүлэглэлд хуваагдан нийгэмд шударга ёс алдагдсан явдалтай тэр хэзээ ч эвлэрч байгаагүйн шинж. 

 

Нэгэнтээ Дарь Сүхбаатар ард түмнийхээ итгэлийг алдсан журмын нөхдийнхөө бусармаг үйл ажиллагаанаас нүүр хийх газаргүй болж, ардчиллын хамсаатан төрөөс төрсөн тэрбумтан анд нөхдийнхөө нэрийн өмнөөс  ард түмнээсээ уучлал хүлцэл өчин ганцаараа гүлдийж хоцорсон ч тал бий.

Дарь Сүхбаатарын ерээд оны тэмцлийн гол зорилго нь Монгол Улсаа Москва Бээжин зэрэг гадны  хэнээс ч хамааралгүй жинхэнэ тусгаар улс болгох, монгол хүн бүрийг өөрийн гэсэн өмч хөрөнгөтэй болгох, монгол хүн бүрт чөлөөт сэтгэлгээ олгох гэсэн гурван үндсэн зорилтыг зүрх сэтгэлийнхээ угт агуулж байсан ч яваандаа ганзага нэгт нөхдөөс нь эхлээд гадны корпорациудын гар хөл болцгоон, монгол хүн бүр тэгш хүртэх ёстой үндэсний баялаг  хэдхэн олигархи гэр бүлийн гараар орсон зэрэгт сэтгэл гундуухан явдаг нэгэн.  Тэрээр барууны тэжээвэрүүдтэй хэзээ ч гар нийлж тэдний хөл гар дохио зангаа болж байгаагүй, зөвхөн улс монголоо гэсэн цэх шулуун зантай, чин зүрх сэтгэлтэй учраас л тойргийн гадна үлдсэн ч тал бий.

Дарь Сүхбаатар бол "Болор цом"-д долоон удаа амжилттай оролцож, хаанахын ч хэний ч жагсаал цуглаан дээр очоод улс орныхоо язгуур эрх ашгийн төлөө хүний өөрийн нам улс төр найз нөхөд гэлтгүй хэнийг ч зад шүүмжилж байдгаараа ёстой нөгөө шүлэг тэрлэж шүүрс алдах омог бардам монгол эрсийн нэг  яах аргагүй мөн /зураг дээр/.

Дарь Сүхбаатар ерээд онд Монголын ардчилсан холбооны анхны суурь болох Дэвшилтэт залуучуудын эвслийг нэр бүхий уран бүтээлч нөхдийн хамт байгуулж, анхны тэргүүнээр сонгогдон бүхэл бүтэн коммунист нам улс төрийн тогтолцооны эсрэг залуусыг уриалан дуудан босон тэмцэж чадсан, тухайлбал 1989 оны 11 сарын 28-ны өдрийн Залуу уран бүтээлчдийн Улсын II зөвлөгөөн дээр социализмын 70 жилийн түүхэнд анх удаагаа индэр дээрээс "Улс төрийн товчоо ОГЦОР" хэмээн зоригтойгоор хэлж чадсан, хэрэгжүүлж дийлсэн Дамдины Сүхбаатар лугаа адил хатан зоригт монгол түмний цөс ихт аавын хүү.  

Монголчууд эрт дээр үеэс үйл хэргийнхээ төлөө өөрийгөө зольж галзуу барын аманд гараа хийхээс ч буцахгүй хүнийг Хараа ихт хар сүлд Цөс ихт монгол хөвүүн гэж зүйрлэн хэлж ирсэн түүхтэй. Тэрээр ерэн оны хувьсгалын хувь заяа хаашаа ч эргэж магадгүй байсан тэрхүү эгзэгтэй өдрүүдэд өглөө бүр гэрээсээ гарахдаа Орой гэртээ эргэж ирэхгүй байх шүү хэмээн олон удаа хэлж гараад өвлийн тэсгим хүйтэнд явган нүцгэн, ачааны тэрэгний дээр осгон алдаж хувьсгал хийж тэмцэж явсан цөөхөн хэдэн цөс ихт аавын хөвгүүдийн нэг.

Тэрээр Завхан аймгийн Тосонцэнгэл буюу эрх чөлөө тусгаар тогтнолынхоо төлөө цогтой тэмцэгч Хотгойдын Чингүнжавын өлгий нутгийн хүүгээс гадна үнэн үг, шударга зангаараа баруун таван аймагтаа алдартай,  насаараа тээврийн жолоо мушгисан Дарьсүрэн гуайн ууган хүү болохоор агуу үйл хэрэгт нь герман боловсролоос гадна гол нь түүний аав ээж удам судар, мах цусан дахь монгол эх оронч ген нь ч нөлөөлсөн байх.

Герман гэснээс  наяад онд Дарь Сүхбаатарыг  Германд оюутан байхад нь тэр үеийн тэргүүний оюутан гэдэг утгаараа Монгол оюутнуудын Эвлэлийн үүрийн даргаар сонгогдсон түүнд холбогдох газраас /ойлгомжтой/ тэнд сурдаг оюутан, аспирантуудыг тагнаж чагнах мэдээлэх үүрэг өгснийг тэрээр эсэргүүцсэн тул зуны амралтаар ирэнгүүт нь буцаалгүй дөрвөн жил сурсан Герман улсын Карл-Марксын техникийн их сургуулиас нь  хөөж Намын Төв хорооны заалтаар хөдөө барилгад дээр шаварчнаар гурван жил ажиллуулах үеэс л  түүний улс төрийн тодорхой үзэл санаа нь төлөвшиж эхэлсэн гэдэг.  Ингээд Монгол оронд Горбачёвын өөрчлөн байгуулалтын салхи ид шуурч байсан 1988 оны намар Багшийн дээд сургууль дээр Дарь Сүхбаатар нөхдийн хамт анхны чөлөөт хэвлэл болох “Цагийн толь” сонин гаргаж гурван дугаар гаргаад байтал Төв хХорооны  даалгавраар НАХЯ-наас хааж байжээ.

Дарь Сүхбаатар нь ерээд оны ардчилсан хувьсгалаас хойш албан тушаал хөөцөлдөж алдар цол гуйж гоншигонолгүй, ганцаардсан чоно шиг явсан хорин жилийн хугацаандаа гараа хумхиад зүгээр суусангүй, тэрээр 1990 оноос С.Баасан ламын хамт Монголын сүсэгтний холбоо байгуулж иргэдийн шүтэн бишрэх эрх чөлөөг сэргээх, Ц.Ганхуягийн хамт Монголын Ардын Аж Ахуйтны холбоо байгуулж малыг малчдад буцаан хувьчилах, Ц.Дашдондов гуай нарын нөхдийн хамт Монголын ардчилсан чөлөөт сэтгүүлчдийн эвлэл байгуулж хэвлэн нийтлэх эрх чөлөөг бий болгох, Жияндорж нарын нөхдийн хамт Монголын Ногоонтны хөдөлгөөнийг үүсгэн байгуулж байгаль дэлхийгээ эрхэмлэх монгол уламжлалт үйл хэргийг өрнүүлэх, Чой.Лувсанжав багштан нарын эрдэмтэн мэргэдийн хамт Монголын Нүүдлийн соёл-иргэншлийн олон улсын нийгэмлэг байгуулж олон мянганы түүхтэй төр ёсоо сэргээх зэргээр монголын үндэсний ардчилалын суурь, үнэт зүйлд жинтэй хувь нэмрээ оруулсан юм.  

Харин ажил төрөлгүй олон жил явсан түүнд ардчилалын хорин жилийн ойн босгон дээр МоАХ-ны ерөнхийлөгч Женко Баттулга сайд байхдаа ардчилалд оруулсан хувь нэмэр, андын журмыг санаж ажилтай болгож өгөхөд нь итгэлийг зүтгэлээр гэгчээр хоёргүй сэтгэлээр Онцгой байдал  зэрэг төрийн албанд дөрвөн жил чин шударгаар чадлынхаа хэрээр зүтгэжээ.

Ардчиллын галыг асааж, анхны арвангуравт андгай тангараг гэдгийг анх сонордуулж, амин хувиа хичээлгүй ард түмэн эх орныхоо төлөө чин шударгаар зүтгэж яваа Бат-Үүлийн дайтай баатар болох Дарь Сүхбаатар шиг цөс ихт охид, хөвгүүдээ Монгол түмэн мянган өдөр хайрлаж хамгаалж бас харамнаж байваас тэд нэг л өдөр улс үндэстнийхээ төлөө үйл хэргээ гүйцээн, үүнийхээ төлөө амиа өгөхөд ч бэлэн байдаг.  

ОУ-ын зэвсгийн шинжээч, хурандаа Доржпаламын Эрдэнэцогт

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen