УИХ-ын 64 дүгээр тойрогт нэр дэвшигч М.Оюунчимэг үнэмлэхээ гардан авлаа

 

 

УИХ-ын 2016 оны сонгуульд нэр дэвшигчид Төрийн ордонд батламжаа гардан авлаа. МАН мөрийн хөтөлбөрөө хамгийн түрүүнд хянуулсан, СЕХ-нд УИХ-д оролцохоо ч нэгдүгээрт илэрхийлсэн тул нэр дэвшигчийн батламж, үнэмлэх авах арга хэмжээнд ч манлайллаа

УИХ-ын сонгуулийн 64 дүгээр тойрогт нэр дэвшигч М.Оюунчимэгийг нэр дэвшигчийн үнэмлэхээ авах үеэл түүний ээж Ж.Цээпилтэй уулзаж, сэтгэгдлийг нь сонслоо.

Ж.Цээпил: Олон түмний хурц хараа, тэнэгэр ухаан ялгаад л өгнө дөө

-Сайн байна уу та. Сайхан зусч байна уу. Охин тань өнөөдөр УИХ-ын сонгуульд нэр дэвшигчийн үнэмлэхээ авлаа. Та баяр хүргэхээр ирэв үү?

-Сайхан зуншиж байна. Охиндоо баяр хүргэх гэхээсээ ямархуу орчинд яаж ажилладаг юм гэдгийг нүдээрээ харж, анхаарал тавих гэж ирлээ.

-Таны охин М.Оюунчимэг ямар хүүхэд байсан бэ. Энэ завшаанд охиныхоо талаар ярьж өгөхгүй юу?

-Номтой л их нөхөрлөдөг, хичээл сурлагандаа сайн, нийгмийн идэвхи зүтгэлтэй хүүхэд байсан даа. Мэргэжилдээ бүр багаасаа л дурласан шиг байгаа юм. Дөрөвдүгээр ангид байхдаа мэдээ бичсэн "Пеонерийн үнэн” сонинд гарчихаж. Тэр үед аав бид хоёр нь "Хэзээ ийм жаахан байхаасаа ингэж гүйж байсан юм, хичээлээ сайн хийхээ бод” гэж хэлж байсан.

Ленинградад олон улсын сэтгүүлчээр төгсөх жил нь сургуулиас нь "Танай охин онц төгсч байгаа, төгсөлтийн баярт нь ирээрэй” гээд гэр бүлийнхэн бид нарт урилга ирүүлсэн. Би аав, эгчтэй нь очиж сургуультай нь танилцаж, төгсөлтийн баярт нь оролцсон. Оюутны дотуур байр нь 18 давхарт, тухайн үедээ их л сүртэй санагдсан. Тэр үед орос багш нар нь "Шөнөжин унтахгүй хичээлээ хийгээд л суудаг” гэж хэлсэн. Би тэгэхэд "”Бас л унтахгүй хичээлээ давтаж байж дээ охин минь” гэж бодсон. Миний охин чинь арван жил, их сургууль гээд сургууль бүрээ улаан дипломтой онц төгссөн юм.

-Таны бага охин юм байна шүү дээ. Ах эгч нараасаа зан чанарын хувьд өөр үү, хоорондоо адилхан уу?

-Аавынхаа шударга шулуун, хийж бүтээнэ гэснээ заавал дуусгадаг занг нь ах эгч нараасаа арай илүү өвлөөд авчихсан хүүхэд дээ. Манай хүн чинь олондоо их хүндлэгдсэн, ядарсан нэгэнд тусалдаг, задарсан нэгэнд үнэнг нь шууд л хэлж ойлгуулж өгдөг хүн байсан. Тэр зан нь бүр яг шүү.

-Сэтгүүлчээр ажиллаж байхдаа хурц нэвтрүүлэг олныг хийсэн. Таны санаа зовдог л байв уу?

-Зоволгүй яах вэ. "Чи эмэгтэй хүн, хамаагүй ингэж болохгүй” гэж үглэж л байлаа. Тэгэхэд миний охин "Ээж минь дуугүй өнгөрч болохгүй байна шүү дээ” гэдэг .

-Одоо ч гэсэн та сэтгэлээ чилээж л суугаа байх?

-Тэгэлгүй яах вэ. Гол нь миний охин зорьсон хүссэн юм руугаа явж байхад би хориглоод яах вэ гэж бодох юм.

Үнэн шударга сонгууль болоосой гэж хүсч байна. Миний охин ч шударга шулуун хүн. Олон түмний хурц хараа, тэнэгэр ухаан хэн нь хэн бэ гэдгийг ялгаж өгнө. Эгч нь ээж хүнийхээ хувьд охиноо аюулгүй байгаасай, алдаа эндэгдэлд орчих вий, эрүүл мэнд нь гайгүй байгаа даа гэж бодож, залбирч сууна даа.


Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen