Талийгаач Ш.Алтантуяагийн ар гэрийнхний нэхэмжлэлд анхаарал хандуулахыг Малайзын Ерөнхий сайдаас хүсчээ

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Малайзын Холбооны Улсын Парламентын сонгуульд эвслээ тэргүүлэн ялалт байгуулж, дахин улсынхаа Ерөнхий сайдаар сонгогдсон Махатир Бин Мохамад баяр хүргэсэн захидал илгээлээ.

 
 

Захидалд:

Эрхэмсэг ноён Ерөнхий сайд аа,

Саяхан болсон Малайзын Холбооны Улсын Парламентын сонгуульд Таны тэргүүлсэн эвсэл ялалт байгуулж, Эрхэмсэг ноён Та Ерөнхий сайдаар дахин томилогдсонд чин сэтгэлээсээ баяр хүргэж мэндчилье.

Эрхэмсэг ноён Та өмнө нь Малайзын Холбооны Улсын Ерөнхий сайдаар 22 жил ажиллах хугацаандаа улс орноо эрчимтэй хөгжүүлэх үйл хэргийг манлайлан хошуучилж, Малайз Улсын нэр хүнд, байр суурийг бүс нутагтаа төдийгүй дэлхий даяар ихээхэн бэхжүүлсэн билээ.

Эрхэмсэг ноён Та 1997 онд Малайз Улсын Ерөнхий сайдын хувиар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж, манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байсныг дурсан санахад таатай байна. Монгол, Малайзын уламжлалт найрсаг харилцааг сэргээн идэвхжүүлэх, иргэд хоорондын хэлхээ холбоог бэхжүүлэх үйлсэд Эрхэмсэг ноён Ерөнхий сайд Та санаачлагатай ажиллана гэдэгт итгэлтэй байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд миний бие Монгол Улсын иргэн, хоёр хүүхдийн ээж Ш.Алтантуяагийн амь насыг 2006 оны 10 дугаар сарын 18-нд Малайз Улсад хөнөөсөн онц ноцтой гэмт хэргийн явцад онцгой анхаарал хандуулдаг юм. Энэхүү гэмт хэргийн улмаас манай хоёр орны харилцаанд, тэр тусмаа ард иргэдийн хооронд таагүй уур амьсгал бий болоод байгаа бөгөөд Эрхэмсэг ноён Ерөнхий сайд Та гэмт этгээдүүдийг шүүх, шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх, талийгаачийн ар гэрийнхний иргэний нэхэмжлэлийг шүүхээр шударгаар шийдвэрлэхэд анхаарал хандуулж, хоёр улсын харилцаанд үүссэн таагүй уур амьсгалыг илааршуулна гэдэгт найдаж байна.

Эрхэмсэг ноён Ерөнхий сайд Танд эрүүл энх, ажлын өндөр амжилт хүсье.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ

 

Эх сурвалж: president.mn

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen