Монголын хуулийг хэн хаашаа эргүүлчихэв

Монголын хуулийг хэн хаашаа эргүүлчихэв

-Оюутолгойн гэрээг байгуулахад АТГ оролцох ёстой байсан гэнэ-

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс энэ сарын 1-нд С.Баярцогт, Б. Бямбасайхан нарын хориог 15 хоног сунгах захирамж гаргасан билээ. Гэхдээ захирамжийн хугацаа өчигдөр дууссантай холбогдуулан прокуророос шүүхэд хүсэлтээ ирүүлсэн юм.

Ингээд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр Б.Бямбасайхан, С.Баярцогт нарын таслан сэргийлэх арга хэмжээний шүүх хурал болсон юм. Улмаар шүүх хурлаас дээрх хоёр хүнийг дахин нэг cap хорих шийдвэр гаргав.

Сангийн сайд асан С.Баярцогтын тухайд шүүх хуралд биечлэн ирсэн бол Б.Бямбасайхан цахимаар оролцож, шүүгчийн шийдвэрийг сонссон юм. Хамгийн гол нь, тэднийг дахин хорих болсон шалтгаан нь тун хачирхалтай. Юу гэвэл, прокуророос тэднийг дахин гэмт хэрэг хийж болзошгүй гэж үзсэн юм. Угтаа бол шүүхээс С.Баярцогт болон Б.Бямбасайхан нарыг урьд нь хэрэг хийсэн, улмаар суллаад тавьчихвал дахиж гэмт хэрэгт холбогдож болзошгүй гэсэн утгатай дүгнэлт гаргасан гэсэн үг, Тэгвэл С.Баярцогт өмнө нь ямар гэмт хэрэг өдүүлсэн, дахиад бас юу хийх гээд байгааг нь шүүх, прокуророос тайлбарлах зайлшгүй шаардлагатай байх.

Энэ талаар С.Баярцогтын өмгөөлөгч Г.Орхон Шүүх хуралд Оюутолгойн гэрээ хуульд нийцсэн эсэх, өөрчилж болох эсэхийг шинжээчдээс асууж байгаа нь өөрөө учир дутагдалтай. Энэ асуудалд шүүгч, прокурор, хуульчид хуульзүйн үндэслэлээ хийгээд явах ёстой. Үүнээс дүгнэж хэлэхэд, цаашид томоохон мега төслийг хөдөлгөх хүмүүс маш их дарамтад орж болзошгүй. Учир нь, тэд УИХ болон Засгийн газрын гишүүдээсээ асуухаас илүүтэй АТГ, прокурор, шинжээчдээс асууж байж гэрээ хэлэлцээрээ хийх ёстой болж таарч байна.

Оюу толгойн гэрээг тухайн үед УИХ болон Засгийн газрын гишүүдээс асууж байж, хийсэн.Гэтэл тэд өнөөдөр дуугардаггүй юм байна. Иймээс мега төслийн гэрээ хэлэлцээ хийхдээ АТГ, прокурор, шинжээчдээс асуух ёстой юм байна" гэсэн байр суурийг шүүх хурлын дараа илэрхийлсэн юм.

Үүнээс гадна, С.Баярцогтыг өмнө нь 30 хоногийн турш саатуулсан хэрнээ ганцхан удаа л богино хэмжээний байцаалт авсан аж. Тэрнээс өөрөөр ямар нэгэн байдлаар Оюу толгойн гэрээтэй холбогдуулан шалгаад байгаа зүйл үгүй гэдгийг өмгөөлөгч нь хэлсэн. Тэгвэл энд ямар учир логик байна вэ.

Оюу толгойн гэрээний хамгийн их буруутай этгээдээр нэрлэгддэг С.Баярцогтыг тодорхой шалгаж, байцаасан зүйлгүйгээр энэ төслийн алдаа мадгийг хэрхэн олж тогтоохыг нь харж суух цаг хугацаа бидэнд бийсэн бил үү.

Харин Б.Бямбасайханы хувьд үнэндээ улстөрийн тоглоомын золиос болсон гэдгийг хэн хүнгүй хэлж байгаа. Өчигдрийн шүүх хурлын талаар түүний өмгөөлөгч Н.Цогт сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлдээ "Шүүхийн шийдвэрт сэтгэл дундуур байна. Учир нь. хэрэг ээдрээтэй түвэгтэй байгаа тул цагдан хорих хугацааг сунгаж байна гэх үндэслэл нь хэтэрхий нэг талыг барьсан шийдвэр гэж харж байна. Хэрэг ээдрээтэй байгаа гэдгээ нотолж чадахгүй байна.

Прокурорын нотлогдоогүй үндэслэлээр хүнийг цагдан хорьдог болох тал руугаа явж байна.Энэ нь үндсэн хуулийг зөрчиж байна. Б.Бямбасайханы бие маш тааруу байна. Эмчид үзүүлж байгаа. Нарийн шинжилгээ өгч, эмчлүүлэх хүсэлт тавьсан. Одоогийн хийж буй эмчилгээ үр дүн муутай гэж үзэж байна. Иймээс энэ хүсэлтийг минь харгалзан үзнэ гэж найдаж байна" гэв. Хэрэг явдал яг л ийм байдлаар өрнөж байгаа. Өөрөөр хэлбэл, прокурорууд хуулийн чухам ямар заалтыг үндэслэж, аль баримтад тулгуурласан нь тодорхойгүй "хардлага”-ыг шүүхийн шийдвэрийн гол суурь болгож буй нь Монголын хууль хаашаа эргэсний бэлээхэн жишээ өнгөрсөн хугацаанд болсон шүүх хурлууд.

Ер нь өнөөдөр шүүх эрх мэдэл чухам хэний гарт байгаа хэрэг вэ. Ингэж хэлэхийн учир нь Монгол Улсын Ерөнхий сайд, Сангийн сайд, томоохон төслүүдийн удирдагч нараар ажиллаж байсан хүмүүсийг барьж хорьсон нь монголчуудыг хоёр талцуулсаар байгаа билээ.

Гэтэл эдгээр хүмүүсийг буруутан болгосон мөнөөх Оюу толгойн гэрээ нь өнөөдөр бүрэн хэрэгжих болоогүй, дөнгөж бүтээн байгуулалтынхаа шатанд яваа гэдгийг хууль, шүүхийн шинжээч нар мэдэж байгаа болов уу гэдэг нь эргэлзээтэй. Олон улсын толгой эдийн засагчид, уул уурхайн мэргэжилтнүүд анхнаасаа Оюу толгойг бүрэн ашиглаж эхлэх хугацааг 2028 оноор тооцоолж, гэрээг байгуулсан.

Тэгэхээр дахиад 10 жилийн дараа Оюу толгой хэмээх их говийн хөрсөнд нуугдсан эрдэнийг бүрэн хүчин чадлаар ашиглаж, тэр хэрээр манайх руу орж ирэх ашиг нэмэгдэх нь ээ. Тийм байхад энэ гэрээг байгуулсан хүмүүсээс "Та нөхөд гэрээ байгуулахдаа цагдаагаар хянуулсан уу” хэмээн асууж байгаа нь эднийг заавал яллаж, буруутан болгох даалгавар авсан мэт хар төрүүлж буй нь нууц биш.

Угаас Монголын төр зүтгэсэн хүндээ халтай байсаар ирсэн. Үүнийгээ удаа дараа нотолж байгаа. Тиймээс бид ирээдүйд улс эх оронд онц гойд тустай томоохон төсөл хөтөлбөрүүд рүү зоригтой орж, хэрэгжүүлэх хэн нэгнийг хүлээх найдлагагүй болж байх шиг. Тийм зоригтой хүн гарч ирлээ ч дараа нь буруутан болж хувирах нь дамжиггүй болж байна. Ер нь Монголын хууль хаашаа эргэж, шүүхийн энэхүү гажиг тогтолцоог хэн зааварчилж сууна вэ.

Р.САРУУЛ

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen