Жанжин, дуучин Ц.Дашнамжил агсан охиныхоо хамт
Манай үеийнхэн жанжин Сүхбаатарыг Ц.Дашнамжил гуайн бүтээсэн дүрээр зүрх сэтгэлдээ хоногшуулан үлдээсэн. Ингээд гавьяат жүжигчин Ц.Дашнамжил гуайг амьд сэрүүн байхад нь хийсэн ховорхон ярилцлагаа эрхэм андуудтайгаа хуваалцъя.
-Та ер нь хэдийд "жанжин" болсон юм бэ?
-1967 оны хавар. УБДС-ийн дэргэдэх дуулаачийн сургууль дүүргэдгийн өмнөх жил гавьяат жүжигчин Ц.Бадамгарав гуай намайг анх олж хараад киноны уран бүтээлчдэд хэлсэн юм билээ. Нэг удаа Дуурийн театрын хонгилд зогсч байлаа. Нэгэн ахимаг хүн над дээр ирээд "Алив хө, чи нэг инээгээдэх" гээд дараа нь "Түүгээр тойроод яваад ир" гэж явдал суудлыг минь ажсанаа "Маргааш өглөө 9.00 цагт Кино үйлдвэр дээр очоорой" гэж хэлчихээд яваад өглөө. Кино үйлдвэр дээр явж очвол нөгөө хүн намайг жанжин малгай өмсүүлж, монгол дээлээр хувцаслаж, миний зургийг янз, янзаар авав. "Кинонд тоглуулж магадгүй нь" гэж дотроо бодсоноо нарийнхан жирэвгэр хар сахал тавьсан байсан болохоор "Япон юм уу хятадын дүрд тоглуулах байх" гэж таамаглаж байсан юм.
Тэгээд "Отряд" хэмээх годгор жижиг саравчтай малгай "Гимнастёрка" цамц өмсүүлж, сэлэм зүүлгэж бас дахин хэдэн янзаар зураг авлаа. Ингээд л энэ явдал өнгөрч хэсэг хугацаа болоод бүх юм мартагдчихсан. Хавар нь театр дээр явж байтал намхан нуруутай, зөөлөн дуутай, том шар цүнхтэй нэгэн хүн надтай тааралдаад намуухан дуугаар "За хүү минь чамд баяр хүргэе. Миний дүү жанжин Сүхбаатарын дүрд тоглох болсон. Кино үйлдвэр дээр очиж уулзаарай" гэж хэлчихээд "Хүүе ах аа" гэхийн завдалгүй гадагш гараад явчихав. Би айж, гайхан баярлаж, тэнэг амьтан шиг хэсэгтээ дуу ч үгүй, хөдөлгөөн ч үгүй алмайран зогсч билээ. Ийнхүү анх удаагаа л нэрт зохилч, найруулагч Л.Ванган багшийг харсан нь тэр.
-Жанжны дүрийг хичнээн кинонд бүтээсэн бэ?
-"Өглөө", "Тэмцэл" уран сайхны хоёр ангит кино болон "Тунгалаг Тамир", "Ичээнд нь", "Солонгын таван өнгө", "Намрын халуун өдрүүд" уран сайхны кино, тэрчлэн Ч.Чимэдийн "Арын албаныхан" жүжгээр хийсэн теле кино, Д.Мягмарын "Үүрийн шаргал туяа" жүжигт их жанжин Сүхбаатарын дүрд тоглосон.
-Та жанжныг ямар аргаар, яаж судалсан бэ?
-Д.Сүхбаатарын холбогдолтой түүхэн баримт бичиг, хувьсгалын партизан, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн хүмүүс, жанжны хүү С.Галсан, ах дүү, төрөл төрөгсөд, нутгийнх нь хүмүүстэй уулзаж учирч ярилцсан. Л.Түдэвийн "Алтан гадас чигийг заана" ном болон Монгол, Орос 105 партизаны дуртгал зэргийг уншсан.
-Партизан, ахмадууд юу гэж зөвлөж байсан бэ?
-"Д.Сүхбаатар догшин, ширүүн, уур уцаартай хүн байгаагүй, ухаалаг, даруу, эр зоригтой, шулуун шударга хүн байсан. Ийм л Д.Сүхбаатарыг бүтээгээрэй, Л.Свердлин шиг догшин байж болохгүй" гэж байсан. Партизан Тогтох гуай энэ талаар онцгой анхааруулж, захиж байсан шүү.
-Таны бүтээсэн жанжин бусдын бүтээсэн жанжнаас юугаараа ялгаатай вэ?
-Лев Свердлин догшин Д.Сүхбаатарыг бүтээсэн гэдэг. Хашир жүжигчин туршлагатайгаа харуулсан гэж би хувьдаа боддог. Тэрээр монгол хүн болж чадахгүйгээ мэдсэн болов уу. Чингис, Бат хаан сэтгэлд нь буугаад, дайны цаг үе байсан. Эрэлхэг дайчин, зоригтой Д.Сүхбаатараар монгол үзэгчдийн сэтгэлийг эзэмдэх өнгө аясаар тоглосон гэж боддог. Санасандаа ч хүрсэн.
Миний Д.Сүхбаатарын хувьд дээрх ахмадуудын зөвлөсөн цэргийн жанжин, төрийн зүтгэлтэн хүний ухаалаг даруу, шударга, намуун дүр төрхийг дүрийнхээ гол ноён нуруу болгосон. Цэргийн жанжин, төрийн зүтгэлтний дүр төрхийг хослуулж гаргахыг чармайсан "Өглөө" кино 1968 оны арваннэгдүгээр сард дэлгэцнээ гарсан. Залуучууд тааралдаад "Жанжин ах аа" гэхэд нь би хязгааргүй баярлаж явдаг. Жүжигчин хүнд үүнээс том шагнал, гавьяа гэж хаа байх билээ.
-Таны сэтгэлд дотно киноны хэсэг чинь юу вэ?
-"Өглөө" кинонд С.Янжмаатай хоёул зах дээр явдаг хэсэг. Зах дээр жирийн, ухаантай хөгшчүүлтэй буюу Ардын жүжигчин Д.Гэндэн, Г.Чимэд-Осор, гавьяат жүжигчин Д.Бат-Очир манай урлагийн алтан үеийн мастеруудтай хамт тоглосон тэр хэсэг. "Өглөө" киноны анхны зураг авалт байв. Дамбадаржаад энэ зургийг авсан. Анхны кинонд зураг авахуулж байгаа учир их сандарч, тэр аваргуудаас сүрдэж байсан. Гэхдээ тэд надад хангайн нуруу шиг түшиг болсон. Би хэзээ ч мартдаггүй, санаж, баярлаж, бахархаж явдаг.
-Зохиолч Л.Ванган гуайн талаар та юу хэлэх вэ?
-Гайхамшигтай хүн. Зохиолч, найруулагч, жүжигчин. Авьяас нь багтаж ядсан хүн байжээ. Марзан Шарав гуайгаар В.И.Лениний зургийг яаж эвтэйхэн зуруулж авах аргыг надад зааж өгсөн. Бүтэн хоёр шил архи өөрөө худалдаж аваад надад нэгийг нь өглөө. Тэгээд уран бүтээлд амжилт хүсээд ганцаараа нэг шил архийг Офицеруудын ордны өмнөх засмал замын урьдах зүлгэн дээр сууж байгаад миний төлөө уучихсан юм даг. Том шар цүнхтэй, намхан биетэй, хосгүй авьяастан Л.Ванган багш нүдэнд харагдаж, зөөлөн дуу нь чихэнд сонсогдсоор л байна.
-Г.Жигжид найруулагчийн тухайд?
-Намайг кино урлагт эх барьж авч, хөтөлж, өгсүүлсэн хүн. Мундаг кино оператор, кино найруулагч байв. Би энэ үгийг жинхэнэ утгаар нь хэлж байна. Жийгээ багшаас айдаггүй хүн кино үйлдвэрт л лав байхгүй. Ой тогтоолт гэж гайхамшигтай. Л.Ванган багшийг хүндэтгэж үгэнд нь ордог байсан хүн дээ.
-Та Монгол Улсын гавьяат жүжигчин цолоор хэзээ шагнагдсан билээ?
-1983 онд их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 90 жилийн ойгоор гавьяат цол хүртсэн. Нэг удаа уулзалтад оролцоод шөнө дунд гэртээ ирээд хоолоо идэж суутал утас дуугарч, сурвалжлагч н.Баатарчулуун гэдэг хүн баяр хүргээд "Таныг БНМАУ-ын гавьяат жүжигчин цолоор шагнасан АИХ-ын зарлиг "Үнэн" сонинд нийтлэгдэж байна. Маргааш Төв шуудан дээрээс худалдаж аваарай" гэж хэвлэх үйлдвэрээс утасдаж байсан. Сэтгүүлчид соргог, авхаалжтай улс юм билээ. Маргааш өдөр нь Ю.Цэдэнбал дарга надад гавьяат цол, тэмдэг гардуулсан.
Ц.Дашнамжил гуайтай хийсэн ярилцлага ингээд өндөрлөсөн билээ.
Их жанжин Д. Сүхбаатарын дүрийг дахин давтагдашгүйгээр бүтээж Монголын ард түмэнд үлдээсэн гавьяат жүжигчин Ц.Дашнамжил гуайг эргэн дурсахад ийм бөлгөө.