800 иргэнийг нүүлгэн шилжүүлэв
Засгийн газрын 2011 оны 339,340 дүгээр тогтоолын дагуу жил бүрийн 3 дугаар сарын 29-ний өдөр улс орон даяар гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохио дуугардаг билээ. Үүний дагуу Баянзүрх дүүргийн Онцгой комисс, Онцгой байдлын хэлтсээс нийслэлийн хэмжээнд анх удаа гамшиг ослоос урьдчилан сэргийлэх үүднээс дүүргийн 11 дүгээр хороог нүүлгэн шилжүүлж, болзошгүй аюул ослын үед урьдчилан сэргийлэх арга хэмжээ хэрхэн авах талаар сургалт өдөрлөгийг зохион байгуулав.
Уг өдөрлөгийн арга хэмжээнд ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга Д.Батсайхан, НОБГ-ын дарга Ж.Чүлтэмсүрэн, Баянзүрх дүүргийн Онцгой комиссын дарга бөгөөд Засаг дарга Т.Баясах болон дүүргийн Онцгой комиссын гишүүд, нийслэл, дүүргийн Онцгой байдлын хэлтэс, газрын ажилтан албан хаагчид, төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцлоо.
Дүүргийн 11 дүгээр хорооны нийт 800 иргэнийг 3 цэгээс нүүлгэн шилжүүлсэн бөгөөд эмнэлгийн тусламж үйлчилгээг Цэргийн госпиталийн эмч нар газар дээрээс нь хүргэж, зарим иргэнийг үзлэг шинжилгээнд хамруулсан юм. Мөн гамшгийн үед иргэдийн амьдралын хэвийн үйл ажиллагааг хангах үүднээс нийтийн сургууль, цэцэрлэгийн байр, төрийн үйлчилгээ, хоолны болон нийтийн бие засах газар, ариутгал халдваргүйжүүлэлтийн байруудыг нэг дор бүрдүүлж чадсанаараа онцлог байсан юм.
Түүнчлэн Улаанбаатар хотод анх удаа болсон уг сургалтын үеэр Онцгой байдлын хэлтсийн мэргэжилтнүүд, Улаан загалмайн ажилчид гамшгийн үед иргэдэд анхны тусламж хэрхэн үзүүлэх, аврах цэгээс иргэд ямар үйлчилгээ авах, гамшгийн үед бэртэж, гэмтсэн иргэд эмнэлгийн үйлчилгээнд хэрхэн хамрагдах зэрэг сургалтыг хийж заавар, зөвлөгөөг өгч ажилласан юм хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.