Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байна
Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар хоёр дүүрэгт хүн мал амьтны гоц халдварт өвчин бүртгэгдээд байгаа билээ. Үүнтэй холбогдуулан Баянзүрх дүүргийн Онцгой комисс, Онцгой байдлын хэлтсээс дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй мал эмнэлэгүүдтэй хамтран хүн мал амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгыг хийж эхлээд байна.
Баянзүрх дүүргийн хувьд урьдчилан сэргийлэх арга хэмжээ сайн авсан тул одоогоор шүлхий өвчний тохиолдол бүртгэгдээгүй байгааг албаны эх сурвалж мэдээллээ. Энэ жилийн хувьд дүүргийн нутаг дэвсгэрт байгаа 22 орчим мянган үхэрт урьдчилан сэргийлэх тарилга хийхээр төлөвлөж байгаа юм. Иймд мал бүхий иргэдийг шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгад идэвхтэй оролцож уриаллаа хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.