ПЭЛЖИДИЙН ГЭНДЭН БУЮУ “ЧИНГИСИЙН ГӨЛӨГ”-НҮҮД

ПЭЛЖИДИЙН ГЭНДЭН БУЮУ “ЧИНГИСИЙН ГӨЛӨГ”-НҮҮД

Монгол улсын төрийн шагналт, түүхч, доктор Дэмбэрэлийн Өлзийбаатар.

Гэрэл зургийн тайлбар: БНМАУ-ын ерөнхий сайд Пэлжидийн Гэндэн тэргүүтэй монголын төлөөлөгчид ЗХУ-д хийсэн айлчлалын үеэр. 1934 он. Москва.

1934 оны 11 сарын 24-ний үдэш Москва дахь Монголын бүрэн эрхт төлөөлөгчдийн байранд нэгэн зоог болжээ. Зоогонд Ио́сиф Виссарио́нович Ста́лин (Жугашвили), Климе́нт Ефре́мович Вороши́лов, Вячесла́в Миха́йлович Мо́лотов (жинхэнэ овог нь Скря́бин) тэргүүтэй ЗХУ-ын удирдагчид, Монголын талаас Пэлжидийн Гэндэн тэргүүтэй хүмүүс оролцож. Зоог дээр И. Сталин, П. Гэндэн нар харилцан бие биенийхээ эрүүл мэнд болон улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, хөгжил цэцэглэлтийн төлөө хундага өргөжээ. И.Сталин хундага өргөхдөө "...хэрэв та нар унтах юм бол Япон та нарыг бут цохино. Монголын ван, ноѐд Японыг эсэргүүцэж байна. Гэхдээ энэ эсэргүүцэл нь сул байна. Ван, ноѐдын тийм сул эсэргүүцэл ашиг өгөхгүй. Бид энэ хундагыг эсэргүүцэж чадах, тэмцэж чадах тийм Монголчуудын төлөө хундага өргөе.” гэв. Яг энэ мөчид П.Гэндэн "Ура” хэмээн хашхирчээ. Тэгэхэд нь И.Сталин "Ура” хашхирах амархан, ажил хэрэг дээрээ Монголын тусгаар тогтнолыг хамгаалах хэрэгтэй... энэ хундагыг эрх чөлөөт тусгаар тогтносон Монгол орны төлөө өргөе” гэжээ. Хариуд нь Гэндэн түрүүнд өөрийнх нь төлөө нэгэнт хундага өргөчихсөн учраас И.Сталинг алгасаад В.М.Молотов, К.Е.Ворошилов, Г.Я.Сокольников болон бусад хүмүүсийн төлөө хундага өргөснөө, 100 мянган рублийг тооцооноос хасаж өөрөөр хэлбэл ЗХУ-д төлөх Монголын өрийг устгахыг санаачлагч, угсаа нэгтэн бөгөөд шинэ эргэлтийн бодлогыг үндэслэгч Ж. З. Элиавагийн төлөө хэмээн онцлон хундагатайгаа тогтоожээ. Тэгмэгц И.Сталин инээмсэглэж "Чингис хааны цэргийн жанжин Зэв Гүрж нутгаар өнгөрөхдөө гүрж айлын гэрт буугаад мордсоноос хойш үлдсэн Элиава гэдэг овог бол одоо Элиавдун болжээ. Гэндэн Чингис хаан болохыг хүсэж байна. Тэр Чингисийн гөлөг” хэмээн хэлэв. Энэ хундага өргөлтийн ар дахь далд утгатай үгсийн учрыг тайлбарлах нэг их шаардлагагүй болов уу. Чухам эндээс Гэндэнгийн Сталинтай тэрсэлдэж эхэлсэн тухай бидний
үед хүрч ирсэн домог эхэлдэг юм. Сталиныг ингэж хэлмэгц П.Гэндэн "Гүрж Сталин Оросын хаан болж байхад, Монгол Гэндэн яагаад Монголын хаан болж болдоггүй юм” гэж хэлсэн гэдэг. Харамсалтай нь энэ үг хамт байсан хүмүүсийн дурсамж ярианд л яригддаг болохоос биш, албан ѐсны уулзалтын протоколд үлдсэнгүй. Дараа нь тэд "Чапаев” кино үзжээ. Киноны үеэр И.Сталин, П.Гэндэнд Чапаев нойрноос болж ялагдсан тухай хэлээд өнөөгийн монголын байдал, тусгаар тогтнолтой холбон ярьж монголчууд олсон амжилтдаа тайвширч болохгүй, Хэрэв та нар унтах юм бол Япон мэт хүчирхэг дайсантай хийх тэмцэлд зайлшгүй ялагдана . . . танай арми нэг дивизээс хэтрэхгүй байна. Япончууд нэг морин дивизийг мото механикжсан хэсэг, нисэх онгоцоор дэмжүүлэн илгээхэд Улаанбаатарыг эзлээд авна. Үүн дээр нэмж хэлэхэд танай цэрэг дайн туулаагүй. Танай цэргийн хагас нь Япончуудад сайн дураар бууж өгч магадгүй. Хэдэн хувь нь урвагчид байх бол?!” хэмээн асуужээ. "Хэдэн хувь нь” энд би дахин онцлоѐ. "Хэдэн хувь нь урвагчид байх бол?! Гэндэн урвагчид гарахгүй гэхэд О. Дашчирав маш бага хувь гарна” хэмээн үг алдахад Я. В. Щеко- "Командын бүрэлдэхүүнээс сайн дураараа бууж өгөх хүмүүс бий” хэмээн бас нэг үг алдав. Энэ яриа цаашлаад Монголд үзүүлэх ЗХУ-ын техник, хүн хүчний тусламжийн тухай яриа болон өрнөж эцэстээ "Олон улсын харилцаа харилцан туслалцах гэрээ хэмээх зүйл байдаг. Түүний дагуу гэрээ байгуулсан улсууд гадны довтолгооны үед бие биедээ тусалдаг юм. Тийм баримт ЗСБНХУ ба Францын хооронд байж болох юм. Хэрэв Герман Францад довтолбол ЗХУ Францад туслана. Герман ЗХУ-д довтолбол Франц ЗХУ-д туслана. Хэрэв тусламж хүсэж байвал тодорхой тохиролцох хэрэгтэй. Тэгэхгүй бол хожимдоно” гэсэн И.Сталины үгээр өндөрлөжээ. П.Гэндэн чухам энэ үеэс л өөрийгөө ЗХУ-ын удирдлагын өмнө хувь хүний хувьд хэн болох, монгол улсын удирдагчийн хувьд хэн болохоо улс төрч хүний хувьд ойлгон ухаарч эхэлсэн болов уу гэж хожмын өрнөсөн үйл явдлуудтай уялдуулан дүгнэж үзэхэд өөрийн эрхгүй бодогддог юм. Ганц өдөр хүний үзэл бодол, үйл хөдлөл, ер юм бүхэн 100 хувь өөрчлөгдөхгүй л дээ. Энд би улс төрч хүний оюуны задралыг хэлж байгаа юм. Чухам яг энэ үеэс П.Гэндэнгийн өмнө ЗХУ-ын удирдагчдыг үг дуугүй аялдан дагах уу, үндэсний язгуур эрх ашгаа эрхэм болгож өөрийн үзлээр явах уу гэдэг аль ч үеийн улс төрч, төрийн тэргүүнүүдийн өмнө тавигддаг ацан асуулт тулгарсан юм. Гэндэн 3 дахь замыг олж сонгосон. П.Гэндэн Монголын улс төрийн амьдралд хөл тавьснаасаа хойш яг 10 дахь жилийнхээ нүүрэн дээр И.Сталины багийнхантай энэхүү хүнд хэцүү, алсдаа Монгол улсын хувь заяанд туйлын чухал нөлөө үзүүлэх яриа өрнүүлжээ. Төр улсын төлөө зүтгэхдээ түүнд алдсан ч юм бий, оносон ч юм бий. Цаг үеийн мөн чанарыг таньж мэдэх улс төрийн цараа, хараа дутсанаас Ц. Дамбадорж, Ж.. Цэвээн, Н. Жадамба нартай албан тушаал, эрх мэдлийн дайн хийж, түүнийгээ коминтернд ашиглуулан төр улсдаа тус биш ус хийж, эрх мэдэл, нэр нүүрээ бодож нөлөөгөө алдахгүй бэхжүүлэх санаа өвөрлөн гадны зохион байгуулсан нугалаа завхрал, нууц хуйвалдааны гар хөл болж ижил нөхдөө егүүтгэн явсан бараан намтар түүнд бий. Тэр угаас ам хэл түргэн, үг яриа хурц, омголон цочмог нэгэн байж. Нөгөө талаар олсон боловсрол бага ч хар ухаан сайтай, түргэн гүйлгээ сэтгэдэг удирдан зохион байгуулах байгалийн авьяастай хүн байжээ. Энэ бүх шинж чанарууд нь монголын нам, төрийн томоохон албан тушаалд байх бүхий л үеийнх нь турш сайн муугаар илрэн гарч байлаа. Гэвч тэрээр алдахынхаа хэрээр ухаажсан хүн юм. ЗХУ-ын хэтэрхий өргөн фронтоор хүч түрэн орж ирж буй нөлөө, тулгалтын эсрэг боломжийнхоо хэрээр тэмцэхийг оролдсон ч өдөр ирэх бүр их гүрний шинжийг олж буй хүчирхэг улсын улс төрийн бодлогын өмнө хүчин мөхөсдөв. Хорсон бачимдахдаа мөнөөх цочмог омголон зангаараа дургүйцлээ илэрхийлэн, ЗХУ-ыг "Улаан империализм” хэмээж, Сталинд халамцуухан голдуудаа чанга үг хэлэх болжээ. Түүнийг улс орынхоо бие даасан эрх мэдлийн төлөө бачимдан тэмцэхдээ ийм алхам хийж дээ хэмээн бахархан бодож болох боловч улс төрч хүнийх нь хувьд авч үзвэл туйлын бодлогогүй, болчимгүй алхам байлаа. Нэг талаар өөрийгөө зольж, зориг гаргасан ч нөгөө талаар монголын төрийн удирдлагын зоригийг мохоож, хүчийг сулруулан эвийг эвдэх боломжийг ЗХУ-ын удирдлагуудад олгосон юм. Дуулгаваргүй, өөрийнхөө бодсоноор байх гээд байвал Пэлжидийн Гэндэн шиг болно шүү, тэр ердөө л Чингис овогтой "гөлөг” гэдгийг И.Сталин, П.Гэндэнгийн дараах монголын төрийн удирдлагад сайтар ойлгуулсан юм. Ер нь Гэндэнг монголын төрийн удирдлагаас шахан зайлуулах ажил явуулга Лев Михайлович Караханыг Москвад очсон үеэс эхлэн Кремльд бэлтгэгдэж эхэлсэн бөгөөд тэрээр П.Гэндэнгийн тухай янз бүрийн шугамаар цуглуулсан хэд хэдэн мэдээллийг өвөрлөн очсон юм. Тухайн үед ЗХУ-ын хувьд олон улсын гадаад байдалтай холбогдон Монголд шинэ дэг журам тогтоох, шинэ удирдагч томилох шаардлага гараад байлаа. Шинэ дэг журам нь ЗХУ-ын Улс төрийн бодлогын чиг шугамыг үг дуугүй аялдан дагах, шинэ удирдагч нь түүнийг үг дуугүй хэрэгжүүлэгч байх ѐстой. Энэ нь 1934 оны 10 сарын 21-нээс 12 сарын 02, 1935 оны 12 сарын 30-наас 1936 оны 1 сарын 7-нд монгол, зөвлөлтийн удирдагчдын уулзсан олон удаагийн уулзалт ярилцлагууд дээрх ЗХУ-ын удирдлагын байр сууриар тун тодорхой илрэн гарч байв. Чухам энэ үеэс Зөвлөлтийн сталинч удирдлага Монголын удирдагчдад илт дарамт үзүүлэх болж хоѐр улсын харилцааны улс төрийн хэлбэр төдий тэнцвэрт харилцааг бүрмөсөн устгаж, монгол улсыг өөрийн зөвхөн нөлөөний хүрээний нутаг биш бүр дагуул, бамбай улс болгох алхамд нэг мөр шилжин орсон юм. Энэ бодлогоо хэрэгжүүлэхэд нь Сталинчуудад Монгол улсын Засгийн газрын тэргүүн Гэндэнгийн улс төрийн бие даасан байдал, үзэл бодол, үйл ажиллагаа саад болж, тэдэнд таалагдахгүй хүмүүсийн жагсаалтад эн түрүүнд оров. Гэндэн ямар үйлдлээрээ тэдэнд үл таалагдав. Юуны өмнө Гэндэн монгол улсын тэргүүн, удирдагч гэдгээ эрхэмлэн үзэж ард түмний дунд нэр хүндтэй байдгаа мэдэрдэг, тэр ч үүднээсээ зөвлөлтийн элдэв шахалт тулгалттай санал зөрөлдөн, хэр хэмжээндээ эсэргүүцэж байлаа. Хэдэн жишээ дурдья. Монголд суугаа Зөвлөлтийн Бүрэн эрхт төлөөлөгчөөс Москва руу илгээсэн нэгэн мэдээлэлд П.Гэндэн Зөвлөлтийн дипломатчтай ярилцаж байхдаа "Бид ЗСБНХУ- ыг Зөвлөлтийн өөрийнх нь болон мөн дэлхийн хувьсгалынх нь төлөө биш харин манай үндэсний тусгаар тогтнолыг хэлбэрэлтгүй бэхжүүлэх үүднээс л түшин тулж байгаа юм” гэлээ хэмээн бичсэн байдаг. Зүүний нугалааны дараа буюу шинэ эргэлтийн бодлого эхэлсэн, "Лхүмбийн хэрэг” мандсан, Гэндэн засгийн эрхэнд гарсан үеэс Монголд Зөвлөлтийн нөлөө өсөх үйл явцыг сааруулах оролдлого хийгдэж эхэлсэн нь ажиглагддаг. Энэ нь юуны өмнө монголд ажиллаж буй Зөвлөлтийн мэргэжилтэн сургагч нарыг цөөлөх явдлаар илэрсэн гэж хэлж болно. Зөвлөлтийн сургагч мэргэжилтнүүдийг цомхотгох, ажил дээрээ үлдсэн сургагч мэргэжилтнүүдийг албан тушаалдаа тэнцэх эсэхийг нь шалгах, түүнчлэн мэргэжилтнүүдийн оронд монголчуудыг томилох арга хэмжээг нягтлан шалгах үүрэг бүхий комисс байгуулж түүгээр үл барам удирдлагын дунд болон зарим дээд шатны албан тушаалыг "монголчлох” оролдлого хийв. ЗХУ-аас Монголд суугаа бүрэн эрхт төлөөлөгч С.Е.Чуцкаевч монголд ажиллаж буй сургагч ажилтнуудын бэлтгэл муутай, үл тохирох хүмүүс байгааг олон тооны баримтаар дурдан нотлож, энэ нь монгол дахь ЗХУ-ын бодлогод хор хохирол учруулж байгааг Зөвлөлтийн
удирдлагад анхааруулжээ. 1933 оноос Монценкооп, Монголтрансс, Монгол банк болон Мал тариалангийн яам зэргээс олон тооны сургагч, ажилтнууд эргүүлж татагджээ. (1933 оны эцсийн байдлаар Монголд 4000 гаруй оросын албан хаагч, сургагч нар байжээ.) Мөн энэ үеэс экспорт, импортын худалдааг дан ганц ЗХУ-тай хийж байгааг эргэн харах асуудал ч яригдаж эхэлсэн байна. Энд би П.Гэндэнд холбогдох хоѐр баримтыг сонгон авч түүн дээр үндэслэн 1935-1937 онд П.Гэндэнгийн эргэн тойронд болсон үйл явдлыг өгүүлэхийг оролдьѐ. 1935 онд ЗХУ-аас БНМАУ-д суух бүрэн эрхт элчин сайдаар томилогдсон В.Х.Тайров, (БХК(б)Н-ын ТХ-ны онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн үүргийг хавсарсан) П.Гэндэнг шууд л албан тушаалаас нь зайлуулах улмаар ЗХУ-д аваачиж тэнд нь үлдээх санал шаардлагуудыг тавих болжээ. 1935 оны 10-р сард дээрх саналаа Монголын комисст дахин тавихад, комисс П.Гэндэнг ерөнхий сайдаас зайлуулахыг хүлээн зөвшөөрсөн байна. В.Х.Тайров 1935 оны 9 сард ЗСБНХУ-ын ГХАК-т бичсэн захидалдаа "Гэндэн шууд урвахаар бэлтгэн зөвлөлтийн эсрэг санаа сэтгэлийг өдөөхөд чиглэсэн ухамсартай тооцоолсон бодлого явуулж байна” гэсэн бөгөөд К.Воршиловт бичсэн захидалдаа түүнийг (Гэндэнг) Чан-Кайшитай адилтгасан байна. Харин С.Е.Чуцкаев монголын нөхцөл байдлыг бодитойгоор үнэлж П.Гэндэнгийн байр суурийг сайтар гадарладаг хүний хувьд 1935 оны 10 сарын 28-нд "маш нууц”-ын зэрэглэлтэй дэлгэрэнгүй захидлыг И.Сталинд бичсэн байна. Тэрээр захидалдаа "Тайров ... маргашгүй, бодитой үнэн зөв мэдээ баримт гаргаж ирэхгүй байна. Тэр П.Гэндэнгийн "зөвлөлтийн эсрэг” хэлсэн зүйлийг Монголын бусад ажилтнуудын өөрт нь дамжуулсан яриа хөөрөө, дам сургаар багцаалж байна. Тэгэхдээ тэрхүү ярьж хэлж байгаа хүнийх нь өчүүхэн явцуу ашиг хонжоо харсан шалтгаан болоод дотоод агуулгыг нь шүүн тунгаасангүй... Гэндэн бидэнтэй эцсээ хүртэл явахгүй гэдгийг би үгүйсгэхгүй. Хэрэв япончууд монголд орж ирвэл тэрээр тэдэнтэй нийлнэ гэж хувийн яриандаа хэлж чадахыг, тэр ч бүү хэл ингэнэ гэдгийг үгүйсгэхгүй боловч... Гэндэн бодож тооцоолсон, ухамсартай өдөөн хатгалга явуулж, урван тэрслэхээр бэлтгэж байгаа гэдэгтэй би санал нийлэхгүй...БНМАУ-ын тусгаар тогтнолын үзэл санааг баримталдаг, шинэ эргэлтийн бодлогын туйлын үнэ цэнтэйд итгэлтэй байдаг болон Монголын бие даасан байдалд халдахгүй гэсэн ЗСБНХУ-ын удирдлагын эргэлзээгүй хүслийг хүлээн зөвшөөрдөг хэр нь Гэндэн нь заримдаа ийм итгэл үнэмшилд харшлах санаа бодол илэрхийлэх, тэр ч бүү хэл тийм шийдвэр гаргаж чадах хүн. Иймд түүнтэй тэвчээртэй, нөхөрсөгөөр хандаж ажиллахыг шаардана. Тайров тэгж чадахгүй байна... Гэндэн өөрийгөө үнэлж мэддэг, өөрийгөө ард олны цорын ганц удирдагч гэж үздэг (энэ нь үндэсгүй ч юм биш), ба сохор бүдүүлгээр буюу сайтар бодож тунгаагаагүй шүүмжлэлийг өөрийнх нь эрх мэдэлд шууд халдаж байна гэж үздэгээс бүр илүү ойлгомжтой болж байна. Эрх мэдлээ хамгаалахын тулд тэрээр их хол явах хүн. Гагцхүү ЗСБНХУ-ыг тулж түшсэн нөхцөлд тэрээр БНМАУ-ын эзэн байна гэдгээ эргэлзээгүй ойлгож мэддэг... Тайров, Гэндэнг халах нь ердийн зохион байгуулалтын ажил гэж үзэж байна... Энд Тайровын бас нэг төөрөгдөл харагдаж байна. ... Гэндэн ардуудын амьдралд гүнзгий орсон ба түүнийг авч хаях, ялангуяа хэт яаравчлах нь улс төрийн том хэрэг явдлыг бий болгоно. 1 дүгээрт: - Засгийн газрын даргыг халахад БНМАУ- ын тусгаар тогтнол зөрчигдөхгүй гэж цөөн тооны идэвхтэн төлөөлөгчдийг итгүүлэхэд бэрх, 2 дугаарт: - Энэ үйл явдлыг өргөн олон ардууд чухам юу гэж үзэх, тэр ч бүү хэл лам нар ч энэ үйл явдлыг ЗСБНХУ-ын эсрэг ухуулга хийхдээ ашиглах боломжтой болно... Гэндэнг хэтэрхий яаран улс төрийн хувьд бэлтгэлгүйгээр халах буюу Монголд энэ тухай хэтэрхий их яриа гарах нь эсрэгээр улс төрийн хувьд ялангуяа одоо ихээхэн аюултай гэж би үзэж байна” гэжээ.
Захидлыг И.Сталин хүлээн авсан байна. Дараа нь С.Е. Чуцкаев П.Гэндэнг ЗХУ-д Дэмидийн
хамт ирэхэд нь буюу 1935 оны 12 сарын 12-ны 17 цагт "Националь” зочид буудалд ганцаарчлан
уулзжээ. Уулзалт дээр С.Е.Чуцкаев П.Гэндэнд ерөнхийдөө аядуу байхыг, засгийн ажлаа орхиод
намын ажилд шилжин ажиллавал зүгээр гэдгийг битүүгээр хэлжээ. Гэндэн түүнийг бүрэн
ойлгосон эсэх нь бүү мэд. Гэндэнтэй уулзсаны дараа С.Е.Чуцкаев Г.Дэмидийг уулзах шаардлагатай байна гэж хэд хэд хүссэнийх нь дагуу 1935 оны 12 сарын 20-ны орой гэртээ уулзжээ. Уулзалтын үед голчлон Г.Дэмид ярьжээ. С.Е.Чуцкаев өөрөө товчхон ярьж асуулт тавьж байсан бөгөөд Г.Дэмидийн ярианы гол сэдэв нь П.Гэндэнг буруутган муушаахад чиглэжээ. Ер нь Г.Дэмид 1934 оноос зөвлөлтийн удирдах болон төлөөний хүмүүст МАХН-ын ТХ-ны тэргүүлэгчдийн үзэл бодлын болон үйл ажиллагааны талаар их ярих болсон бөгөөд ярихдаа ТХ-ны 11 тэргүүлэгчийг гурвал (тройка), наймуул (восмерка) гэж 2 хуваан тройкад Гэндэн, Мэнд, Намсрайг оруулж восмеркад нь өөрийгөө болон Б.Элдэв-Очир, Д.Лувсаншарав, Х.Чойбалсан, А.Амар, Д.Яндаг, О.Дашчирав, Х.Лувсандорж нарыг нэрлэж восмерка дотор бас нааш цааш явдалтай хүмүүс бий гэдгийг ч хэлдэг байжээ. Одоо Г.Дэмидийн, С.Е.Чуцкаевт хандан ярьсан ярианаас товчхон та бүхэнд толилуулъя. "Халхын сүмийн мөргөлдөөн, Япон-Манжуурын түрэмгий санаархлын дараа Япончууд гүнзгий давшсан үед яах вэ? гэсэн яриа удирдагчдын дунд үүссэн. Тэгэхэд Гэндэн өвчтэй хүний нь хувьд Элдэв-Очирыг ЗХУ-руу дүрвүүлэхийг санал болгож, ТХ-ны бусад тэргүүлэгчид ч мөн адил Холбоот Улсад явах болно гэсэн санал гаргаад өөрийн тухайд Монголоос хаашаа ч явахгүй, харин ч үлдэж япончуудтай ажиллах болно гэсэн. Энэ нь найман гишүүний (восмерка) зэвүүг хүргэж тэднийг Гэндэнгийн эсрэг сонор сэрэмжтэй байх болгосон... Манжуур станц руу Японтой хэлэлцээ хийх төлөөлөгчдийг явуулахдаа зөөлөндүү байхыг Самбууд зөвлөж, ямар нэгэн маргаан ЗХУ болон Япончуудын хоорондын харилцаагаар шийдэгдэх асуудал гарсан үед манжуурынхтай дайсагналцах явдлыг өдөөн турхирах нь монголчуудын хувьд утгагүй гэсэн, ... Улаанбаатарт өөрийн төлөөлөгчдийн газраа байгуулах гэсэн япончуудын шаардлагад буулт хийхийг санал болгосон... Гэндэн нэг хязгаараас нөгөө рүү тасралтгүй тэвдэн цовхчиж байгаа нь удирдлагын олонхийн өмнө "энэ чинь юун хүн бэ” хэмээн харагдаж тэрээр ажил удирдаж чадахгүй нь бүгдэд маш тодорхой боллоо гэхэд нь С.Е.Чуцкаев: -Гэндэн бүх талаар гуйвж байгаа боловч ардуудын дунд ихээхэн нэр хүндтэйг нь харгалзвал өөрийгөө тойруулан удирдлагыг нэгтгэх чадвартай цорын ганц хүн гэж үзэж байна гэхэд Дэмид – татгалзаж байгаагаа илэрхийлээд түүнээс доргүй нэр хүндтэй хүн бол Чойбалсан, түүний тойронд удирдлага гарцаагүй нэгдэж болох юм гээд үүнээс үндэслэн ТХ-ны олонхи болсон бид одоо үед зохион байгуулалтын асуудал тавих хэрэгтэй юм гээд энэ бол найман нөхдийн нэгдсэн санал, тэд танд болон Элиава мөн зөвлөлтийн бусад нөхдөд уламжлахыг хүссэн юм гэхэд нь Чуцкаев –Амар мөн ийм саналтай байна уу? хэмээн асуухад нь Дэмид – Амар энэ асуудлаар шууд юм хэлээгүй боловч тэрээр Гэндэнг монголын ард түмний хувь заяаны тухай боддоггүй, сэтгэл зовнидоггүй, харин гагцхүү өөрийн хувийн сонирхлоор амьдарч буй хүн гэж тодорхойлсон ... гэхэд нь Чуцкаев - ... Үдийн зоог дээр зөвлөлтийн нөхдүүд намайг ЗХУ-аас урвасан гэж сэжиглэж байгааг би мэдэж байна хэмээн Гэндэн мэдэгдсэнийг юу гэж бодож байна гэж Дэмидээс асуухад – Гэндэн асуудлыг халамцуугаар хатуухан тавихын тулд үдийн зоог дээр ахиухан ууна гэж надад ярьсан гээд ... бүр Улаанбаатараас явахын өмнө Гэндэн намайг ЗХУ-д удаан хугацаагаар саатуулах төлөвтэй тул надтай адилхан эхнэр хүүгээ авч явахыг зөвлөсөн, мөн Дэмид Лхүмбийн хэргийг том, зөв хэрэг гэж үздэгээ хэлж харин энэ хэрэгт Гэндэн Намсрай нар холбогдолгүй олон хүмүүсийг хутгалдуулсан гэжээ. ДХГ Гэндэнгийн бүрэн мэдэлд байдаг тэрээр Намсрайгаар хүссэнээ хийлгэдэг хэмээн ярьжээ. Эцэст нь лам нарын асуудлаар их л олон зүйл хэлж, Гэндэн лам нартай тэмцэл явуулахыг хүсэхгүй байна”гэжээ. Тэрээр энэ ярианы тэмдэглэлийг Б.С.Стомоняковт маргааш нь хүргүүлсэн бөгөөд түүний ярилцлагыг дүгнэсэн дүгнэлт нь туйлын сонин байдаг. Тэрээр "... Энэ яриа Улаанбаатарын захидалтай харьцуулахад шинэ зүйл алга. Зохион байгуулалтын дүгнэлт хийж буй нь сонин юм. Харин энэ яриа Улаанбаатарын захидлын мэдээллийн эх үүсвэрийг, мэдээлэгч болон түүний зохиогчдыг, зарим харилцан үйлчлэлийг илрүүлж байна. Хоѐрдугаарт ямар ч наймуул, гурвал тэргүүлэгчдийн дунд байхгүй нь илэрхий харагдаж байгаа нь чухал. Амар, Дэмидийн бүлэгтэй эв санааны нэгдэлгүй бололтой. Долоогийнхонд бүрэн тохиролцоо алга. Дэмидийн ярьсан энэ бүх зүйл Дэмид, Элдэв-Очир, Лувсаншарав нарын ярианы бүтээгдэхүүн мөн” гэжээ. Сталин энд яригдсан бүх зүйлийг Гэндэнд тулган асууж хариуд нь –Гэндэн, миний тухай хэн ингэж ярьдаг байнаа гээд гайхаад байдгийн, 1936 оны 3-р сард Гэндэнг нам, төрийн бүх албан тушаалаас нь зайлуулж ЗХУ-д цөлсний учир энд л байгаа болов уу? Эндээс бид хэд хэдэн гаргалгаа хийж болно.
1. П.Гэндэн ерөнхий сайд болмогцоо бие даасан, үндэсний онцлогоо харгалзсан бодлого явуулж эхэлжээ. Үүнд нь зүүний нугалаа, 1932 оны ардын зэвсэгт бослого түүний улмаас авч хэрэгжүүлж эхэлсэн шинэ эргэлтийн бодлого болон тухайн үеийн дотоод улс төр, эдийн засгийн байдал нөлөөлсөн байна. 2. Монголын нам, төрийн удирдлага дотор зөвлөлтийн удирдлагад таалагдах, өөрсдийн байр суурийг бэхжүүлэх явцуу эрх ашгийг урьдал болгосон хуваагдал үүссэн байна. Энэ нь Зөвлөлтийн удирдлагад монголын удирдагчдын үзэл бодол, үйл ажиллагаа, зан чанарын талаар чөлөөтэй мэдээлэл олж авах үүд хаалгыг нээж улмаар дуртай зүгтээ чиглүүлэн удирдаж байх боломжийг олгожээ. 3. Зөвлөлтийн удирдлага өөрийн бүрэн эрхт төлөөлөгч, сургагч, зөвлөхүүдээр дамжуулан монголын улс төр, аж ахуйн үйл ажиллагааны шийдвэр гаргах эрх мэдлийг 1929 оноос үндсэндээ гартаа авч эхлээд байсан бөгөөд энэ нь Гэндэнгийн засаглалын үед хумигдаж эхэлсэн нь Зөвлөлтийн удирдлагын зүгээс П.Гэндэнд сөрөг хандах уур амьсгалыг бүрдүүлсэн. 4. Монголын гадаад улс төрийн нөхцөл байдал огцом өөрчлөгдөж монголын Дорнод хилтэй шууд залгаа Японы ивээл дорхи Манж Го хэмээх тоглоомын улс байгуулагдсан ба ЗХУ энэ үед Манжуураас бүрэн шахагдаж стратегийн онцгой ач холбогдолтой бүсийн хувьд Алс дорнодод зөвхөн БНМАУ-тай л үлдээд байв. Түүнчлэн японы нөлөө Манжуур төдийгүй Өвөрмонголд хүчтэй болж Баргын автономит мужийг Манж Го улсын бүрэлдэхүүнд байгуулав. Ийм нөхцөлд 1935 оны 5-р сард Манжуур өртөөнд БНМАУ, Манж Го-гийн хооронд эхэлсэн хэлэлцээрийн үед П.Гэндэнгийн баримталсан байр суурь зөвлөлтийн удирдлагад огт таалагдсангүй. 5. Монголын дотоод, гадаад улс төрийн нөхцөл байдалтай уялдан лам нарын асуудлыг шийдвэрлэх, цэрэг батлан хамгаалахын хүч чадлыг бэхжүүлэх, зөвлөлтийн цэргийг монголын нутаг дэвсгэр дээр байршуулах зэрэг асуудлаар П.Гэндэн, А.Амар нарын болгоомжлон цэнэсэн байр суурь зөвлөлтийн удирдлагын монголд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн улс төр, үзэл суртал, цэрэг стратегийн бодлого үйл ажиллагаатай зөрчилдөж улмаар тэднийг албан тушаалаас нь зайлуулах, алж устгах хүртэл арга хэмжээ авахад хүргэсэн байна. П.Гэндэнг 1936 оны 3 сарын 22-нд Монголын нам, төрийн удирдлагаас зайлуулсныг бид мэднэ. Зөвлөлтийн удирдлага П.Гэндэнг зайлуулахдаа В.Х.Тайровын саналыг хүлээн авч харин С.Е.Чуцкаевын сануулга, зөвлөгөөг хэрэгссэнгүй. И.Сталин 1936 оны 3 сарын 19-нд БХК(б)Н-ын ТХ-ны Улс төрийн товчооны 38 дугаар хурлаас гарсан шийдвэрийг В.Х.Тайровт явуулжээ. Уг цахилгаанд "...-Гэндэнг огцруулах, түүний хүсэлтээр өвчний учир авч хаясан болон түүний алдааны тухай мэдээ хэвлүүлэхгүй байхыг Монголын удирдлагад зөвлөх, ийм зүйл нийтлүүлэх нь ... Гэндэнгээр төлөөлүүлсэн ноцтой урсгал Монголд байсан, Гэндэнг Москвад байхад БНМАУ ба ЗХУ-ын засгийн газар хооронд улс төрийн ямар нэг санал зөрөлдөөн илэрсэн мэт хувилбар зохиох бололцоо Япончуудад олгоно гэдгийг сануулах ... Гэндэнг Төв хорооноос гаргасан тухай дүгнэлтийг түүний алдааг тайлбарлахгүйгээр хийх боломжгүй юм. Түүнээс гадна П.Гэндэнг ТХ-ноос гаргасан тухай дүгнэлт болон түүний алдааг хэвлэн нийтлүүлэх нь түүнийг Москвад бүрэн эрхт төлөөлөгчөөр томилох боломжгүй болно. Иймд Гэндэнг Москвад томилох учир ТХ-ны тэргүүлэгчид үлдээхийг ТХ-нд зөвлөгтүн” гэжээ.
Эндээс харахад П.Гэндэнг төрийн удирдлагаас зайлуулж, ТХ-ны тэргүүлэгч хэвээр нь үлдээн ЗХУ-д БНМАУ-аас суух бүрэн эрхт төлөөлөгчөөр томилохоор төлөвлөж байсан бололтой. (Д.Намсрайг Тувад бүрэн эрхт төлөөлөгчөөр томилсон билээ) Гэвч үйл явдлын цаашдын өрнөл өөрөөр эргэж П.Гэндэнг МАХН-ын ТХ-ны дарга агсан Ц.Дамбадоржийг дайрсан улс төрийн дайрлага яг ижил нөхцөлтэйгээр дайрлаа. Ц.Дамбадорж эмнэлэгт учир битүүлгээр нас барсан бол П.Гэндэн, өөрийнх нь мэдэж зөгнөж байснаар ЗХУ-д удаан хугацааны амралт эмчилгээнд гэр бүлийнх нь хамт явуулж улмаар 1937 оны 7 сарын 17-ны өдөр Сочи дахь "Кавказская” зочид буудалд байхад нь ЗХУ-ын ДХАК-ын Азов- Хар тэнгисийн хязгаарын удирдах газрын ажилтан Кабаев нар очин баривчилсан юм. П.Гэндэнд "1932 оноос японы тагнуул болж, түүний даалгавраар ЗХУ-аас улс төр, эдийн засгийн харилцааг таслан японы хараат феодалын улс байгуулах зорилго бүхий алан хядагч бослогын өргөн хүрээтэй байгууллагыг БНМАУ-д байгуулж тагнуулын үйл ажиллагаа явуулж байсан" гэсэн ял тулган хатуу харгисаар байцаажээ. Байцаалтын дүнд П.Гэндэн "-Би 1932 оноос эхлэн японы тагнуулын газраас байгуулсан хувьсгалын эсэргүү байгууллагын гишүүн Лхүмбэд элсэгдэн орсон. 1932 оны 11-р сард Лхүмбэ, Өлзий-Очир бид гурав Их Монголын хувьсгалын эсэргүү байгууллагыг байгуулж тангарагт гарын үсэг зурсан. Лхүмбэ нь Дэмидтэй ярилцан тохирч Гиваапилийг элсүүлсэн. Би Мэнд, Намсрай нарыг элсүүлж Лхүмбэд шилжүүлсэн. Лхүмбэ энэ байгууллагад бүгд 2000 хүн оролцож байгаа гэсэн” мэдүүлэг өгөөд гол төлөв томоохон албан тушаалын 35 хүнийг нэрлэжээ. П.Гэндэнгийн энэ мэдүүлэг нь 25 хуудас бөгөөд 1937 оны 8 сарын 30-нд өгсөн гэжээ. Мэдээж түүнээс ийм л үг авах гэсэн. "Лхүмбийн хэрэг” гэгчийн үлдэгдэл 2000 хүн үлдсэн гэдгийг П.Гэндэнгээр хэлүүллээ. Ийнхүү Монголд улс төрийн их хядлага эхэллээ. Сталинчууд 2000 бүү хэл түүнээс 10, 20 дахин их "хувьсгалын эсэргүү, японы тагнуулуудыг” монголчууд дундаас олж илрүүлэн нөгөө ертөнц рүү илгээсэн юм. Тэд нар ч бас "Чингисийн гөлөгүүд" байлаа. Ийнхүү Монгол улсын ерөнхий сайд Пэлжидийн Гэндэнг удаан хугацаагаар тамлан зовоож байж эсэргүү байсан гэсэн хилс хэргийг тулган хүлээлгээд зогссонгүй, түүгээр энэ худал мэдүүлгийг гаргуулан авч Монголын төр, нийгэм, цэрэг армийн олон шилдэг зүтгэлтнүүдийг баривчилж, хэлмэгдүүлэх ажиллагаа эхэлжээ.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen