"Монголыг монголоор нь" буюу Лхүмбийн гэх хэрэг

"Монголыг монголоор нь" буюу Лхүмбийн гэх хэрэг

 

Лхүмбийн гэх хэргийг Хэнтий аймгийн Онон-Дадал хошууны Дотоодыг хамгаалахын төлөөлөгч Данзангэгчийн хувийн өс хонзонтой үйлдэл мэдээллийг ашиглан үүсгэсэн тухай илтгэгч гаргаж тавилаа.

Лхүмбийн хэргийг зохиосон нь

1930 оны эхэн үе гэхэд Япон Манжуурыг бүрэн эзэлж, БНМАУ, ЗХУ-тай шууд хиллэх болсноор гурав дахь улстай хил залгах болжээ. Японы тагнуулын байгууллага Манжуурт суурьшсан орос, буриад иргэдийг ЗХУ-ын эсрэг тагнан турших, хорлон сүйтгэх ажиллагаанд өргөнөөр ашиглах болж, үүгээр шалтаглан 1932 оны хавраас эхлэн Зөвлөлтөөс Монголд дагаар орсон буриад нарыг "гэсгээх” И.В.Сталин, түүнийг тойрон хүрээлэгчдийн бодлого хэрэгжих үүд хаалга нээгдсэн байна. 

 

Эл бодлогын эхлэл болгож, ЗХУ-ын Дотоодыг Хамгаалах Ардын Комиссариатын газраас "Цепочкин” нэрээр 1933 оны хавар урьдчилан боловсруулсан "Лхүмбийн толгойлсон япон тагнуулын байгууллага” гэгчийг зохиомлоор бий болгожээ. 

Нэгэн баримтыг сөхөхөд, 1936-1937 онд Зөвлөлтөөс Монгол улсад элчин сайдын яамны зөвлөх байсан А.С.Скрипко мэдүүлэхдээ, "Монголд гэм зэмгүй олон хүнийг хууль бус аргаар мөрдөн байцааж, эрүүгийн гэмт хэргийг зохиомлоор буй болгох ажлыг монголын ДЯЯ-нд ажиллаж байсан ЗХУ-ын Дотоод хэргийн Ардын Комиссариатын газрын зөвлөх, сургагч мэргэжилтнүүд удирдан энэ ажлыг монголын ДЯЯ-ны ажилтнуудын гараар үйлдүүлж, төр засгийн гол удирдлага Лувсаншарав, Амар, Чойбалсан нараар зөвшөөрүүлэн хийлгэсэн юм гэснээс хэлмэгдүүлэлт явагдсан бодит дүр зургийг харж болох ажээ.

"Лхүмбийн хэрэг” гэгч нь өнгөн дээрээ япон тагнуулын хэрэг гэх сэтгэгдлийг нийтэд төрүүлэхийг оролдож байсан боловч цаад агуулга нь монгол үндэстнийг нэгдэн нийлэхийн эсрэг их гүрний зүгээс явуулж байсан бодлого байсныг эрдэмтэн судлаачид хэлж байна.

Тухайн үед А.Амар, Г.Дэмид, Ж.Лхүмбэ нарын удирдагчид монгол үндэстнээ нэгтгэх, Манж-Го улстай дипломат харилцаа, Япон улстай хэвийн худалдааны харилцаа тогтоох, хилийн будлианыг хэлэлцээрийн замаар зохицуулах, И.В.Сталин зэрэг зөвлөлтийн удирдагчид хэрхэн хандахыг судлах, эдийн засгийн хувьд өр зээлгүй болох зэрэг бодлого баримталж байв. Энэ нь их гүрний удирдагчдын таалалд үл нийцэн эдгээр удирдагчдыг устган хэлмэгдүүлэх гол шалтгаан болжээ.

Лхүмбийн гэх хэргийг Хэнтий аймгийн Онон-Дадал хошууны Дотоодыг хамгаалахын төлөөлөгч Данзангэгчийн хувийн өс хонзонтой үйлдэл мэдээллийг ашиглан үүсгэсэн тухай илтгэгч гаргаж тавилаа. Данзан нь Дадал сумын хоршооны эрхлэгч Р.Цэвэгжав зэрэг олон хүнийг "Монголоос оргон зайлж, японы талд урвасан Ш.Дамдин гэгчтэй харилцаж, тагнуулын үйл ажиллагаа явуулж байна” гэж Хэнтий аймгийн Дотоодыг хамгаалах ангийн дарга Л.Рэнцэнд мэдээлснийг нягтлан шалгаж, баримтжуулалгүйгээр Дотоодыг хамгаалах газрын дарга Д.Намсрай, М.Ф.Чибисов нарт танилцуулж,урьдчилан төлөвлөсөн "Лхүмбийн толгойлсон япон тагнуулын байгууллага” хэмээх зохиомол хэрэг бүрдэх нөхцөл бүрэлджээ.

Р.Цэвэгжавын бүлэг хэмээн баривчлагдсан 174 хүний дотроос С.Эрэнцэн, М.Цэвээн нарын мэдүүлгээр "Лхүмбэ нь тус байгууллагын удирдагч мөн” гэсэн мэдүүлгийг гаргуулж авсан байна. С.Эрэнцэнгээс, "Лхүмбийг урьд нь огт харж байгаагүй. Худал нүүрэлдэж байсан” хэмээн 1961 онд өөрийн гаргасан тодорхойлолтондоо мэдүүлсэн байдаг. Эдгээр 174 хүний 151 нь буриад байсан нь Зөвлөлтийн зүгээс буриад нарыг "гэсгээх” бодлогын нэгэн баримт ажээ.

Жамбын Лхүмбэ нь Дорнод, Хэнтийд нүүн ирж суурьшсан ядуу буриад иргэдийг төвд шилжүүлэх, ажил эрхлүүлэх зорилгоор "Буриадын хурал”-тай гэрээ байгуулсан нь түүнийг "эсэргүү хэрэг”-т холбогдуулах бас нэгэн шалтаг нь болсон байна. 

ЗХУ-ын бүрэн эрхт төлөөлөгч А.Я.Охтины зөвлөснөөр Дотоодыг хамгаалах газрын нэрийн өмнөөс МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга, Монголын үйлдвэрчний эвлэлийн Төв зөвлөлийн дарга Ж.Лхүмбийг баривчлахыг тус газрын дарга Д.Намсрайд зааварлан, МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга Б.Элдэв-Очир, Ерөнхий сайд П.Гэндэн нараас зөвшөөрөл авч баривчилжээ.


"Лхүмбийн” хэмээх хэргийг 3 групп болгон таслан шийтгэсэн ба гэрч үлдээхгүй

 

Хэнтийн групп хэмээх Р.Цэвэгжав тэргүүтэй 174 хүний хэргийг 1933 оны 11 дүгээр сарын 3-нд Дотоодыг хамгаалах газрын дарга Намсрай тэргүүтэй тусгай комисс нууцаар тасалж, 30 хүнийг ялын дээд хэмжээ, бусдыг нь 5-10 жил хорихоор зааж, 86 хүнийг гадаадад цөлсөн байна.

Төвийн групп буюу Ж.Лхүмбэ толгойтой 33 хүний хэргийг 1934 оны 6 дугаар сарын 25-нд мөн Намсрай тэргүүтэй тусгай комисс нууцаар тасалж, 12 хүнийг буудан алахаар тасалсны 7-г нь Улсын Бага Хурал өршөөж, 5 хүнийг ялын дээд хэмжээгээр шийтгэжээ.

 Дорнодын группт 78 буриадыг оролцуулсан ажилчин, албан хаагч, энгийн ард бүгд 110 хүнийг хамруулж, 1933 оны 11 дүгээр сард тусгай комисс нууцаар тасалж, 18 хүнийг ялын дээд хэмжээгээр шийтгэжээ.

Хэлмэгдүүлэлтийг гардан гүйцэтгэсэн Дотоодыг хамгаалах газар/До яам/ түүний "ногоон малгайтнууд” дотроос уг хэргийн зохиомол болохыг илчилсэн, эсэргүүцсэн ажилтнууд "Японы тагнуулын хамсаатан” нэрийг зүүх болж, бас олноор хэлмэгдсэн байдаг. Мөн ДХГ-ын орлогч дарга С.Гиваапил зэрэг хүмүүс орос сургагч нарын хууль бус ажиллагааг эсэргүүцсэнийхээ төлөө ажлаасаа халагдан ЗХУ-д цөлөгджээ.

Судалгаанаас үзэхэд 1930-1940 онд ДХГ-ын дарга, ДЯЯ-ны сайд нарын 83,3%, орлогч сайд, орлогч дарга нар 100%, ДЯЯ-ны газрын дарга нарын 75%, хэлтсийн дарга нар 100%, тасгийн дарга нарын 91,6%, гүйцэтгэх ажилтнуудын 40%, төвийн бүх аппаратын ажилтнуудын 80,3% нь баривчлагдан шийтгэгджээ.

Уг хэргийг хууль бус аргаар мөрдөн байцааж, шүүн тасалж буйг эсэргүүцэн ДХГ-ын орлогч дарга байсан Гиваапилээс Намын Төв Хороонд 1935 оны 2 дугаар сарын 25-нд бичсэн өргөдөлдөө: "Ялтныг байцаахдаа зовоох, айлгаж сүрдүүлэх, нойр хоолгүй суулгах зэргийн хэдэн арван зүйлийн арга хэрэглэж байсан ба хэрэв Хэнтийд нэг ялтныг 72 цаг амралтгүй суулган зовоож байсан бол Улаанбаатарт 7 өдөр шөнийн 168 цаг буюу түүнээс дээш хугацаагаар амралтгүй суулган байцааж байсан. Хэрэгтнүүд айн бачимдахдаа амь завсарлахыг бодож худал ташаа зүйлийг мэдүүлдэг байсан. Асуусан бүгдийг ам дагуулан "мөн”, "тийм” гэх мэтээр зөвшөөрч өөрийгөө гүтгэдэг байсан” гэжээ.

 

 1932-1936 онд ДХГ-ын дарга байсан Д.Намсрай хожим Тува улсад элчин сайдаар сууж байх үедээ ЗХУ-ын аюулаас хамгаалах байгууллагын дарга Г.Г.Ягодад 1936 оны 6 дугаар сарын 20-нд бичсэн захидалдаа, "Таны их газрын хүндэт ажилчны үүрэг нэрийг хадгалан таны өмнө хүлээсэн чухал хүнд тусгай үүрэг тангаргаа хэрэг дээр биелүүлж яваад Ж.Лхүмбэ нарын гэмгүй хүмүүсийг санаатайгаар харгис эрүү шүүлтээр хавчиж, хилс хэрэг хүлээлгэсэн” хэмээсэн байна.

 "Лхүмбийн хэрэг”-ийн явцад уг хэрэг үнэн бодитой эсэхэд Ерөнхий сайд А.Амар, Улсын бага хурлын дарга Д.Догсом, Ерөнхий сайдын 1 дүгээр орлогч бөгөөд Бүх Цэргийн жанжин Г.Дэмид нар эргэлзэн эсэргүүцэж, уг хэрэгт ял эдэлж, хилсээр шийтгэгдэн хоригдож байсан хүмүүсийг Ардын хувьсгалын 15 жилийн ойг тохиолдуулан өршөөлөөр сулласныг 1936 оны 8 дугаар сарын 1-нд Намын Төв Хорооны Тэргүүлэгчдийн хурлаас тогтоол гарган буруушааж, Д.Догсом, А.Амар нарыг зэмлэснээр хууль зүйг сахиулах гэсэн оролдлого эхлэл үедээ таслагджээ. 


Монголыг монголоор нь буюу зөвлөлт оросын хорон санаа биелсэн нь

 

Буриад олныг хэлмэгдүүлснийг хэлбэр талаас нь үзвэл Дотоодыг хамгаалахын газар болон хууль хяналтын байгууллагын ажлын алдаа мэт боловч угтаа ЗХУ-ын Дотоод хэргийн ардын комиссариатын газраас өөрийн бие төлөөлөгч сургагч, зөвлөх, элчин төлөөлөгчдөөр дамжуулж, МАХН-ын Төв Хороо, Улсын Бага Хурал, Ардын Сайд нарын Зөвлөлд нөлөөлөх замаар нэгд, буриадуудад цохилт өгөх, хоёрт БНМАУ-ын нутаг дэвсгэрийг нийтэд нь хамарсан японы тагнуулын байгууллага байгаа, гуравт уг байгууллагыг нам, төрийн эрх баригчдаас удирдаж байсан, дөрөвт японы тагнуулын байгууллагын баруун хязгаарын хэсэг Шинжаантай, Дорнод хэсэг Баргатай, өмнөд буюу төвийн хэсэг Өвөрмонгол дахь эсэргүү нартай холбоотой мэтээр харуулах далд зорилгоо хэрэгжүүлсэн ажиллагаа болжээ. Энэ нь үнэн хэрэгтээ 1937 оноос эхэлсэн "нийтийн дайчилгаа” хэмээх их хэлмэгдүүлэлтэд нийгмийн сэтгэлзүйг бэлдэх бэлтгэл ажил нь байсан байна.  

Тухайн үеийн нийгмийн аль сэхээрсэн, боловсорсон угсаа гарал бүхий ноёд, тайж, хутагт, лам, сэхээтэн нарыг сорчлон устгаж, их гүрний зүгээс цагаан цаасан дээр юу хүссэнээ бичиж болдгийн тод жишээг бодит байдал дээр харуулсан тухай өдгөө  өгүүлж байна.

 "Хэнтийн бүлэг”-ийн хэрэгт холбогдогсон 174 хүний ялын төлөвлөгөөнд "засаг төрийг устгахаар зэвсэгт бослого гаргаж, Дорнодын Баянтүмэнд түр засгийн газрыг байгуулах зорилготой байсан” гэж тэмдэглэжээ.

"Дорнодын групп”-ын хэрэгт холбогдогсдыг шийтгэх ялын төлөвлөгөөнд "Монгол улсын хувьсгалт ардын засгийг устгаж, хуучны засаг төрийг байгуулах, тус улсыг японы эзэрхэг түрэмгий нарын колони болгохын тулд Дорнод аймагт хувьсгалын эсэргүү бослогыг гаргаж, тэрхүү хувьсгалын эсэргүү бослогыг Хэнтийн бослоготой хавсран Баянтүмэнд түр засгийг байгуулах явдал мөн” гэж дурджээ.

 Мөн төвийн бүлэг гэх 33 хүний хэргийг таслан шийтгэсэн ялын тогтоолд "Японы цэргийн ерөнхий штабтай харилцаж, эсэргүү тагнуулын ажлыг хийх ерөнхий төлөвлөгөө үйлдсэн, японы штабын тагнуулын байгууллагад тус улсын онц чухал бөгөөд тагнуулын чанартай мэдээ материалуудыг бэлтгэн өгч байсан,цэргийн дунд эсэргүү ажлыг явуулж байгчдын нэгэн толгой этгээд, өөрийн тэр үед удирдаж байсан штабын дайчилгааны ба хоёрдугаар газрын цэргийн элдэв чухал бичиг төлөвлөгөө зүйлийг японы төлөөлөгчид өгсөн,Дорнод аймагт зэвсэгт бослого гаргах бэлтгэл ажлыг удирдаж байсан” гэх зэргээр уг хэрэгт холбогдсон цэргийн алба хаагчдыг буруутгасан байна.


Лхүмбэ гэж хэн бэ?

 

Монгол улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссоос Өвөрхангай аймагт Лхүмбийн мэндэлсний 110 жилийн ойд зориулан эрдэм шинжилгээний бага хурал хийжээ.

Жамбын Лхүмбэ 1902 онд Халхын Сайн ноён хан аймгийн Сайн ноёны хошуу одоогийн Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын нутагт Хан хөгшин уулын Тээл гэдэг газар 11 хүүхэдтэй малчин ард Жамбынд хүмүүн заяаг олж мэндэлжээ. Эгэл борог амьдрал дунд өссөн Лхүмбэ Ханхөгшиний хүрээнд шавилан сууж байгаад мал маллах жин тээх зэргээр амьдрал ахуйгаа залгуулж, улмаар сурч боловсрохын чухлыг ухаарч гэрээр монгол бичиг заалган сурч нэг хэсэг жасын бичээчийн ажил хийж, 1924 онд нийслэл хүрээнд иржээ. Энд гэрийн багш Жамсрангаар бичиг эрдэм заалгахын сацуу мал маллагааны газар, тахал эсэргүүцэх станцад ажил хийж, 1927 онд мал эмнэлгийн газрын дэргэдэх МАХН-ын 152-р үүрт намын гишүүнээр элсч, улмаар 1928 онд Намын төв сургууль төгсчээ. Дотоодыг хамгаалах газарт төлөөлөгчөөр ажиллаж байгаад 1929-30 онд ЗХУ-ын Москва хотын КУТВ-ын сургуульд суралцсан байна. 1930 оноос Улаанбаатар хотын барилгын хоршооны дарга, МҮЭ-ийн даргаар ажиллаж, 1930 оны эхээр хуралдсан МАХН-ын 8-р их хурлаас Ж.Лхүмбийг МАХН-ын Төв Хорооны тэргүүлэгчээр, 1932 оны 6-р сард хуралдсан Намын Төв Хороо, НХБТК-ын хамтарсан онц 3-р бүгд хурлаас МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн даргаар сонгогджээ.

Уг онц бүгд хурал нь тухайн үеийн монгол орны улс төрийн бодлогын алдаа оноог дэнслэн үзэж, түүхэнд "Шинэ эргэлтийн бодлого” гэж алдаршсан шийдвэрийг гаргасан билээ. Уг бодлогыг хэрэгжүүлэхийн тулд зохион байгуулалтын асуудал хэлэлцэн шийдэж, НТХ-ны тэргүүлэгчээр Б.Элдэв-Очир, Ж.Лхүмбэ, Д.Лувсаншарав, П.Гэндэн, Х.Чойбалсан, Г.Дэмид нарын 11 хүнийг сонгож, НТХ-ны нарийн бичгийн даргаар Б.Элдэв-Очир, Ж.Лхүмбэ, Д.Лувсаншарав нарыг дэвшүүлэн баталсан байна.

Энэ үед Монгол орныг социалист туршилтын талбар болгосон нь олон нийтийн дургүйцлийг төрүүлж, төр засагт итгэлийг хөсөрдүүлсэн учир хил орчмын хэд хэдэн аймгийн айл өрх хэдэн мянгаараа хил даван оргож, эх орноосоо дайжин гарч байв. Судалгаагаар 11700 өрхийн 47 мянган хүн дүрвэсэн байна. Тухайн үеийн монголын удирдлага, түүний дотор Ж.Лхүмбэд хүн ардаа хилийн чинад алдана гэдэг тэвчиж болшгүй явдал байв. Нөхцөл байдал ийн хурцадсан учир монголын төр гаргасан алдаа завхралыг засах олон арга хэмжээ авч, Ж.Лхүмбэ харь улсын хилийн дээс давж одсон хүн ардынхаа хойноос олон хоног сараар хөөцөлдөж ядарч зүдэрч явсан байдаг. 1910-20-иод онд элгэн саднаа бараадсан буриад зон уван цуван хил дагуу нутагт нүүдэллэн ирэхэд Монголын Засгийн газар "Буриадын хурлын газар” хэмээх байгууллагыг бий болгон буриад хүнээр ахлуулж, тэдэнд газар нутаг олгох, аж ахуйгаа зохион байгуулахад нь дэмжлэг үзүүлэх, эрдэмтэн сэхээтнүүдийг нь төр захиргаа соёл гэгээрлийн албанд тохоон томилох зэргээр нүүдэллэн ирсэн элэг нэгтнүүдээ монгол нутагт идээшин суурьших бүхий л нөхцөл бололцоогоор хангахыг хичээж, аль болохоор дэмжиж туслах, хүн амаа олон болгох бодлого явуулж байв. Ж.Лхүмбэ монголд дагаар орсон буриадуудын улс төр иргэний эрх ашгийг хамгаалах талаар анхаарч, ажил үүргийнхээ дагуу нэлээд нааштай бодлого баримталж байжээ. Тиймээс зөвлөлтийн зөвлөх, сургагч нар, "Лхүмбийн буриадуудад тал өгч байгааг ашиглахаар шийдэж түүнийг хувьсгалын эсэргүү японы тагнуулын хэрэгт орооцолдуулан, монголчуудаар нь устгуулах арга сэдсэн ажээ. Оросууд олон жилийн турш үргэлжилсэн монголчуудын нэгдэн нийлэх хүсэл эрмэлзлийг хаан боогдуулах бодлого барьж, Монголын Засгийн газрын буриад зоноо нэгтгэж авах бодлогод цохилт өгөх, үндэсний дэвшилт үзэлтнүүдийн нийт монгол овогтныг нэгтгэх үзэл санааг бүрмөсөн тас цохиж, сайтар хашраах давхар зорилгоо ийн биелүүлсэн ажгуу.

Ийнхүү монгол ахан дүүсээ нэгэн дээвэр дор байлгахын төлөө Лхүмбэ засаг төрийн даалгаврыг нэр төртэй биелүүлж явжээ. 1931-33 оны хооронд бүрэн бус мэдээгээр 13 мянган хүн амтай 4000 өрх айл эх орондоо эргэж иржээ.

Ж.Лхүмбэ хувьсгалын эсэргүү бослого дарах үүрэгтэй Тусгай комиссыг даргалан ажиллаж байв. 1932 оны 4-р сарын 10-нд Хөвсгөл аймгийн Рашаанд сумын хүрээний орчмоос лам хар нийлсэн хүмүүс зэвсэгт бослого үүсгэж хамтралыг сүйтгэн хүрээ нь тэлсээр баруун аймгуудыг хамарчээ. Улмаар олныг хамарсан самуун болон даамжирч зэвсэглэн хүн алж, хоршоо дэлгүүр, сургууль соёлын газрыг талж сүйтгэсээр нөхцөл байдал хурцадсан учраас 1932 оны 4 сарын 17-ны өдөр БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчид, Засгийн газрын эрхлэх товчооны гишүүдийн хамтарсан Онц хурлаас Хөвсгөл аймагт гарсан эсэргүү бүлгэмийн хөдөлгөөнийг газар авахуулахгүй цохиж, даруй түргэн устгаж, олон нийтэд хорыг таниулах Тусгай комиссын даргад Ж.Лхүмбийг томилжээ. Бослогын гол хүчийг 7-р сарын сүүлчээр дарж чадсан ба 9 сарын 22-нд Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Завхан, Алтай зэрэг аймагт тогтоосон онц байдлыг халж энх байдал тогтоосныг зарласан байна. Босогчдын тоо багаар бодоход 1932 оны 4-7-р сард 6000-8000 хүрч байсан ба бүрэн бус тооцоогоор хоёр талаас 6000 шахам хүн амь үрэгджээ. Ийнхүү Ж.Лхүмбэ бослого дарах ажилд оролцож, нутгийн олон түмний амгалан тайван амьдрах, нам засгаас явуулж буй шинэ эргэлтийн бодлогын мөн чанарыг олон нийтэд таниулах ажил хийж байгаад 1932 оны 6-р сарын эцсээр Улаанбаатарт ирээд НТХ-ны нарийн бичгийн даргын албанд томилогдсон байна.

Тэрбээр МҮЭ-ийг бэхжүүлэх үндэс суурийг баттай тавьж ажиллаж иржээ. Ж.Лхүмбэ 1930 оны 2-р сард НТХ-ны Тэргүүлэгчдийн хурлаас МҮЭ-ийн Төв Зөвлөлийн даргын албанд томилогдож юуны өмнө ҮЭ-ийн байгууллагыг үйлдвэрлэл, нутаг дэвсгэрийн зохион байгуулалтад оруулж ажил төрлийн 11 зөвлөл байгуулж, ҮЭ-ийн бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй болгох чухал арга хэмжээ авчээ. 1930-31 онд ҮЭ-ийн товчоог аймаг бүрт эмхлэн бий болгож, төлөөлөгчдийн газруудыг байгуулжээ. Аймгийн товчоо бүрт хөдөлмөрийн маргаан таслах комисс, зээлдэн туслах комисс, нийгмийн даатгалын комиссыг анх бий болгосон нь Монгол улсад нийгмийн даатгалын суурийг тавьсан явдал юм.

Монголын уугуул буриадуудын зэрэгцээ тус улсын Хэнтий, Дорнод аймагт элгэн саднаа бараадан нүүдэллэн ирсэн буриад иргэдийг төв нутагт шилжүүлэх, эрх ашгийг нь ҮЭ-ийн шугамаар хамгаалахын тулд "Буриадын хурал”-аар дамжуулан тэдэнтэй гэрээ байгуулан ажиллаж байв.

Ийнхүү ахар богино хугацаанд өөрийн хичээл зүтгэл, авъяас билгээ эх орныхоо амгалан байдлыг хангах, нам олон нийтийн байгууллагыг бэхжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, 1932 онд Цэргийн гавъяаны улаан тугийн 1-р зэргийн одонгоор шагнасан нь зүй ёсны шагнал байжээ. Харамсалтай нь эх оронч энэ хүнийг цэл залуу гучин гуравхан насанд нь "Лхүмбийн хэрэг”-ийн толгойлогч хэмээн зөвлөлтийн заавраар цаазлан хороожээ.

Лхүмбийн хэргийн 3 салбарын толгойлогч гишүүд гэж 2500 хүний нэрийг гаргаснаас 500 хүнийг баривчлан түүнээс 317 хүнийг шүүн тасалж, 56 хүнийг буудан хороож, 200 гаруй хүнд янз бүрийн хугацаагаар хорих, нутаг заах ял оноон шийтгэсэн байна.

Сталинчууд ийнхүү монголд буриадуудыг улс төрийн хилс хэрэгт олноор нь хэлмэгдүүлж, энэ хэргээр өөрийн улсын харъяат буриадын 90 мянган сэхээтэн, ажилчин, гэмгүй олон түмнийг залхаан цээрлүүлж устгасан мэдээ бий. Тиймээс Ж.Лхүмбэ бол шинэ эргэлтийн бодлогыг амьдралд хэрэгжүүлэн улс орныхоо тогтвортой хөгжлийн үндэс суурийг тавих өргөн хүрээнд хариуцлагатай ажлуудыг үр бүтээлтэй хашиж явсаар ухаан бодол, мэдлэг чадвар ид жагссан үедээ сталинизмын их хядлагын золиос болсон Монголын нийгэм, улс төрийн томоохон зүтгэлтэн байжээ.

И.БАЙГАЛМАА
Эх сурвалж: Tolgoilogch.mn

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen