ОРХОН АЙМАГТ 3 ИХЭР ХҮҮХЭД МЭНДЭЛЛЭЭ
Орхон аймагт гурван ихэр хүүхэд мэндэллээ. Ихрүүд өчигдөр өглөө буюу 11-р сарын 29-ны өглөөний 8 цаг 40 минутад БОЭТ-ийн Төрөх, эмэгтэйчүүдийн тасагт мэндэлсэн.
Ихрүүдийн нэг нь хүү, хоёр нь охин юм. Тэд 2кг 200, 2 кг 150, 2 кг 140 граммын жинтэй төржээ. Эх хүүхдүүдийн биеийн байдал сайн байгаа гэж БОЭТ-ийн Төрөх, эмэгтэйчүүдийн тасгийн эрхлэгч Б.Эрдэнэбулган хэллээ.
Гурван ихрийн ээж Б.Солонго нь "Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Баяжуулах фабрикд ажилладаг. Гурав дахь төрөлтөөрөө ийнхүү 3 ихэр хүүхэд төрүүлсэн байна. Тэрээр хэлэхдээ "Нэг сартай байхдаа гурван ихэр гэдгийг нь мэдсэн. Маш их баярласан. Хүүхдүүдийг маань эсэн мэнд эх барьж авсан БОЭТ-ийн Төрөх, эмэгтэйчүүдийн тасгийн хамт олонд маш их талархаж байна” гэлээ. Ихрүүд 5 болон 7 настай 2 ахтай юм байна.
Энэ нь Орхон аймагт 3 ихэр хүүхэд төрсөн 2 дахь тохиолдол. Үүнээс 13 жилийн өмнө Орхон аймгийн иргэн н.Гэрэлмаа гурван ихэр охин төрүүлж байсан юм. Мөн 2017 он гарснаас хойш аймгийн хэмжээнд 2338 эх амаржаад байна.
Дашрамд дурдахад, Гурван ихэр төрсний маргааш нь буюу 11-р сарын 30-ны өглөө Орхон аймгийн БОЭТ-ийн Төрөх, эмэгтэйчүүдийн тасагт хоёр ихэр хүү мэндэлжээ.