Гэмгүй хүүхэд насны минь дурсамж
Ойрд дандаа л нэг бухимдсан, уурласан, шүүмжилсэн бичлэгүүд оруулсан байх юм. Түүнийгээ дагаад өөрөө ч нэг л их ууртай, амьтан хүн гомдоосон нөхөр явж байх жишээний. Тэгээд нээх сайхан гэгээтэй зүйл бичих гэж сууна. Хамгийн гэгээлэг зүйл минь гэнэн бага насны дурсамж, гэмгүй үрсийн минь амьдрал л байх юм. Тэгээд ойрд ер нь өөрийнхөө бага насны талаар бичээгүй тул түүнээсээ санаанд орж байгааг нь ямар нэг эрэмбэгүйгээр хүүрнэн өгүүлье гэж шийдлээ.
Миний бага нас чинь нэг тийм нүүдлийн шувуу шиг л байсан гэж өмнө нь хэлж байсан байх аа. Хавар сургууль төгсмөгц л алс зүүн өмнөд хязгаар руу газраар, тэнгэрээр, галт тэргээр \аан худлаа манай аймаг руу одоо ч богоон байхгүй\ ганган онгоцоор, хатуу машинаар ер нь бол юу дайралдсандаа суугаад, заримдаа ч хэвтээд /том машины тэвшин дээр хэвтээд явсан тохиолдол олон/ явж очдог байлаа.
Монголын уудам талын бүлээн салхи, таанын үнэр, аргалын утаа, адуу малын бууцны тийм гэхийн тэмдэггүй өвөрмөц үнэр, биднийг хэзээ ирэх нь вэ хэмээн өдөр тоолон хүлээж, орсон гарсан хэнээр ч болов зоос татуулан сураг тавин хайрлах эмээ, өвөө нар дээрээ яваад очно доо.
Заримдаа ч хөдөө явмааргүй, хүүхдүүдтэй хамт зусланд амарч үзмээр санагддаг л байлаа. Тэгээд л намар болж хяруу буухын цагт мөн л морь, мотоцикль, машин, онгоц дамжаад Улаанбаатартаа ирж эрдэм номондоо шамдан суралцдаг байлаа ч гэж худлаа яриад яах вэ. Ямар ч байсан хичээлдээ явдаг байсан юм аа.
За тэгэхээр хавар очоод намар ирэх хооронд юу хийдэг байж вэ? Хонь, ямаа хариулах, тугал татах, аргал түүх, усанд явах, дүү нараа харах, сур элдэх, хонь ноослох, цагаан идээ боловсруулахад туслах гэх мэт ажлууд бол хүүхэд бүр хийх тул зүгээр дурдаад өнгөрөөе. Нэг их гавьтай тус болохгүй боловч бас ч гэж хөөрхөн л ажил нугалдаг байсан болоод "хүүхдийн тус их" хэмээн ярьдаг байсан байлгүй. Өнөөдөр тэгэхдээ ажил ярихгүй хэрхэн тоглодог байснаа ярина.
Хөдөө газар хамаг олуулаа цугласан бидэнд бариад авъя тоглоом, хараад үзье парк байхгүй тул гар, хөлийн доорх материалаа ашиглан тоглоно шүү дээ. Ерөнхийдөө байгалиа түшиглэн зугаагаа гаргана. Хамгийн нэгдүгээрт уралдаж тоглох: Яг л жинхэнэ морь аятай янцгааж, үргэж, хазаар дарж энэ тэр бөөн юм болно. Тэгээд ойролцоо ойролцоо насныхнаа нэг дор уралдуулна. Бага дүү нар даага, арай том нь хязаалан, бүүр том нь азарга гэх мэтээр. Ер нь ойролцоогоор гурван насанд л хуваагддаг байж дээ. Заримдаа ганцаараа хөлийн хурд мэдэн чавхдах бол заримдаа хосоороо баг болоод дээлийн бүсээ нэгнийхээ шилэн хүзүүн дээгүүр давуулаад хоёр суган доогуур нь хойш гаргаад жолоо болгон уралддаг байлаа.
Чулуун дээр хөөцөлдөж тоглох: Одоо бодоод байхад их л эрсдэлтэй тоглоом байсан юм даг уу даа. Том, том үхэр чулуунууд дээгүүр үсэрч, харайж тоглоно. Бас нуугдана. Заримдаа ч баг болж хуваагдаад дидаандана. Агооня винимаанээ пууста... гэдэг нь дайн эхэллээ гэсэн үг. Голдуу л тайрсан униар буу хийсэн дайчид маань ширэг, бөөн шороогоор гранат хийгээд их л үнэмшилтэй байлдана шүү дээ. Нээрээ миний бага насаа өнгөрүүлэн "янгир" болж нааддаг байсан Хадатын амны үхэр чулуунууд дотор үгүй мөн олон бурхан, цөгц, хонх, дамар байдаг байж билээ. Нэг дан хийлгэхэд бараг минут хэртэй цангинадаг гуулин хонхыг ихэд сонирхоно. Даан ч эмээ, өвөө лам, хувилгааны эдлэл хамаагүй оролдуул сохор, доголон болж ихээ хэтэрсэн алдас болвол үхнэ хэмээн айлгадаг тул хааяа л нэг "бүдүүн зүрх" гарган хүрэхээс цаашлахгүй.
Голын ус: Мэдээж одоо том болсон би бол бараг харайгаад гарч болох жижигхэн "Хана" гол минь бидэндээ л мөрөн байсан шиг. Усанд нь ихэвчлэн гараараа тулан мөлхөх буюу нэг бол хамаа намаагүй баахан ус цалгиулан балбаснаа сэлсэн хэмээн тооцоод хажуугийн халуун чулуун дээр нь нарлан хэвтэх ч жаргал байж дээ. Зүгээр ч нэг гол дээр байхгүй шүү дээ. Мэлхий үлээнэ \голдоо нүхтэй өвс хошного руу нь хийж байгаад үлээдэг байсан юм... Яг шрек дээр гардаг шиг хулгана, зурамны нүхэнд ус хийж ангуучилна. Эцсийн бүлэгт энд тэндээ шумууланд хазуулан бүлцгэр болсон нөхөд жаахан аргал хоргол түүсэн болоод гэртээ харина.
Бас одоо болтол санаа зовдог нэг зүйл маань голын эргэнд үүрлэсэн хараацайн асар олон өндгийг хагалсан даа. Ах нар маань нээх аятайхан гаргаж ирж харчихаад буцаагаад хийчихдэг байсан юм. Гэтэл би гэж туучий нэг бол гаргаж ирэхдээ, нэг бол буцааж хийхдээ шаварт нидрээд хагалчихдаг. Тэгэх тусмаа л яаж ийгээд ах нар шигээ "гэмгүй" үздэг болох гэж туршилт хийнэ. Ёстой л нөгөө Явуухулан гуайн хэлдгээр:
Гэмгүй шувуудын үүрийг эвдэж, өндгийг нь хагалаад
Хэрсүү сууж, ухаан орсон хойноо
Гэнэн насаа өрөвдөн харамсаж явах гэсэн юм би... гэдэг л болж байгаа юм.
Зиа мэдээж хөдөөний хүүхдүүд бидний бас нэг тоглоом бол өнөө муу хэдэн мал маань шүү дээ. Өглөөдөө хонь бэлчээрт гаргахдаа томхон ирэг, бадриун эр ямаагаа унаад барааны газар хүртэл хөөрцөглөн давхих, тугал сүүлдэж, унага чихдэн тонгочуулах бол бас л үндсэн зугааны маань нэг байх. Бух мөргөлдүүлэх, азарга ноцолдуулах ч бас сайхан. Тэгэхдээ ахмад хүмүүсээс далд ихэд төлөвлөж, харуул хамгаалалт тавьж байж энэ "тоглоомоо" тоглохгүй бол дараа нь "мал хэмхүүлсэн" хэргээр турсгаа хуулуулна шүү дээ.
Бас дээр нь бидний "тоглоомнууд" дотор томхон байр эзэлдэг нөхөр бол нохойнууд маань байдаг. Хөөцөлдөнө, амьтан туулгана, айлын нохойтой зодолдуулна. Яг л нэг хамгаалагч аятай дагуулж явдаг том нохойтой байх ч сайхан шүү.
За тэгээд мэдээж барилдах болон чавхаар харвах бол тоглоом гэхээсээ илүү эрийн гурван наадамдаа бэлдэх бэлтгэл байсан бололтой юм билээ.
За ингэсгээд өндөрлөе дөө.
Айдаа алдрай бага насандаа дахиад нэг очих шиг сайхан боллоо. Та бүхэнд ч таалагдсан гэж найдна.