Миний ээж /дурсамж/

Миний ээж /дурсамж/

 

Өлгий хотын зүүн сугаар их ус нь тунарсаар урд зүгийг чиглэн хатан Ховд гол намуухан урсдаг. Аймгийн урд хэсгээр тохойрон Их буланг тойрохдоо гол хоёр салаалж, дундаа том гээчийн арал үүсгэнэ. 

Аралд тэр аяар нь битүү алтан харгана ургадаг сан. Хаврын улаан шороон дунд харгана гөлөглөж нахиалаад, ирж яваа цагийг мэдрүүлэх нь сэтгэлд таатай сайхан. Зун болуут л харганы шар цэцэгс нь дэлбээлж, жижигхэн ногоон навчсаа чимээд үзэсгэлэнтэй болдог. Намар бол харганы шаргал холтос нь нарны туяанд гэрэлтэхээр "алтан арал" болж харагддаг сан. Манайх гэдэг айл аймгийн төвийн урд хэсэгт өргөн ширгийн захад байв. Юм л бол би гол руу гүйнэ. Загас жараахай эргүүлнэ. 
Хамгийн сайхан нь хавар намар голын ус татуу цагаар ээжтэйгээ түлээнд явна. Голыг гатлан аралд очиж алтан харганы өмхөрч унасныг нь түүж түлээ бэлтгэнэ. Хангай шиг мод элбэг биш болохоор ойроор нь харганаа л ийн түүж, зун цай чанаж, боорцог хайрах, өвөл нүүрс голлох түлшээ бэлтгэнэ. 
Ээж минь жижигхэн биетэй шавилхан хүн. Гэсэн хэрнээ их тэнхээтэй. Хоёр үүрэг түлээг давхарлаж үүрээд алхдагсан. Би ч бага балчир байсан болоод ч уу, үүрсэн харганаа даахгүй түүртэхээр минь ээж тийн минийхийг давхарлаж үүрээд намайг хөтлөөд харьдаг сан. Сайхан байжээ. 
Одоо ээж минь насны сүүдэрт дарагдсаар улам бүр жижгэрсээр. 
Хэдэн жилийн өмнө ээжийгээ аваад Бортын рашаан явсан сан. Өндөр уулын тагт байдаг тэр рашаанд гурав гаруй километр газар уул өөд мацаж, хад асга дамжин байж хүрдэг. Замд таарах уулсын тэсгим голыг ээжийгээ үүрээд гаталж байсан зураг одоо энэ. 
Ээжийгээ үүрээд явах үр хүмүний жаргал ажээ. Ижий минь та үүрэг түлээг минь үүрээд хүүгээ дагуулж явсан цаг байхад ижийгээ үүрээд гол ус гатлан явсан дурсамжит сайхан мөч үр надад азаар оногджээ. Юутай сайхан тавилан, юутай сайхан заяа.
С.Амартүвшин
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen