Султан Аль-Сувейди: Санхүүгийн эмх замбараа муутай улсууд л төсвийн алдагдалд ордог

Султан Аль-Сувейди: Санхүүгийн эмх замбараа муутай улсууд л төсвийн алдагдалд ордог

 

Арабын орнуудыг нефть нь дуусахаар тартагтаа тулсан ядуу орон болно гэсэн ойлголттой хүмүүс олон байдаг билээ. Эхэн үедээ үнэхээр ч тийм сэтгэгдэл төрүүлж байсан. Харин байгалийн баялгаас олсон асар их мөнгөө ашигтай зарцуулснаар ирээдүйд угтан ирэх зовлонгоос зайлсхийж болох юм байна гэдгийг "шалма” малгайтнууд ойлгосноор отож байсан зовлон зүдгүүр нь хийсэн одсон билээ. Хөрөнгө оруулалтын санг олноор нь байгуулж, дэлхийн өнцөг булан бүрд цэцэглэж буй бизнест оруулснаар зүгээр сууж байгаад л мөнгө олдог уламжлалаа хадгалахын зэрэгцээ байгалийн баялаг шавхагдахаас айх шаардлагагүй болсон байна. Дэлхийн хамгийн том хөрөнгө оруулалтын сан болох «Abu Dhabi Investment Authority»-г хөл дээр нь босголцсон Султан бен Насер Аль-Сувейди хэмээх эрхмийг танилцуулж байна. Бичил ярилцлагыг нь ч хүргэх болно. Түүний болон АНЭУ-ын эдийн засгийн бодлого манай оронд ч үлгэр жишээ болохуйц юм билээ.

Султан бен Насер Аль-Сувейди 1953 онд Абу Даби хотноо төржээ. Энэ үед Абу Дабигийн эмирт бусад зургаан эмир нь нэгдээгүй, өөрөөр хэлбэл АНЭ улс албан ёсоор байгуулагдаагүй үе байв. Эртний Араб анчдын хувьд "бурхны хишиг” байсан цөлийн алдарт гөрөөсний нэрээр нэрлэгдсэн Абу Даби тухайн үед зүгээр л цөлийн дундах жижигхэн тосгон байсан гэдэг. Гэхдээ гадаадын хөрөнгө оруулалт чухам 1950-иад оноос цутгаж эхэлсэн тул Султан хүүгийн ирээдүй гэрэлтсэн нь мэдээж.  Тэрбээр багаасаа тоо болон удирдах авьяастай хүүхэд байсан тул энэ чиглэлээр явахаар эргэлт буцалтгүй шийдсэн байна. Улмаар банк санхүү, удирдлагын бакалаврын зэрэг эзэмшжээ. Түүний намтрыг уншихад удирдах албанд гойд авьяастай хүн юм байна гэсэн өөрийн эрхгүй төрдөг. Албан тушаалын татаар алхаж биш алгасаж гишгэсэн замнал нь ингэж бодоход хүргэдэг юм. Бакалаврын зэрэгтэй залуу 1978 онд төрийн мэдлийн «Abu Dhabi Investment Authority»-д ажилд орсноор хөдөлмөрийн гараагаа эхэлжээ. Гэтэл тэнд ердөө дөрөвхөн жил "тэсээд” хөрөнгө оруулалтын бас нэгэн аварга сан болох «Abu Dhabi Investment Company»-д ерөнхий менежерээр очсон байна. Таван жилийн дараа олон улсын карьераа эхлүүлж, Бахрейний "Персийн булангийн Олон улсын банк”-ны ерөнхий менежер болсон ч улс нь авьяаслаг банкираа гадаадад алдахыг хүсэлгүй, «Abu Dhabi Commercial Bank»-ны тэргүүний суудлыг санал болгожээ. Эдгээр албан тушаалыг хаших үедээ тэрбээр хамаг анхаарлаа АНЭ-ын эдийн засгийг нефтиэс хараат бус болгох асуудалд хандуулж ажиллаж байв. 1980 аад оны эхэн үед, 1967 оноос ОПЕК-ийн гишүүн болсон энэ улсын ДНБ-ий 73 хувийг нефть дангаараа бүрдүүлдэг байжээ. Харин Султан Аль Сувейди болон хамтран зүтгэгч, гадаадын үй олон авьяаслаг менежерүүдийн ачаар жил ирэх тусам нефтиэс хамаарахаа больж байна. 1998 онд АНЭ-ийн ДНБ-ий 32-ийг л нефть бүтээгдэхүүн эзэлж байв.

Султан бен Насер Аль-Сувейди 1991 оны арванхоёрдугаар сарын 18-нд АНЭ-ын Төв банкны тэргүүн болсноор санхүүгийн ертөнцөд улам ч том хүн болж, дэлхийн валютын бодлогыг тодорхолдог хүмүүсийн нэг болжээ. Тэрбээр дэлхийн валютын талаар санал бодлоо илэн далангүй хуваалцсан байна.

-Дэндүү ихээр савалчихсан дэлхийн валютын ситемийг хэрхэн тогтворжуулах вэ?

-Валютын тогтолцоо өөрчлөгдөж байна. Үндэсний валют, үндэсний эдийн засаг дэлхийн валютын тогтолцооноос ихээхэн хамааралтай болж байгаа нь үүний нотолгоо. Яг одоогийн нөхцөл байдлыг аваад үзэх юм бол Хятадын юань ихсэж, ам.доллар багасна гэж би харж байгаа. Хатуу валюттай зарим орнууд байр сууриа хадгалж үлдэхийг оролдож байгаа ч санаснаар нь болохгүй байна. Ингэхийн тулд их хөдөлмөрлөх шаардлагатай.

-Еврогийн ирээдүйг яаж харж байна вэ?

-Евро чухал аа. Тухайлбал олон улсын аялал жуулчлалын бизнест. Харин хөрөнгө оруулалтын бизнест бол №1 нь биш. Одоогоор ам.доллар тэргүүлсэн хэвээр байна.   

-Алтанд хөрөнгөө даатгах нь одоо ашигтай юу?

-Бид улсын хөрөнгийг алтанд даатгахаас ерөнхийдөө татгалздаг. Түүхий эд, металлын ханш эрэлтээс хэт их хамааралтай, тогтворгүй байдаг шүү дээ. Юу ч тохиолдож болно. 

-Тэгвэл нефть олборлогч орнуудын ирээдүй хэрхэх бол?

-Зарим орнууд үндэсний мөнгөн тэмдэгтийнхээ ханшийг ам.долларын ханштай тогтвортой байлгахыг оролдож байна. Зарим нь хөрөнгийн зах зээлд түлхүү анхаарч, ханшийн тогтвортой байдлаа хангах олон арга хэмжээг авч байна. Энэ бол олон талтай үйл ажиллагаа, гэхдээ хамгийн гол нь, ханшийн бодлогод эдийн засгийн ашиг сонирхол илүүтэй нөлөөлж байдаг. 

-Хямрал бүс нутгийн валютын бодлогыг өөрчилчихөө юү дээ?

-Персийн булангийн орнуудын хувьд бол хямрал тийм ч их гүн шарх үлдээгээгүй. АНЭ-ийн эдийн засаг хөдөлсөөр байна. Гол нь бид баялагийг дагаж хөдөлж байгаа юм. Баялаг, хөрөнгө оруулалтын орчин хаана байна бид тийшээ хөдлөх ёстой. Ийм л бодлого баримталсан учраас худалдаа, тэр тусмаа банк санхүүгийн тогтолцоо маань хямралд төдий л нэрвэгдээгүй. Тэгэхээр, энэ тогтвортой байдлын үндэс нь хамтрагчаа зөв сонгох, хөрөнгө оруулалтын "газрын зураг” дээр зөв ажиллах болж таарлаа.

-Та үнэнийг хэлээрэй. АНУ сүүлийн үед "Валютын дайн”-аас болж ам.долларын ханш унаж байна” гэсэн мдэгдлийг их хийж байгаа.

-Валютын дайн бодит байдал дээр байгаа гэж бодохгүй байна. Худалдааны балансаа барьж чадаагүй, алдагдалд орсон, санхүүгийн эмх замбараа муутай хэдэн улсууд л төсвийн алдагдалд орж байгаа юм шүү дээ. Гэхдээ эдгээр орныг "унагах” гадны хүчин зүйл нь дэндүү их байсан гэдгийг хүлээн зөвшөөрнө. Тэгэхээр, хамтарч шийдэх л хэрэгтэй. 

-Нефтийн ханш тогтмол өндөр байна гэж та бодож боддог уу?

-Нефтийн ханш зах зээлийн жинхэнэ тусгал нь байдаг гэж би боддог. Макро эдийн засгийн хүрээнд авч үзвэл, хөгжингүй гэж нэрлэгддэг, гол худалдан авагчдын эдийн засгийн хөгжил удааширч байна. Тиймээс байнга одоогийнх шигээ байна гэж би хэлж чадахгүй. Ханш доошоо унах болно. Яг одоогийн байдлаар хөрөнгө оруулагчдад итгэлгүй байдал ноёлж байна. Бид дэлхийг хянаж чадахгүй шиг, нефтийн үнийг ч бас хянаж чадахгүй шүү дээ. Энэ удаагийн өсөлт харин ОХУ гэх мэт орнуудад их ашигтайгаар тусч байна.

-Нефть олборлогч орнууд өөр арга замаар мөнгө олох бодит боломж бий юу?

-Байлгүй яах вэ дээ. Бидний гол зорилго л энэ шүү дээ. АНЭ бол хамаарлаа хангалттай багасгаж чадсан. Одоогоор ДНБ-ий 30 орчим хувь нь л нефтиэс орж ирж байгаа. 

 

С.Төгөлдөр

 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen