Аавын минь үлдээсэн өв.

Аавын минь үлдээсэн өв.

 

 Аавын минь үлдээсэн өв.

 

        Манайх таван охин, нэг хүүтэй айл. Мэдээ орох цагаасаа л аавыгаа архи ууж, агсам тавьж, ээжийг минь зодохыг харж өссөн. Хичнээн хэцүү муухай сэтгэлийн шаналантай байсан ч аавыгаа эрүүл үед нь эрхэлж наадаад жаргалтай байлгүй яахав. Эгч дүүс бид өсч өндийхийн хэрээр ганц эрэгтэй дүүгээ "архичин” болчихвий гэж эмзэглэж, басхүү хэрэндээ л нандигнана. Тэгэхээс тэгэх гэсэн шиг их сургуулийнхаа шилдэг оюутан гэгдэж, ухаалаг төлөв хэмээн ам дамжин магтуулж ирсэн дүү минь эргэлт буцалтгүй архинд автсан юм даа. Аав минь тэгэхэд л ихийг бодсон байж магадгүй. Хүүгээ хөл дээрээ ч тогтож чадахгүй согтуу ирэхэд нь ганц ч үг хэлж чадалгүй өрөө рүүгээ чимээгүй болчихдог байж билээ. Ээж эгч дүү бид гурав л нус нулимстайгаа холилдон аргадахдаа аргадаж, загнахдаа загнана. Хөөрхий дөө аав минь хүүгээ "архичин” болчихсныг харах хэцүү байсан байх. Яг л өөр шиг нь гэрээсээ эд зүйлс хулгайлж заран бусдыг хууран мэхэлж эхэлсэн дээ. Нэг их удалгүй аав минь өөд боллоо. "Намайг битгий мартаарай” гэсэн шиг муу муухай зан чанараа ганц хүүдээ өвлүүлээд одсон доо. "Өв” гэхээр л сайн сайхан зүйлс эсвэл үрж дуусгаж барахааргүй эд хөрөнгө байдаггүйсанж. Ганц хүү нь өөр шиг нь архичин, таван охин нь сэтгэлгээний ядууралтай, эхнэр нь сэтгэлийн шаналанг өвлөөд үлдсэн байна. Охин хүүхэд эр хүнийг ааваараа төсөөлдөг юм гэнэ лээ. Тиймээс эр хүнийг ааваараа л төсөөлнө. Сайн сайхан чанарыг нь олж харахсаасаа илүүтэй, архичин гэж жигшинэ. Жигшээд ч нэмэргүй. Архичин хүн ямар үйлдэл гаргадаг, ямар зан чанартайг нь гарын арван хуруу шигээ мэддэг болохоор хоёр эгч минь нэг их гайхаж эргэлзэлгүй архичин хүнтэй суучихсан. Хүссэндээ тэр биш л дээ. "Эрэгтэй хүн ийм л байдаг” гэж ойлгосных ... Хөөрхий дөө тэд минь ааваасаа өөр эр хүнтэй ертөнцөд амьдарч, мэдэрч үзсэн биш дээ, ямар. Архичинтай айлын зовлон үүгээр дуусахгүй ээ.   Донтсон дүүдээ эд зүйлсээ хинээн ч алдав даа. Одоо гэртээ ч чөлөөтэй байж чадахгүй. Эдлэж хэрэглэж байгаа зүйлсээ дуртай газраа тавих эрхгүй.  Халамцуу ирсэн дүүгийнхээ орч гарч, босч суухыг нь хүртэл харуулдан тавтай ч унтаж чадахгүй.  Хэрэгтэй гэж авсан зүйлээ хаана нуухаа мэдэхээ байчихана. Ер нь л сэтгэлийн зовлон шаналгаатай амьдарч байна даа. Хэдийгээр аав минь архичин байсан ч гэлээ бидэнд дурсагдах гэрэл гэгээтэй мөчүүд байлгүй л яахав.  Сайхан дуулдаг байсныг нь, хоол сайхан хийдгийг нь, яг л хүүхэд шиг баярладгийг нь, уран сайхны кино үзээд уйлдаг” гээд л олон сайхан чанарууд бий. Нэг удаа аав минь "охиноо тусдаа гарахад нь нэг сайхан ээмэг бөгж авч өгөхсөн” гээд санаа алдснаа,”аав нь авч өгө өө, тэтгэврийн зээл авч байгаад л аваад өгчихөнө” гэж хэлээд инээж билээ. Амжаагүй л юм даа, хөөрхий минь. Дөрвөн хүүхэддээ юу ч үлдээж чадсангүй гэж бодоод өнгөрсөн ч, насаараа эдлэх муу зан чанарыг өвлүүлээд одсоноо ухаараа болов уу яагаа бол? Яагаад ч юм бүү мэд. Бид сайн муу ч аав ээжийгээ л дуурайдаг. Амьдралын хууль мэт. Тиймээс аав ээжүүд ээ үр хүүхдийнхээ өмнө өдөр бүр ухаалаг зөв байгаарай. Өнөөдрийн сайхан үг үйлдэл чинь үр хүүхдэд тань үлдэх  өв гэдгийг санаарай. Гарах гарцгүй шиг санагдах сэтгэлгээ, сэтгэлийн зовлонд битгий унагаарай. Ээжүүдээ, бүсгүйчүүдээ аливаад ухаалаг хандахыг хичээгээрэй. Үргэлж биш ч гэсэн хааяа нэг баяр ёслол, албан газар, найз нөхдийн нийллэг гээд ууж наргих үе байж л байдаг шүү дээ. Ийм үед үр хүүхэддээ заавал хэлж тайлбарлаж зөв ойлгуулж байгаарай. Байдаг л зүйл мэт харагдуулж хэрхэвч болохгүй.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen