"Иргэд газар эзэмшихээр шаардах материалаа бүрдүүлсэн байх ёстой"
Нийслэлийн Газрын албанаас иргэдэд оршин суугаа газраа өмчлөхөд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор гурван сарын аян зарласан. Аяны явц хийгээд зарим асуудлаар Нийслэлийн газрын албаны Газар өмчлөлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Э. Түвшинбаяраас тодрууллаа.
-Нийслэлийн Газрын албанаас иргэдэд оршин суугаа газраа өмчлөхөд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор гурван сарын аян зарласан. Аяны хүрээнд хэчнээн өрх газраа өмчилсөн бэ?
-Газар өмчлөлийн хэлтэс, дүүргүүдийн газрын алба, нэгдсэн үйлчилгээний төвийн газар өмчлөл хариуцсан мэргэжилтнүүд 14 хүний бүрэлдэхүүнтэйгээр долоон багт хуваагдан энэ сарын 4-нөөс Сонгинохайрхан дүүргийн нэг, гурав, дөрөв, 20, 22, 23, 27, 30, 31 дүгээр хороодод ажиллаж эхэлсэн. Эхний долоо хоногийн байдлаар нийт 467 айлын хашаагаар орж, 148 иргэний газраа өмчлөх хүсэлтийг бүртгэж авсан байна.
-Бусад дүүрэгт хэзээ ажиллах вэ?
-Нийслэлийн Газрын албаны даргын баталсан календарчилсан төлөвлөгөөний дагуу энэ сарын 20-ныг хүртэл Сонгинохайрхан дүүрэгт ажиллана. Харин Баянзүрх дүүрэгт есдүгээр сарын 25-наас аравдугаар сарын 28-ныг дуустал, Баянгол дүүрэгт арваннэгдүгээр сарын 1-11-ний хооронд, мөн сарын 13-18-ны өдрүүдэд Чингэлтэй дүүрэгт, арваннэгдүгээр сарын 22-ноос арванхоёрдугаар сарын 2 хүртэл Сүхбаатар дүүрэгт тус тус ажиллах төлөвлөгөө гарсан байгаа.
Дүүргүүдийн өмчлүүлэх нэгж талбарын тоон хэмжээ, хоорондын нягтрал, зай хэмжээг тооцон зарцуулах хугацааг ч гэсэн тооцож гаргасан юм. Баянзүрх дүүрэг нийт өмчлөх газрын 66 хувийг эзэлж байгаа учраас зарцуулах хугацаа хамгийн их буюу 30 хоногоор, харин Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул, Чингэлтэй дүүргүүдэд 7-10 хоног, Сүхбаатар дүүрэгт 14 хоног ажиллах төлөвлөгөөтэй байгаа.
-Иргэдийн хувьд Газрын албаны мэргэжилтэн айл бүрт очиж, газар өмчлөлийн материалыг нь бүрдүүлж авна, иргэд оршин суугаа газартаа байхад л хангалттай гэсэн ойлголттой байгаа шүү дээ. Энэ талаар тодруулаач?
-Тийм ээ. Тиймээс л, тухайн оршин суугаа газарт нь очиж ажиллаж байгаа юм. Бид хороо болон хэсгийн ахлагч нартай хамтран ажиллаж байлаа. Одоогоор Баянзүрх дүүрэгт бэлтгэл ажил үргэлжилж байгаа. Сурталчилгааны хуудас. анхааруулах самбар, бүрдүүлэх материалын жагсаалт зэргийг аль болох олон хүн цуглардаг худаг, Соёлын төвийн гадна наасан. Иргэд шаардлагатай материалаа бүрдүүлсэн байхад л хангалттай.
-Эзэмшил газраа өмчлөхийн тулд иргэд ямар материал бүрдүүлсэн байх шаардлагатай вэ?
-Газар өмчлөхийг хүссэн өргөдлийн маягт бөглөнө. Мөн хорооны Засаг даргын тодорхойлолт, газар эзэмших эрхийн гэрчилгээ /эх хувийг хавсаргана/, иргэний үнэмлэхийн хуулбар, газрын кадастрын зураг / эх хувь/, газрын төлбөр төлсөн баримтуудыг тус тус хавсаргасан байх хэрэгтэй.
-Бичиг баримтын зөрчилтэй айл өрхийн асуудлыг хэрхэн шийдвэрлэж, газраа өмчлөхөд нь дэмжлэг үзүүлэх вэ?
-Бичиг баримтын зөрчилтэй айлууд бий. Ихэвчлэн кадастрын зургийн зөрчил их байна. Газрын албаны мэргэжилтнүүд хяналтын хэмжилт хийж, кадастрын зургийн дагуу газраа ашигласан эсэхийг нь давхар хянаж байгаа. Зөрчилгүй тохиолдолд л тухайн иргэний газрыг өмчлөх ёстой. Харин зөрчилтэй тохиолдолд тухайн зөрчлийг арилгах, мэдээллийг нь засах ажлыг түргэн шуурхай гүйцэтгэн ажиллаж байна. Талбайн хэмжээ зөрүүтэй тохиолдолд Захиргааны төвшинд асуудлыг шийдэхэд нь дэмжлэг үзүүлнэ.
Харин иргэн бодит зөрчлөө арилгасныхаа дараа өмчлөх ёстой гэдгийг мэдэж байгаа учраас цэг тогтоолгох, цэгийн дагуу хашаагаа татах гэх мэт өөрөөс шалтгаалах асуудлаа шийдэх ёстой юм. Эзэмшил болон өмчлөлийн эрхзүйн орчин эрс ялгаатай. Иргэд ялгааг нь сайн мэдэхгүйгээсээ болоод эзэмших эрхийн гэрчилгээнийхээ хугацааг сунгуулаагүй зөрчил их байна. Нэгэнт газраа өмчилсөн бол хугацаа сунгуулах шаардлагагүй. Магадгүй Газрын албанд очиход нь дараалал ихтэй, цаг зав нь амждаггүй байх. Тиймээс л иргэддээ дэмжлэг үзүүлэхийн тулд бид газар дээр нь очиж ажиллаж байгаа юм.
-Газрын албаны мэргэжилтнүүд одоогоор Сонгинохайрхан дүүрэгт ажиллаж байгаа юм байна. Иргэдийн гаргаж буй, цаашид анхаарах ёстой нийтлэг зөрчил нь юу байна вэ?
-Сонгинохайрхан дүүргийн хувьд нутаг дэвсгэр том, хүн ам ихтэй. Хоосон хашаа л их таарч байна даа. Айл өрхүүд газар аваад, хашаалчихсан. Дээр нь эзэмших эрхийн гэрчилгээ авчхаад, тэндээ амьдардаггүй юм байна. Бас кадастрын зургийн зөрүүтэй айл их байсан. Түүнчлэн, эзэмших эрхийн гэрчилгээгээ банк, санхүүгийн байгууллагад барьцаанд тавьсан өрх олон байна. Ийм тохиолдолд манай Газрын алба оролцох боломжгүй.
Гэхдээ Санхүүгийн зохицуулах хороо, Монгол банк гэх мэт шийдвэр гаргах төвшний байгууллагуудад гэрчилгээгээ барьцаалсан иргэдэд тодорхой дэмжлэг үзүүлэхэд хамтарч ажиллаач гэсэн хүсэлт хүргүүлсэн. Монголд маш олон арилжааны банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо үйл ажиллагаагаа явуулж байгаа учраас тэр бүрд иргэдийн асуудлыг шийдэх боломжгүй байж мэднэ. Ямартай ч, одоогоор хариу ирээгүй байна.
-Аяны хүрээнд өмчлүүлэх нэгж талбарын талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?
-Аяны хүрээнд нийслэлийн төвийн зургаан дүүргийн 43 хорооны 3,442 нэгж талбарт иргэний ахуйн зориулалтаар газар эзэмшиж буй иргэдэд газраа өмчлөхөд нь дэмжлэг үзүүлнэ.
Үүнд, Сонгинохайрхан дүүргийн 1,3,4,20,22,23,27,30, 31 дүгээр хорооны 366, Хан-Уул дүүргийн 10,11 дүгээр хорооны 13, Баянзүрх дүүргийн 2, 4, 5, 8, 9, 10, 12, 13, 14, 16, 17, 19, 22, 24, 27 дугаар хорооны 2251, Баянгол дүүргийн 9, 10, 11, 16, 20, 21, 22 дугаар хорооны 269, Чингэлтэй дүүргийн 8, 9, 10, 11, 12, 13 дугаар хорооны 209, Сүхбаатар дүүргийн 9,11,12,13 дугаар хорооны 334 нэгж талбар багтсан.
Б.ДАВААХҮҮ