Г.ШИЙЛЭГДАМБЫН АВЛИГЫН ХЭРГИЙН ЭРГЭН ТОЙРОНД


Г.ШИЙЛЭГДАМБЫН АВЛИГЫН ХЭРГИЙН ЭРГЭН ТОЙРОНД
Авлига авч байгаад  үйлдэлд дээрээ баригдсан гэх ЭМС-ын  сайд асан Г.Шийлэгдамба өдгөө Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гурав дахь өдрөө шүүгдэх гэж байна.Шүүх хурлаар Г.Шийлэгдамба болон түүний найз О.Даваасүрэн, ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Г.Ганчимэг, "Метро нэтворк” компаний захирал Э.Гантулга, Т.Идэр нарт холбогдох их хэмжээний авлигын хэргийг хянан хэлэлцэж байгаа юм.

Уг шүүх хурлыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч С.Оюунчимэг, З.Болдбаатар нар шүүж байна. Шүүх хуралд шүүгдэгч Г.Шийлэгдамбын өмгөөлөгч Э.Туул, Б.Энхзаяа, Г.Ганчимэгийн өмгөөлөгч Б.Баатарсайхан, М.Баяраа, О.Даваасүрэнгийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням, Э.Гантулгын өмгөөлөгч Д.Цэндсүрэн нар тус тус оролцож байна. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх хуралд шүүгдэгч Г.Шийлэгдамба хоёр өмгөөлөгтэй оролцож байгаа юм.

Хэргийг эргэн сануулбал, түүнийг  2015 оны аравдугаар сард Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268-д зааснаар хээл хахууль авах гэсэн зүйл ангиар хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байдаг
 
Тус зүйл ангид "Албан тушаалтан хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэхгүй байх, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлах буюу амлахгүйгээр өөрөө, эсхүл бусдаар дамжуулан хээл хахууль авсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ.
 
Эндээс харахад ЭМС-ын сайд, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн  даргаар ажиллаж байсан Г.Шийлэгдамбын гэм буруутай нь тогтоогдвол таван жил хүртэлх хорих ялаар шийтгүүлж болзошгүй байгаа юм.

Хэрэгтэй холбогдуулан тухайн үед Г.Шийлэгдамба ШШГЕГ-ын харьяа урьдчилан хорих 461-р ангиас өөрийгөө гэм буруугүй улс төрийн золиос боллоо хэмээн захидал бичиж байсан билээ. Уг захидалд "Хувийн зорилгоор өөрийн олон жил найзалсан нөхрөөс мөнгө зээлж ажлын өрөөний сейфэнд хадгалах гэж байсан. Энэхүү мөнгийг хувийн хэрэгцээнд ашиглахаар төлөвлөж байсан. Тэрнээс авлига, хээл хахуульд мөнгө аваагүй гэдгийг юуны түрүүнд онцолмоор байна. Үүнийг хуулийн байгууллага шалгаж тогтоох байх. Хэдий би авлига, хээл хахууль аваагүй ч улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалан багагүй хугацаанд шалгуулах болов уу. Энэ хугацаанд эрүүл мэндийн салбарын алба хаагчдын нэр хүндийг унагахгүйн тулд, Засгийн газрын тогтвортой байдлыг хангахын тулд өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөж байна. Нэр цэвэр, нүүр бардам болсны дараа эргэн ирнэ” гэжээ. 

Г.Шийлэгдамбын хувьд их хэмжээний мөнгөн дүнтэй авлига авч байгаад баригдсан гэх мэдээллийг өргөдөлдөө үгүйсгэсэн ч найзаасаа зээлж байсан гэх  түүний үгэнд итгэх хүн цөөн байх болов уу. Гэвч тэрбээр өөрийгөө гүтгүүлсэн хэмээж, нэрээ цэвэрлээд улс төрд эргэн ирнэ гэдгээ мэдэгдсэн билээ.

Харамсалтай нь тэрбээр уг хэрэг явдал дууссаны дараа улс төрд эргэн ирнэ гэдэг нь юу л бол. Учир нь намын дарга Н.Энхбаяртайгаа хэрэгт холбогдож эхлээд нэг мөсөн түнжин хагарсан. Тэрбээр Н.Энхбаярыг хагалан буратгагч, намын хүчийг сулруулагч хэмээн  эфирээр мэдэгдэл хийж байсан билээ.  Улмаар анхны мэдүүлгээсээ буцаж, Н.Энхбаярын  шаардлагаар найзаасаа мөнгө зээлсэн, тус мөнгөний тодорхой хэсгийг намын даргадаа өгсөн хэмээн мэдүүлж эхэлсэн юм. Үүнээс үзэхэд уг хэрэг явдал тун ээдрээтэй болж, Н.Энхбаяр, Г.Шийлэгдамба нар  хоёул буруутах магадлал тун өндөр байна.
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen