Л.Мөнхбаясгалан "Яруу найрагч аа, Та шүлгээ бичнэ үү..."


Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан өөрийн цахим хуудсаараа дамжуулан яруу найрагч Ц.Хулангийн талаар ийн ярьжээ. 

" ЯРУУ НАЙРАГЧ АА, ТА ШҮЛГЭЭ БИЧНЭ ҮҮ... "
Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Соёл, шашин хариуцсан зөвлөхөөрөө яруу найрагч Ц.Хуланг томилосон зарлиг гаргажээ. Ингэхэд Ху-г би хэдийнэээс мэдэх билээ. Хэзээ анх нүүр тулан ярилцаж үзсэн юм бол оо... Бороотой энэ сайхан өдөр бодол дурсамж хөвөрдлөө. Одоогоос яг 10 жилийн өмнө 2007 онд юмсан, СЕХ, Төрийн албаны зөвлөл одоо ч байрладаг Тэнгис кинотеатрын эсрэг талын Төр захиргааны хэддүгээр байр ч билээ өндөр байшинд нүүр тулан уулзжээ. Өнөөгийн МАН буюу тэр үеийн МАХН намын дарга , Ерөнхий сайд М.Энхболдоосоо салах гэж үйлээ баран элдэв жигүүр хөдөлгөөн байгуулан үзэлцэж байсан цаг үе. Одоогийн Эрчим хүчний дэд сайд Т.Гантулга , Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ нар намынхаа онц их хурлыг хуралдуулж М.Энхболдыг авч хаяхыг эхлүүлэх "Онц их хурлын төлөө хөдөлгөөн" байгуулчихаад сэтгүүлч, улстөрчид, нийгмийн зүтгэлтнүүдийг уриад намынхаа ялзралыг танилцуулах тэр уулзалт дээр Ху-тайгаа анх танилцжээ. Ху тэгэхэд тэр их нэр төртэй, том яруу найрагч атлаа үүдэнд тараах материал тараагаад инээмсэглэн зогсож байсан юм. Тэгэхэд би шууд Гантулга дээр очоод "Монголын сор болсон дайчин бүсгүйг үүдэндээ зогсоогоод боршуур тараалгаж байдаг хэн бэ та нар " гэсэн шүү юм хэлж байсан санагдана. Харин Хулан тэр уулзалтад гал цогтой үнэн үгтэй илтгэлээ тавьж билээ... Хүмүүс бодоод байх шиг байна. Ц.Хуланг сая энэ сонгуулиар л МАН- ын эсрэг дуугарлаа гэж. Үгүй тэр 10 жилийн өмнө ч дуугарч л байсан, М.Энхболдыг дарангуйлагч болж буйг сануулж л байсан. Түүний эрэмгий шударга үгээр нь монгол үгсийн сан шид орон дэгжиж, Хулан өөрөө Монголын яруу найргийг гоёж, Монголын улс төр түүнээс дагжих болоод олон оныг үджээ. Ху эгэл түмнийхээ төлөө үгээ хэлж, тэр бүртээ өөрийгөө дотогшоо урж, гадагшаа нэрж сэтгэлгээний салхич шувуун болон хайрлагджээ. Олигархуудын эсрэг, эх орон, эгэл түмнийхээ төлөө ил далд олон тэмцэлд бид хамтдаа сөрөн зогсч, сүүлд бодоход яаж тэгж чадав аа гэмээр гал дүрэлзсэн тулаанд мөр мөрөө түшин , бие биеээ хурцлан явжээ. Оросууд хэлдэг дээ, "тэр бол тагнуулд хамт явж болох хүн" хэмээх дүгнэлт Хуланд яг тохирно. Монголынхоо соёл урлаг, өв соёл, шашинг дээдлэн энэрэх, асран тордох ухаан хийгээд мэдлэг, ялангуяа сэтгэлгээний цар хүрээ түүнд бий. Тэр Монголыг түүх соёл, уламжлал, шашин шүтлэгээр нь барж идэх гэсэн харийн хүйтэн хүслийн эсрэг дахиад л нэг тэмцэлд ханцуй шамлан орлоо. Уг нь би түүнд "Яруу найрагч аа, та шүлгээ бичнэ үү..." гэж хэлнэ хэмээн мөрөөддөг. Болдогсон бол энэ үгийг Монголын төрийн тэргүүн гүн хүндэтгэлтэйгээр нэгэн өдөр хэлээсэй гэж хүсдэг. Энэ үгийг хэлэх үед үнэн ялж, ард түмний зоо тэнийн баясаж, Монголын тусгаар тогтнол улам бүр батажсан сайн цаг ирсэн байх болно. Тэр цагт Хуландаа би "Монголын төр, Монгол улс тайван амгалан болж Монгол төгс ялсаан. Яруу найрагч аа, та одоо шүлгээ бичнэ үү... " гэж хэзээ нэгэн цагт заавал хэлнэ дээ. Тэгэхэд Хулан маань "Зүлгэн дээр гэрээ бариад Зүгээр л нэг амьдарна даа". Харин тэр цаг хүртэл, эсвэл тэр цагийг авчиралцахын төлөө, Монголоо төгс ялуулахын төлөө дахиад л галын шугаманд гарлаа. Найздаа амжилт хүсье.

Гүнээ хүндэтгэсэн Л.Мөнхбаясгалан
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen