Өргүй болгох бус өргүй амьдрах орчныг бүрдүүлээч!


Өргүй болгох бус өргүй амьдрах орчныг бүрдүүлээч!

Амар хялбар юм ярих юм аа. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд ийм л амар хялбар юм ярьсаар ч ирсэн. Ард түмний амыг мөнгөөр хаачих бодолтой улстөрчид олон болж. Халамж нэрийн дор 10, 20 цаасаар нь тараачихна. Сонгууль болохоор сонголтыг нь худалдаад авчихна. Ингэж явсаар ард түмэн нь ч авах сэтгэхүйтэй болчихсон. Өгөхгүй бол сонгохгүй, авахгүй бол хэн ч юу ч хийгээгүй юм шигээр шүүмжилнэ. Одоо энэ халамжийн сэтгэлгээ нь улам хүндрээд бүх хүний өрийг тэглэх тухай яриад эхэлж. Ингэж болохгүй ээ, улстөрчид өө. Та бүхэн ард түмнийг тэнэг байлгах дуртай. Тийм байлгахыг ч хүсдэг. Гэхдээ энэ удаа бол үгүй шүү.

Ардчилсан нам санаачилга гаргаж, иргэдийн өрийг тэглэх хэрэгтэй гэв. Тэд энэ санаачилгаа Ерөнхийлөгчид нэр дэвшигч Х.Баттулгад өгөв. Иргэдийнхээ одоо байгаа зээлийн өрийн үлдэгдлийг "Эрдэнэс Тавантолгой”-н ногдол ашгаар төлүүлэх боломжтой гэжээ. Ийм утгагүй халамжийн шинж чанартай зүйл ярьж байхаар бодлого ярь л даа АН-ынхаан. АН, МАН хамтраад ирэх 10, 20 жилээ төлөвлө л дөө. Зөвхөн сонгуулийн дөрвөн жилийн мөчлөгөд чөдөрлөгдөж, явцуу богино бодлого ярьж, улс төр хийхээ больчих л доо. Ирээдүйгээ харж, эх орноо хөгжүүлмээр байна. Түүнээс биш өнөө маргаашаа аргацаасан өрийг тэглэх тухай яриад суухаасаа ичээч. Өргүй хүмүүс бас бий. Тэр хүмүүс өртэй хүмүүсийнхээ өрийг даралцах уу. Аль эсвэл гаднаас зээл авч өр дарах уу. Хэдэн жил хэрүүлээсээ болоод хөдөлгөж ч чадахгүй байгаа "Эрдэнэс Тавантолгой”-г хэзээ хөдөлгөж, ногдол ашгаар нь өр дарах гээд байгаа юм бэ.

Өр дарах тухай биш өргүй амьдрах, ажилтай, орлоготой амьдрах нөхцөл боломж, эдийн засгийн эрх чөлөөг нь олгооч. Эрүүл, аюулгүй, тайван орчинд амьдрах тийм л бололцоог олгооч. Иргэд нь ажилтай, орлоготой байгаад цалин нь амьдралынх нь өртөгт хүрдэг, цалингийн зээл авахааргүй тийм л орчныг бүрдүүлчихээч. Өнөөдөр амьдралынх нь өртөг хаанаа ч хүрэхгүй болохоор цалингийн зээл, сургалтын төлбөрийн зээл, малчны зээл, байрны зээл гээд олон зээлийн дарамтад орчихоод байгаа нь үнэн. Бас ажил олдохгүй байгаа учраас энэ олон зээлээ дарж чадахгүй байгаа нь ч үнэн. Энэнд нь дөрөөлж, зээлийг чинь дараад өгье гээд яриад суумааргүй байна. Харин үүнийхээ оронд цалингаа нэм, тэтгэврээ нэм. Ажлын байрыг нэмэгдүүл. Үйлдвэр барь. Хөдөө аж ахуйн салбараа дэмж. Иргэдийнхээ боловсролд хөрөнгө оруул. Иргэдээ чадавхжуулж, ажилтай, орлоготой болж байж, улс хөгжинө. Түүнээс биш тэдний нэг удаагийн зээлийг хаагаад яах юм бэ. Зээлээ хаагаад дахиад л зээл тавина. Хэдэн жилийн дараа мөн л бахь байдгаараа байна. Би л хувьдаа ийм амьдралыг хүсэхгүй байна. Харин АН, МАН-ынхнаас бодлого ярихыг хүсэж байна. "Манай улс 10 жилийн дараа яаж хөгжих вэ” энэ асуултад итгэл дүүрэн хариулах, зорилготой зорилттой тийм хөтөлбөр бидэнд хэрэгтэй гэдгийг дахин дахин хэлэхийг хүслээ.   

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen