Амиа золиослогчийг цагдаа нар буудан хороов
Бельгийн нийслэл Брюссель хотын цагдаагийнхан уржигдар метрогийн станц болон "Гран-Пляс” талбайд ойрхон байрладаг төмөр замын төв вокзалаас хүмүүсийг яаралтай нүүлгэн шилжүүлсэн байна. Төв вокзалын ойролцоо дэлбэрэлт болсны улмаас дээрх арга хэмжээг авчээ. Дэлбэрэлт болсон газарт очсон цагдаа нар нэгэн эрийг буудан хороосон байна. Гэрчүүдийн ярьснаар буудуулсан эрэгтэй тэсрэх бөмбөгтэй бүс зүүсэн байжээ.
Дэлбэрэлт болсон газрын ойр орчмыг цагдаагийнхан бүрэн хяналтад авсан байна. Бельгийн Ерөнхий сайд Шарль Мишель болон Дотоод хэргийн сайд Ян Жамбон нар байдлыг шууд хянаж байгаа гэнэ.
Энэ сарын 20-ны өдрийн орой Брюссель хотын төмөр замын вокзалд амиа золиослогч дэлбэрэлт үйлджээ. Амиа золиослогчийг цагдаа нар буудан хороосны дараа түүний тэсрэх бөмбөгтэй бүсийг сапёрууд аюулгүй болгосон байна. Дэлбэрэлтэд иргэд өртөөгүй, барилга байгууламжид бага зэргийн хохирол учирчээ.
Халдлагыг 30-35 орчим насны эрэгтэй үйлдсэн гэдгийг хэргийн газарт байсан хүмүүс гэрчилжээ. Тэдний хэлснээр сэжигтэн "Аллаху акбар” хэмээн хашгирч, жихадистуудын нэрийг дуудаж, үүргэвчээсээ нэг зүйлийг гаргаж ирээд тэсэлсэн гэнэ. Брюссель хотын прокурорын газар халдлагаас урьдчилан сэргийлж чадсан гэж мэдэгдэв.
М.ХҮСЛЭН
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин