Хэлэх нь биш ХЭН БАЙХ НЬ ЧУХАЛ

Хэлэх нь биш ХЭН БАЙХ НЬ ЧУХАЛ

 

Хуульд заасны дагуу сонгуулийн сурталчилгаа 17 хоногийн дараа дуусгавар болж, Монгол Улсын тав дахь төрийн тэргүүнийг сонгох санал хураалт эхэлнэ. Өөрөөр хэлбэл, сонгуулийн сурталчилгаа энэ сарын 24-ний 00.00 цагаар дуусгавар болж, 26-ны өдрийн өглөөний 07.00 цагаас шөнийн 22.00 цаг хүртэл үргэлжлэх санал хураалтын ур дүнгээр шинэ төрийн тэргүүн тодруулна. Дөрвөн жилд нэг удаа болдог сонгуулийн цикл үүгээр дуусгавар болж, монголчууд шинэ төрийн тэргүүнтэйгээ 2020 оны сонгуультай золгоно гэсэн үг. Тэр болтол амьдрал үргэлжилдгээрээ үргэлжилж, ард түмэн амьдардгаараа амьдарна. Гэхдээ энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль өөрийн гэсэн онцлогтой, бас даалгавартай. Учир нь, нэр дэвшигч гурван эрхмийн аль нь ч гарсан төрийн тогголцоо, эдийн засагт жин дарах, гадаад тавцанд ямар мессеж өгөх нь чухал юм.

 

Ялангуяа эдийн засгаа эрчимт эмчилгээний тасгаас гаргаж зөв гарц руу нь чиглүүлж эхэлсэн энэ цаг үед тав дахь төрийн тэргүүн хэн байх, УИХ, Засгийн газартайгаа хэрхэн хамтарч ажиллахаас Монголын ирээдүй хамаарах учраас тэр. Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчид тодрох үеэр олон улсын мэдээллийн байгууллагаас нэр бүхий хүнийг онцолж бичсэн нь ч үүнтэй холбоотой болов уу. Жишээ нь, олон улсын "Ройтерс” агентлаг МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатартай холбоотой мэдээллийг цацаж байлаа. Уг мэдээлэдд "Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх гурван хүний нэгээр Оюу толгойн зэсийн уурхайн дийлэнх хувийг эзэмшигч "Рио Тинто”-г хүчтэй эсэргүүцэгч, үндсэрхэг үзэлт С.Ганбаатар тодроод байна. Сайнхүү Ганбаатар нь УИХ-ын популист гишүүн асан, МҮЭ-ийн дарга байсан бөгөөд МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшээд байна. УИХ-ын гишүүн асан С.Ганбаатар нь гадаадын уул уурхайтай холбоотой гадаадын хөрөнгө оруулалтын маргааны талаар шүүмжилдэг үндэсний үзэлтэй улстөрчдийн цөөн төлөөллийн нэг. Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооноос С.Ганбаатарыг энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх зөвшөөрөл олгосноор МАН-аас нэр дэвшигч М.Энхболд, АН-аас нэр дэвшигч Х.Баттулга нартай өрсөлдөх эрх нь нээгджээ. Тэрбээр 2012-2016 онд УИХ-д хууль тогтоох эрх мэдэлтэй байхдаа Монголын түнш байгууллага "Рио Тинто” компанийг хүчтэй шүүмжилж, Монгол Улс илүү сайн гэрээ хэлэлцээр хийх ёстой хэмээж байв. Улаанбаатарт суугаа "Рио Тинто” компанийн хэвлэлийн төлөөлөгч С.Ганбаатарыг Еренхийлөгчийн сонгуульд өрсөлдөх талаар байр сууриа илэрхийлэхээс татгалзав. "Сант Марал” төвийн тэргүүн Л.Сумати хэлэхдээ "С.Ганбаатар хэдий олны дунд нэр хүндтэй ч Ерөнхийлөгчид тохирохгүй” гэж хэлсэн байна. Монгол Улс нь ОХУ, Хятад хоёрын дунд орших "ардчиллын баян бүрд” үндэстэн. Одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хоёр удаа дахин сонгогдсоны дараа шинэ төрийн тэргүүнээ сонгох цаг ирээд байна” гэж бичсэн байдаг.

 

Харин CNN агентлагаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч гурван хүний хоёр нь дээд боловсролгүй хэмээн онцолж байв. Зарим агентлагаас АН-ын нэр дэвшигч Х.Баттулгыг сонгогдвол гадаад бодлого хумигдаж, ам.долларын ханшийг барьж чадалгүй тавиад туучих гэмтэй гэж тодотгосон байдаг. Эндээс Монгол Улсын тав дахь төрийн тэргүүн эдийн засаг, гадаадын хөрөнгө оруулалт, тэр дундаа гадаад орчинд ямар нөлөөтэйг харж болно. Тэгэхээр сонгуулийн сөрөг мэдээлэл тойрсон хий хоосон хийрхлээс илүүтэй зөв сонголт хийх нь бидэнд чухал байгаа юм. Цаашлаад төр засаг нь тогтвортой байвал төгрөгийн ханш тогтворжиж, тэр хэрээрээ амьдрал тогтуун болно. Нэг үгээр хэлбэл, төрийг тогтвортой байлгах суурь нь хэн нэгний хувийн эрх ашиг, амбийц гэхээсээ эвтэй, ээлтэй байдлаар улсынхаа хөгжлийг хардаг Ерөнхийлөгчийг сонгох хэрэгтэй гэсэн үг. Тэгвэл Ерөнхийлөгчид нэр дэвшигч гурван хүнд энэхүү үзэл баримтлал бий эсэхийг харъя.

МАН-аас нэр дэвшигч М.Энхболдын хувьд намын даргаар хоёр дахиа сонгогдсон, Ерөнхий сайд, Шадар сайд, нийслэлийн Засаг даргаар ажиллаж байсан ихэнхдээ багийн зарчмаар ажиллах туршлага хуримтлуулсан нэгэн. Сонгуулийн уриа нь ч "Эвтэй Монголын төлөө” хэмээсэн нь үүнийг илтгэх мэт. Тиймээс М.Энхболд Ерөнхийлөгч болсон тохиолдолд төрийн тогтолцоог эвтэй, эв нэгдэлтэй байдлаар урагшлуулах алхмыг хийх магадлал өндөр. Харин Х.Баттулгын тухайд арай өөр дүр зураг бууж байна. АН эрх барьж байх үед Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулахад гол хөшүүрэг нь болсон тэрбээр Ерөнхий сайдаа суудлаас нь түлхэж унагаасныхаа дараа "Заналтайгаар огцруулсан” хэмээн хээвнэг ярьж байсан удаатай. Аливаа асуудалд, тэр дундаа төрийн ажилд иймэрхүү өсөрхөг сэтгэлгээгээр ханддаг хүн эв нэгдлийн бэлгэдлээр сонгогдож, Ерөнхийлөгчөөр сонгогдвол хэрхэх нь мэдээж эргэлзээтэй. Эсрэгээрээ төр тогтворгүйтэж, төгрөгийн ханш уруудахаас эхлээд иргэдийн амьдралд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй. Засгийн газар нэг огцорвол түүнээс нь үсэрсэн оч тал бүрт түймэр тарьж хямралын үүд хаалгыг нээдэг гэмтэй. Эдийн засагт ч эерэг нөлөө үзүүлсэн түүх байхгүй. Харин ч эдийн засаг нь уруудаж, иргэдийн нуруун дээрх ачаа хүндэрдгийг бид өнгөрсөн хугацаанд хангалттай харсан, үзсэн, мэдэрсэн. Нөгөө талаар УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар АН-ын Засгийн газрын үед бариагүй замынхаа өртгийг хоёр дахин нугалж авчихаад ялгүй, хариуцлага хүлээхгүй яваа нь өнөөгийн нийгмийн дүр төрх. Энэ бол Ардчилсан гэх малгайн дор нуугдсан өмнөх Засгийн газрын гавьяа гэхээсээ гай. Ардчилсан Ерөнхийлөгч нь хууль шүүхээ гартаа базчихаад хариуцлага тооцуулах боломж олгохгүй, боомилж суугаа нь нэг талаар эмгэнэл, нөгөө талаар хуулийн хяналтын салбар хэрхэн гажуудсаиы бодит үнэн. Тэгэхээр Х.Баттулга төрийн тэргүүн болсон тохиолдолд өмнө Ерөнхийлөгчийнхөө үйл хэргийг үргэлжлүүлэх, төлөвшиж эхэлсэн төрийн тогтолцоог хагаралтай болгохгүй гэсэн баталгаа өнөөдөртөө байхгүй. Тэр хэрээрээ төрийн хямрал гүнзгийрч, түүний тойрон хүрээлэгчид хариуцлагаас мултарна.

 

МАХН-ын нэр дэвшигч С.Ганбаатар гарлаа гэж бодоход тангараг өргөсөн өдрөөс нь гадаадын хөрөнгө оруулагчид биднээс нүүр буруулна. Эдийн засаг эргээд хямарч, валютын урсгал тасарна. Үүнийг олон улсын мэдээллийн хэрэгслүүдээр ч тодотгож эхэлсэн байна лээ. Үүний нэг нь "Ройтерс”-т дурдсан мэдээлэл болов уу. Эцэст нь хэлэхэд, эвгүй, боловсролгуй Монголын үрээр хямрал бий болж, эдийн засаг туйлдсан нь туйлын үнэн. Энэ хугацаанд хяналт нэртэй өширхсөн, үгүйсгэсэн, дайрсан, довтолсон, доромжилсон тулга тойрсон хэрүүлээс үүдэж иргэдийн амьдрал суурин дээрээ хий эргэсэн дугуй шиг дээрдсэнгүй. Өөрөөр хэлбэл, хэрүүлийн торгуулийг улстөрчид биш ард түмэн төлж байна. Эдийн засгийн 17 хувийн өсөлтийг 17 дахин унагаасны хариуцлагыг одоо ч бид үүрч яваа нь нууц биш. Тиймээс амьдралаа бодьё. Ингэхдээ эвтэй Монголыг бүтээхийн төлөө үүрэг хариуцлагаа ухамсарлаж, зөв сонголтоо л хийе. Хэлэх нь биш хэн байх нь чухал.



С.СҮЛД /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen