Мөнгөний бодлогыг улстөржүүлж болохгүй гэдгийг Н.Баяртсайхан захирал та мэдэх үү?
Монголбанк шинэ удирдлагатай болоод удаагүй байгаа энэ үед Монголбанкны Захирлуудын зөвлөлийн хурлаас бодлогын хүүг 4.5 нэгж хувиар нэмэгдүүлэн 15 хувьд хүргэх шийдвэрийг гаргалаа. Энэ бол яах аргагүй анхаарал татсан шийдвэр гэдгийг хэлэх хэрэгтэй. Өмнө нь бол бодлогын хүүг бууруулсан шийдвэрүүдийг гаргаж ирсэн байгаа. Монголбанк энэ он гарсаар бодлогын хүүг 2 удаа бууруулах шийдвэр гаргасан. Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Д.Болдбаатар хэлэхдээ "Мөнгөний бодлогын хүү бууруулсан шийдвэрүүд нь оны сүүлийн хагаст бодит эдийн засгийн идэвхжилийг тэтгэх үүрэгтэй байх юм. Төсвийн тодотголоор сангийн бодлогын тохиргоо хийж чадвал бодлогын хүүний энэ нөлөө илүү сайн үр дүнтэй байх болно.Төсвийн зарлагыг бууруулах нь хувийн хэвшлийн зээлийн эх үүсвэрийг чөлөөлж өгөхөөс гадна төгрөгийн өгөөжийг нэмэгдүүлж валютын ханш сулрах дарамтыг бууруулахад чухал ач холбогдолтой бодлогын тохиргоо болоод байна. Мөнгөний бодлогын шийдвэр өөрөө ирээдүйд аажуу нөлөөлдөг бол сангийн бодлогын өөрчлөлт түргэн хугацаанд нөлөө үзүүлэх чадвартай байдаг.” хэмээн хэлж байсан. Тэгэхээр эндээс харахад төсөв мөнгөний бодлогын зөв уялдаа шаардлагатай харагдаж байгаа.
Гэтэл төв банкинд Н.Баяртсайхан захирлаар очингуутаа тэс эсрэг алхам хийлээ. Захирлуудын зөвлөлөөс гаргасан мэдэгдэлд дурдсанаар бол "Хэдийгээр инфляци бага түвшинд хадгалагдаж байгаа ч төгрөгийн ам.доллартай харьцах ханш 7 дугаар сарын эцэстэй харьцуулахад 7.9 хувиар суларсан үзүүлэлттэй байна. Монгол Улсын гадаад худалдааны тэнцэл 2016 оны эхний хагас жилийн байдлаар өмнөх оны мөн үеэс 602.0 сая ам.доллараар сайжирч, урсгал тэнцлийн алдагдал 2 дахин буурлаа.
Валютын орох болон гарах урсгалын тэнцэлд ийнхүү нааштай хандлага харагдаж байгаа ч цаашид макро эдийн засгийн суурийг бэхжүүлэх, төгрөгт итгэх итгэлийг бэхжүүлж, төгрөгийн өгөөжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн шат дараалсан арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Иймд Монголбанк төгрөгийн ханшийг хамгаалах, эдийн засгийн дунд хугацааны тогтвортой байдлыг хангах зорилгоор төгрөгийн активын өгөөжийг нэмэгдүүлэх арга хэмжээг авч байна. Үүний зэрэгцээ төсвийн болон мөнгөний бодлогын засах арга хэмжээг эрчимтэй авч хэрэгжүүлэх замаар төгрөгийн ханшийн тэнцвэрийг хангах бодлого баримтална.” гэжээ.
Тэгэхээр энэ мэдэгдлээс харахад бол Монголбанк нэг талаас хэт яарсан алхам хийж байгаа харагдаж байна. Бодлогын хүүний энэ өсөлтийг дагаад мэдээж зээлийн хүү нэмэгдэж таарна. Дагаад үндэсний үйлдвэрлэгчдийн үйл ажиллагаанд сөрөг нөлөөлөл үзүүлж таарна. Эдийн засаг хумигдах эрсдэлтэй гэдгийг хэлэх хэрэгтэй болов уу.
Шинэ удирдлага Н.Баяртсайханд хандаж хэлэхэд мөнгөний бодлогоор хаа хамаагүй наадаж болохгүй эд шүү. Төгрөгийн өгөөжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн алхам чухал байгаа ч, ийм маягийн ширүүн алхмууд бол эдийн засагт эргээд сөрөг нөлөөлөл дагуулах магадлал өндөр шүү дээ.
Эх сурвалж: Э.Болор, Шуурхай.мн