Орос бондын арилжаанд гаднынхан хошуурч байна
Өрнөдийн зүгээс тавьсан хориг арга хэмжээ хэрэгжиж эхэлснээс хойш анх удаа олон улсын
бондын зах зээл дээр гаргаж буй ОХУ-ын Засгийн газрын бондын эхний нэг тэрбум ам.доллартай тэнцэх хэсгийг гадаадын хөрөнгө оруулагчид мягмар гарагт шууд худалдан авсан нь санаанд оромгүй үйлдэл боллоо.
Дотоодын үнэ хаягч олон байсан ч Москва дэлхийн бүх цагийн бүсэд байрлаж буй хөрөнгө оруулагчдын сонирхлыг татах үүднээс бонд гаргах хугацааг 24 цагаар нээлттэй үргэлжлүүлсэн нь уламжлалт бус арга хэмжээнд тооцогдож байна.
Уг хугацаанд АНУ, Европ, Азийн хөрөнгө оруулагчид нийт долоон тэрбум ам.долларын захиалга хийсэн талаар арилжаанд ойр эх сурвалж тайлбарлав. Гэхдээ анх гурван тэрбум ам.долларын бонд борлуулахаар төлөвлөж байсан ОХУ арван жилийн хугацаат шинэ бондоор дамжуулан 1.75 тэрбум ам.доллар зээлээр авч таарлаа.
Дэлхийн бонд эзэмшигчдийн хувьд уг наймаанд оролцоход тулгарч буй гол бэрхшээл нь Украины дайнд гүйцэтгэж буй ОХУ-ын үүрэгтэй холбогдуулан АНУ, Европын холбооноос 2014 онд тавьсан хориг. Үүн дээр энэ оны эхээр Москва уг бондын арилжааг олон улсын банк хөлслөн гүйцэтгэж чадахгүй болсонтой холбогдуулан тус улсын хагас төрийн өмчийн VTB группын харьяа VTB банкаар дамжуулахаар болсон нь нэмэлт хүндрэл болж байна.
VTB нь хориг тавиулсан байгууллага төдийгүй, бондын арилжааг Euroclear, Clearstream зэрэг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн төлбөр тооцооны байгууллагаар үл дамжуулахаар болов. Энэ нь хөрөнгө оруулагчдад мөн л түвэгтэй байна.
"Хориг арга хэмжээ, төлбөр тооцооны асуудал зэргийг харгалзах аваас энэхүү бонд гадаадынхны сонирхол татаад байхааргүй. Ийм нөхцөлд бонд зарах нь хачин шийдвэр” хэмээн Standard Life Investments-ийн Хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан захирал Марк Бэйкер өгүүлэв. Мягмар гарагийн жин үд гэхэд ОХУ-ын бондыг худалдан авах үнийн санал зургаан тэрбум ам.доллар давсны ихэнх нь дотоодын худалдан авагчдынх байсан гэсэн яриа дэгдлээ.
Арилжаанд дэлхийн голлох хөгжиж буй зах зээлүүдийн сангуудыг оролцуулаад олон улсын хөрөнгө оруулагчид цөөн байсан нь бонд гаргах хугацааг сунгах шалтгаан болсон хэмээн хөрөнгө оруулалтын менежментийн GAM компанийн Хөгжиж буй зах зээл хариуцсан захирал Пол МакНамара үзэж байна. "Наймаа тохирсон нь болчихлоо гэхэд хэцүү. Мөнгөний ихэнх нь ОХУ-ын банк, компаниудынх байгаа тохиолдолд энэ улс гадаадаас мөнгө оруулж чадахгүй л үлдэнэ” хэмээн ноён МакНамара өгүүллээ.
Мягмар гарагийн орой Barclays ОХУ-ын бонд "хөрөнгө оруулалт болж чадах, эсэхийг тодруулах” үүднээс индексийн жагсаалтад оруулахаа харзнахаа мэдэгдсэн нь арилжааг улам хүндрүүлэв. Дараа нь JPMorgan уг бондыг индексдээ багтаах, эсэхийг эргэцүүлж байгаа хэмээн мэдэгдлээ.
Газрын тосны үнэ тогтворжиж эхлэн, АНУ бодлогын хүүгээ өсгөнө гэсэн таамаг замхарсны ачаар олон улсын хөрөнгө оруулагчид хөгжиж буй зах зээлийн өрийг сонирхох нь сүүлийн саруудад ихэссэн. Аргентин 2001 онд дефолт зарласнаас хойш анх удаа 70 тэрбум ам.доллараар үнэлэгдэх евробонд арилжихаар шийдлээ.
Гэхдээ энэ оны эхээр Вашингтон, Брюсселиэс банкуудад өгсөн сануулга нь зээлдүүлэгч, хөрөнгө оруулагчдын хувьд ОХУ-ын өрийг худалдан авахаас зайлсхийх дохио болж байна. "ОХУ дотоодоосоо мөнгө босгож таарна. Банкуудад нь ам.доллараар нэрлэсэн өр худалдан авах мөнгө байгааг эрх баригчид нь мэдэж байгаа. Тэгэхээр Кремлийн хөрөнгө босгох нэг төлөвлөгөө л гэсэн үг” хэмээн Oxford Economics-ийн эдийн засагч Нафез Зоук тайлбарлав.
Газрын тосны үнэ уналт, хориг арга хэмжээнээс үүдэн төсвийн алдагдал ихэссэн ОХУ сүүлийн 20 жилийн хамгийн хүнд үедээ байгаа юм.
Элейн Мур
Засгийн газрын мэдээ