Амьдрал өөд тэмүүлсэн аварга “царс мод”
Хүний хөргийг л бүтээх тун хэцүү гэж манай нэлээд алдартай зураач нар ярьсаныг сонсож явлаа. Мөн, "За даа, манай тэрний зурсан малчин өвгөний хөрөг л дотоод ертөнцийг нь гайгүй гаргасан харагдана билээ” хэмээн өгүүлж байхыг бас сонсож суулаа. Тэгэхээр бид зураачийн бүтээсэн хэн нэгний хөргийг хараад хэрхэн адилхан болж вэ гэдгийг л харахаас биш, түүнтэй хамт сэтгэлийг нь бас дүрсэлдэгийг тэр бүр ойлгодоггүй бололтой.
Миний бие Онцгой байдлын ерөнхий газарт хэсэгхэн хугацаанд ажиллах зуураа тэднийг урьд нь тусгай хувцас хэрэглэл өмсөж зүүсэн цэргийн хүмүүс л гэж харж байснаас бус хүлээсэн үүрэг, гүйцэтгэдэг ажил, хөдөлмөр нь хэрхэн хүнд, ярвигтай болох, тэр ч бүү хэл энхтайван цагт жинхэнэ "байлдааны” даалгавар биелүүлдэг, үнэхээр л онцгой нөхөд юм байна шүү гэдгийг нүдээрээ харж, сэтгэлээрээ мэдэрсэн юм. Тиймээс сэтгүүлчийн хувьд энэ байгууллагын тулгын чулууг тавьсан үеэс авахуулаад өдий хүртэл удирдаж явсан дарга нарын сайхан хөргийг үгээр бүтээх юмсан гэсэн бодолтөрөх болж, улмаар тэрхүү мөрөөдөл гэмээр шахам зүйлээ гэнэт биелүүлэхээр шийдсэндээ зураачдын яриаг ийнхүү дурсаж санасан хэрэг. Мөн БНМАУ-ын Иргэний хамгаалалтын байгууллагын үндэс суурийг тавьж, эрхзүйн орчин, үйл ажиллагаа, зорилт, зохион байгуулалтыг тодорхойлж, хэлбэршүүлсэн хүн болох Монгол Улсын төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн, хурандаа генерал Сандивын Равдан гуайгаас эхлэнэ гэхээс басхүү эмээн зүрхшээж байсныг нуух хэрэггүй биз ээ.
Хүний амьдрал өөр өөрийн гэсэн үеүүдтэй, тэр бүр нь бас хаалгатай байдаг гэнэм. Гэхдээ нэгэн үе нь дуусахад дараачийнх нь хаалга нээгдээд, тодорхой хугацааны дараа хаагдах, нээгдэх маягаар эцэс төгсгөлгүй үргэлжилдэг учраас амьдрал мөнх хэмээн ярьдаг. Нөгөө талаас, амьдралыг нэгэн их өвөр сүрлэг уул гэвэл түүний оргил дээр арай чамай авирсаар гарахад цаана нь дахиад л бас нэгэн уул хүлээж байдагтай адил учраас хүмүүний туулсан замыг уулын оргил өөд авирах тэмцэл гэж үздэг аж. Тиймээс ч амьдрал хэмээх орой нь үл үзэгдэх оргилын зүг удаан авирч, түмэн бэрхийг туулна гэж өвөг дээдэс маань өгүүлсэн бололтой.
С.Равдан гуайн туулсан амьдралын зах зухыг сонсоод юуны өмнө ийм нэгэн "уулчинтай” зүйрлэх санаа өөрийн эрхгүй төрж байлаа. Тэрбээр Ардын хувьсгал, Оросын Дорно дахины их сургууль, их, бага дайн тулаанууд, бүтээн байгуулалт, дипломат ажил, иргэний хамгаалалт гээд тун олон "уулсын” оргил дээр гарчээ. Мөн өдгөө ч энэ эрхмийн амьдралынх нь үе мөчлөгүүд дуусаагүй байна. Түүний мөнхийн амьдрал үр хүүхэд, ач гуч, зээ зээнцэр нараар нь дамжаад чухам хаана хүрч буудаллах нь үл мэдэгдэх нэгэн уртаас урт, эцэс төгсгөлгүй хээрийн зам мэт ирээдүйн зүг үргэлжилсээр л.
С.Равдан Сэцэнхан аймгийн Ачит вангийн хошуу, одоогийн Дорнод аймгийн Чойбалсан сумын нутгийн Хэрлэн цагаан талбай гэдэг газар 1907 онд мэндэлжээ. Хүүхэд насаа хонины билчээрт үдэхдээ зөвхөн хурга ишигтэй хөөцөлдөөд байсангүй, мөн ухаант эцэг эхийнхээ ачаар "цамын будаа” идэхээр хүрээ хийд ч бараадсангүй, харин монгол бичгийн багш Базар зайсангийн хонь хариулж, улмаар ухаан сийрэг, хичээнгүй тулдаа шавь орж, бичиг үсэг сайтар суржээ. Нэгэнтээ үсийг нь нутгийн банди нар дэггүйтэн хяргасныг хөгшчүүд болохоор "баячуудын хүүхдүүд дууриаж, гэзгээ огтоллоо” гэдэг байсан бол харин баячууд "төрийн хар хүмүүс гэзгээ авах боллоо, энэ бол гуйлгачид толгой дээр гарах цөвүүн цаг иржээ” гэдэг байж. Түүнийг Эвлэлд элсэхийн өмнөхөн болж байгаа хэрэг л дээ. Тиймээс Эвлэлийн гишүүн болохыг зөгнөж байжээ гэж дурссан байна. Ингээд сайн багш, өөрийн хичээл зүтгэлээр бичиг үсэгтэй нэгэн болж, хувьсгалтай золгосноор хошууны тамгын газарт тал бичээч гэсэн албыг хаших болсон байдаг. Шинийг мэдэх хүсэлдээ хөтлөгдөн ёстой л аавын бийд газар үзэхээр шийдэж, 17 насандаа төрсөн нутаг, эцэг эхээ орхиж, суман өртөөгөөр гурав хоног довтолгож,Богдын Хүрээнд ирсэн нь түүний амьдрал, тэмцлийн гараа байлаа.
Тэрбээр Хувьсгалт Залуучуудын эвлэлийн Ш их хуралд оролцохоор ийнхүү Хүрээнд анх хөл тавихдаа яваад очих хамаатан садан битгий хэл таних айлгүй учир хамт явсан нөхрийнхөө танилын хашаа бараадсан байна. Тэгээд зогсохгүй,хурлын үед Засагтхан аймгаас ирсэн, хэцүүхэн газар хоноглож явсан нэгэн залууг дагуулж авчраад, нэгийнхээ дээлийг дэвсэж, нөгөө дээлээ нөмрөн унтаж, нөхөрлөх болсон нь хожим Намын Төв Хорооны хэлтсийн орлогч, Дотоодыг хамгаалах газрын дарга, Намын Төв Хорооны нарийн бичгийн дарга, орчин цагийн Монголын нам, төрийн зүтгэлтэн, соён гэгээрүүлэгч Б.Элдэв-Очир байжээ. Ийнхүү сар шахам үргэлжилсэн их хурал өндөрлөж, хэсэг залууг Зөвлөлт Орос Улсад сургуульд явуулна гэсэнд сурахыг эрхэм болгосон мань хүн тэр даруй өргөдлөө өгсөн боловч ханиад хүрч, нөгөөх нь хүндэрснээр эхний хэсэгт багтсангүй, боловсон эмнэлэгт хэвтэж, Зөвлөлтийн нэрт эмч П.Н.Шастинаар хэсэгтээ эмчлүүлжээ. Эмнэлгээс гарсан даруйтүүний уулзсан Эвлэлийн Төв хорооны нарийн бичгийн дарга Д.Нацагдорж 40 янчааны цалинтай бичээчийн ажил санал болгоход дуртайя зөвшөөрч, удалгүй Улсын Анхдугаар Их Хуралд дайчлагдан ажиллаж байгаадЗОУ-ынЛенинградын Дорно дахины дээд сургуульд суралцаж, 1928 онд төгсөөд, эх нутагтаа дөрвөн жилийн дараа хөл тавьжээ.
Тэвэрт багтамгүй бүдүүн мод ч тэртээ нэгэн цагт бяцхан сөөгийн чинээний байсан нь хэнд ч тодорхой. Харин уг мод чухам ямар хөрсөнд ургав гэдгээс шалтгаалан том жижиг нь хамаарах тал бий. Хүмүүний амьдралыг тэрхүү сөөгтэй зүйрлэвэл чухам тэр хэрхэн ургаж төлжив гэдгээс цаашдын нь амьдрал тун их хамаардаг. Ухаандаа хаана, хэнийд, хэн болж төлөвшив гэдгээс л хамаг бүхэн хамаардаг хэмээн хэлэх гээд буй хэрэг л дээ. С.Равдангийн төрж, өссөн гэрийн нь хүмүүжил, хэзээний хөдөлмөрч заншил, үнэнч шударга зангаас гадна, энэ бүгдийн нь хөгжиж дэмжих хөрс суурь нь болсон аав, ээжийн нь арван цагаан буян, төрсөн нутаг, уул ус нь тулж түшсэнээр Богдын хүрээний зүг зориглон хөдлөхөд хүргэж, хувь заяагаа шинэ цагийн эрхшээлд бүрэн тушаасан нэгэн. Мөн тэрбээр хар багаасаа өөрөө өөрийгөө хайж, хайснаа олж явсны хамгийн тод жишээ гэлтэй.
Миний өмнө ЗХУ-ын хошой баатар, БНМАУ-ын баатар, армийн генерал И.А.Плиевын "Квантуны арми сөнөсөн нь” гэдэг 1970 онд хэвлэгдсэн ном дэлгээтэй байна. Тэрбээр Японы байлдах чадвар хамгийн өндөр, нэг сая хүнтэй армийг бутцохиж, Дэлхийн II дайны төгсгөлд цэг хатгахад Зөвлөлт-Монголын морьт-механикжуулсан бүлэг ямар их хүчин зүтгэл гаргаж, олон удаагийн цус асгаруулсан тулаан давсаныг өгүүлээд, уг дурсамж номынхоо 19 дүгээр хуудаснаа: "...Японы түрэмгийлэгчдийг эсэргүүцэх дайнд хамтран байлдах Монгол нөхдөө маш их сонирхон ажиглав. Тэдний идэр залуу, цовоо чийрэг царай байдал өөрийн эрхгүй сэтгэл татаж байлаа. Цаашдаа би генерал Ж.Лхагвасүрэн, С.Равдан болон бусад нөхөдтэй цуг ажиллаж, тэдний зохион байгуулагч, цэргийн эрдэм чадварыг олж мэдсэндээ баяртай байдаг...” гэжээ.
С.Равдан ардын цэрэгт татагдаж, 1932 оны Иргэний дайн, 1935, 1936 оны Адагдулаан, Буландэрсний байлдаан, 1939 оны Халхын голын дайн, 1941 онд Москвагийн хамгаалалт, 1945 оны Чөлөөлөх дайн, 1947-1948 оны Баруун хилийн тулгаралт гээд 6 удаагийн дайн, байлдаанд биеэр оролцож, Эх Орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцлийн тэргүүн эгнээнд явсан байдаг. Чөлөөлөх дайны дараа Ю.Цэдэнбалаас Ардын цэргийн Улстөрийн газрын даргын ажлыг авчээ. Цэргийн ерөнхий сургуульд ажиллаж байхдаа тэрээр соёлын үрийг дэлгэрүүлэхэд сайн ажилласан гэдгээр Улс хувьсгалын 15 жилийн ойгоор энгийн хүн шагнагддаг Бичгийн гавъяаны одонгоор (1926 онд батлагдаж, 1939 онд Аж үйлдвэрийн гавъяаны одон, 1945 оноос Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон) шагнагдсан нь сонин юм.
"Ингэхэд ямар ч ажлыг эхлэх л хамгаас хэцүү. Нэгэнт эхэлчихсэн байхад тийм ч их хүч чадал орох шаардлагагүй нь тодорхой болоод ирдэг. Харин эхлээд яг юуг нь хийх вэ гэдгээ шийдэх л хэцүү дээ. Өөрөөр хэлбэл, эхний шийдвэр гаргах явдал л хүнд гэсэн үг”. Энэ бол С.Равдан гуайн үг, бас баримталж явдаг зарчмын нь нэг байлаа. "Хэрвээ та тэгшхэн л зогсч байгаа бол сүүдэр минь хазгай байх вий гэж бүү болгоомжил” гэсэн манай Дорно зүгийнхэн хэлсэн үг бий. Тэгвэл С.Равдан хэзээд тэгшхэн зогсч буйгаа маш сайн мэддэг байсан учир сүүдрийнхээ зүг огтхон ч анхаарч байгаагүй тул бэрх цагийн авир араншингаас үл эмээж, олон байгууллагын эх суурийг тавилцжээ. Тэдгээрийн нэг нь БНМАУ-ын Цэргийн тагнуулын байгууллага. Мөн Улсын иргэний хамгаалалтын газар буюу өнөөгийн Онцгой байдлын ерөнхий газрын үндэс суурь.Мэдээжийн хэрэг амьдралынхаа 42 жилийг зориулсан Ардын цэрэг, Зэвсэгт хүчнийг энд дурьдах нь илүүц биз. Тэрбээр цэл залуу 37 насандаа хошууч генерал цол хүртэж, Ардын цэргийн анхны 11 генералын нэг болсон нь тохиолдлын зүйл байгаагүй байх аа. Бас нэг сонин зүйл анзаарагдсан нь, тэрээр генерал цол олгох тогтоолын 5-д бичигдсэн бол дипломатын "генерал” буюу Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд цол хүртэгсдийн жагсаалтанд мөн 5-д бичигдэж, нэрийг нь өргөж яваа 5 сайхан үр хүүхдийн аав болжээ.
Амьдрал өөрийн гэсэн үеүүдтэй хэмээн дээр өгүүлсэн шүү дээ. Тэгвэл цэрэг армиас гадна, хувь заяа нь түүнийг дараагийн, бараг энэ дэлхийн хамгийн чухал албаны нэгэнд чимээгүйхэн бэлтгэж байсныг өөрөө анзаараагүй байж мэдэх. Цэргийн хүний амьдрал "Мэдлээ”, "Гүйцэтгэе”, "Тийм”, "Үгүй” гэсэн дөрөвхөн үгийн дотор эргэлдэх мэт харагдавч, дарга, удирдагчийн толгой дотор түмэн үйлдэл, буман шийдвэрийн зөв буруугийн гаргалгаа бужигнаж байдаг талтай. Тиймээс ч цэргийн жанжин, төрийн дипломатч хоёрыг тун адилхан гэлцдэг юм. Тэд аливааг дахин дахин бодсоны дараа л ганц үг амнаасаа унагадаг дээдийн заяат хүмүүс байдаг болов уу. С.Равдан гуай цэргийн амьдралаас гадна хар багын хэрсүү нэгэн байсны дээр туулж өнгөрүүлсэн амьдрал нь их бодож, бага ярих бас нэгэн урлаг гэмээр зүйлийг түүний оюун тархинд тун гүн суулгасан байлаа. Тиймээс төр түүнийг дипломат албанд томилж, 1950-1959 онд БНМАУ-аас БНХАУ-д суух ЭСЯ-нд зөвлөх, Хойд Солонгос, Чехословак, Албани, Болгар, Румын улсад Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдаар, мөн 1955-1956 онд ГЯЯ-ны сайдаар ч ажилласныг нь хожим цэргийн алба хааснаар тооцох тухай тусгайлан тогтоол гаргажээ. Дипломатын алба Эх Орноо хамгаалахтай адил хүнд алба. Цэрэг захираад ил тулаанд зэвсэг бариад орох нэг хэрэг, өөрийн хар толгойгоороо Эх Орноо төлөөлж,харь улсын дээд газар, хүмүүстэйбодлоготой харьцаж, найрсаг харилцаа хөгжүүлэх гэдэг өөр хэрэг. Тиймээс С.Равдан гуай энэ хугацаанд чухам хэдэн удаа атгасан гараа өөрийн эрхгүй тэнийлгэж, харийн хүнтэй инээмсэглэж, уулзаж асныг гагцүү бурхан л мэдэх байх. Дипломатын алба нь ирээдүйд 100 жил амьдрах орчин нөхцлийг бүрдүүлдэг бол улстөр зөвхөн дараачийнхаа долоо хоног хүртэлх асуудлыг л шийддэг гэсэн алдартай үг бий. Тэгвэл энэ эрхэм алсын Албани, хөрш Хятад гээд олон орны улстөрийн шатрын хөлөг дээр ямар уран нүүдэл хийснээр Эх Орныхоо хөгжилд нэгэн зууныг авчирсан бол гэдгийг өнөөгийн өндөрлөгөөс тодорхойлохын аргагүй биз ээ. Дипломатчид тун энгийн байх ёстой гэсэн алтан зарчим бас байдаг юм билээ. С.Равдан гуай яг "Монгол төрийн мэргэн өвөө” гэгддэг Ж.Самбуу гуайн адил асар энгийн нэгэн байсан тухай удирдлаганд нь зүтгэж явсан нөхдүүд эдүгээ ч дурсан ярьдаг. Аливаад тун анхааралтай ханддаг түүний зан чанар Хойд Солонгост яг ямар тусламж хэрэгтэй байгааг маш богино хугацаанд тодорхойлж, БНАСАУ-ын удирдагч Ким Ир Сентэй Монголын элчин сайд хамтдаа сууж кино үзэх зуураа Монголын ард түмний бэлэглэсэн өчнөөн адуу, үхэр 1 жилд хэдэн төл өгөх, ирээдүйд Солонгос хэдэн адуутай болох энэ тэр гээд тун энгийн яриа өрнүүлж, дараа нь хоёулаа бүүр цаасан дээр тоо бодож суусан гэсэн. Дайн байлдааны гамшиг, хор уршгийг нүдээр үзэж, биеэр туулсны хувьд өрөвч, нинжин сэтгэлтэй тэрээр хүүхдийг ирээдүйд эх орондоо хэрэгтэй иргэд болгож, хүмүүжүүлж өгөх нь юу юунаас илүү тустай ажил байна гэдгийг маш ухаалгаар харж, дайны хөлд нэрвэгдэж, өнчин хоцорсон хүүхдүүдийг ядуу ч гэсэн тайван Монголд хүмүүжүүлэх саналыг Намын Төв Хороо, Засгийн газарт оруулж, шийдвэрлүүлснээр манай оронд Хойд Солонгосын 200 хүүхдүүд амьдарч, хүмүүжиж, боловсроод эх орондоо буцсансан. Ингэж хүн хэмээх энэ дэлхий дээр хамгийн эрхэм зүйлийг тэрбээр хамгаас дээгүүрт эрхэмлэж, тэдний ихэнх нь өдгөө ч манайхантай холбоотой байдаг гэж дуулдсан шүү. Харин Хойд Солонгост ажиллах үедээ 2 удаа америкийн нисэх хүчний бөмбөгдөлтөнд өртөхдөө цохилтын долгионд өчнөөн хол шидэгдэж, битүү гэмтэл авснаар цоо эрүүл байсан хүн зүрхний эмгэг, 1 чих дүлий нутагтаа иржээ.
Сургуульд явж, тархиа цэнэглэх хүсэлт гаргасанд тэрнийг нь хэрэгсэхгүй болгож, дахин Ардын цэрэгт томилогдсоноор С.Равдан гуайн хувь заяа нь бас нэгэн сорилт, бас нэгэн замын өмнө аваачсан нь дээр өгүүлсэн Улсын иргэний хамгаалалтын буюу одоогийн Онцгой байдлын ерөнхий газрыг байгуулах явдал байлаа. Ингэхэд БХЯ-аас тусгаарлаж, ийм байгууллагын шаардлага юу байв.
Дэлхийн дайн дууссан ч улс гүрний харилцаа санаанд хүрэх чинээний сайн сайхан болсонгүй. Азид л гэхэд хоёр Солонгос 38 дугаар өргөрөгийн дагуу тусгаарлаж, бие бие рүүгээ буу шагайн хэвтэж, Америк-Вьетнамын дайны гал ид дүрвэлзэж, нэгэн цагт гайгүй анд бололцожявсан Хятад манайтай харилцаагаа бараг таслаж, тэр ч бүү хэл хилийн ойролцоо хэд хэдэн удаа цөмийн туршилт хийгээд авав. Ер нь нөхцөл байдал тун хурцадмал болж, Зөвлөлтийн цэрэг ч манай улсад байрлаж эхэллээ. Иймд болзошгүй цөмийн дайны гамшиг, үй олноор хөнөөх зэвсгээс энгийн хүн амыг хамгаалах, улс ардын аж ахуйн тогтвортой ажиллагааг хангах зорилттулгамдаж ирсэн тулУлсын иргэний хамгаалалтын газрыг БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1969 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдрийн м\н 403 дугаар тогтоолоор байгуулж, улмаар БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 1970 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн 62 дугаар зарлигаар Улсын иргэний хамгаалалтын газрыг СнЗ-ийн харъяанд байхаар баталж, даргаар нь С.Равданг томилсон байдаг. Төрийн яамны эрхтэй шинэ байгууллагын дарга тэр даруй цөмийн дайны гамшгийг арилгах, сэргээн босгох хүч хэрэгслийг бэлтгэх, тэдгээрт ард иргэдийг сурган дадлагажуулах гээд нийтийг хамарсан иргэний хамгаалалтын тогтолцоотой, бие даасан чадварлаг алба болгох анхны шанг нөхдийн хамт татжээ. Түүний хувьд өмнө нь Ардын цэрэгт туслах сайн дурын нийгэмлэг,Батлан хамгаалах хөдөлмөр нийгэмлэгийн Төв зөвлөлийн даргаар ажиллаж байсан болохоор шинэ алба тухайн ажлын үргэлжлэл, бие даасан тогтолцооны нь эхлэл байв. Зөвлөлтийн найз нөхөд нь ч ихээхэн тусалж, ялангуяа дайны үеэс эхтэй, эртний анд, ЗХУ-ын маршал В.И.Чуйков ч маш их туслажээ. Ингэснээр богино хугацаанд энэхүү хүмүүнлэгийн алба хөл дээрээ баттай зогсч чадсан байдаг. Чухамхүү энд л тэрбээр жинхэнэ нөхөрлөл аз жаргалыг хоёр дахин нэмж, гай зовлонг яг тэнцүү хуваадаг гэдгийг үзжээ.
Түүний амьдрал ээлжлэн солигдох кино зураг шиг инээд хөөр, баяр баясгалан, эмгэнэл, гуниг гээд энэ хорвоогийн эрээн мяраан бүхнээр дүүрэн байсныг хэлэх хэрэгтэй. Бага нас, Хэрлэн голын хөвөө, 1921 оны хувьсгал, Богдын Хүрээ, Оросын сургууль, цэргийн амьдрал, хэзээ мөдгүй баригдахаа хүлээж суусан түгшүүрт үе, хэлмэгдсэн найз нөхөд, олон удаагийн дайн байлдаан, дипломат алба, Иргэний хамгаалалтын газар, сайхан хань... Бас хүүхдүүдийнхээ эцэг эхийн хуралд заавал очдог, халамж хайхрамжтай сайхан эцэг гэдгийг дурьдахгүй байж чадсангүй. Эцэст нь хэлэхэд, тэр бол жинхэнэ эх орончдын нэг. Эх оронч байна гэдэг Эх Орондоо зүтгэхийн нэр юм. Эх орон гэдэг маань ердөө л ард түмэн бид шүү дээ. "Эх оронч байна гэдэг түүний төлөө амиа өгөхөд бэлэн байх төдий бус, Эх Орныхоо төлөө амьдрахын нэр юм” гэж Америкийн ерөнхийлөгч Теодор Рузвельт хэлсэн байдаг. Тэгвэл Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд, хурандаа генерал С.Равдан Эх Орныхоо төлөө амиа өгөхөд ч бэлэн явсан, мөн түүнийхээ төлөө амьдралаа бүрэн зориулж иржээ. Тиймээс энэ агуу хүнийг амьдрал хэмээх тэмцлийн өмнө тэргүүн гудайгаагүй аварга том царс модтой зүйрлэнэм.
Сэтгүүлч Б.Оюун-Эрдэнэ