Уул уурхайн компаниудын төлөөллийг “Өглөөний цай”-нд урьж ярилцлаа
Уул уурхайн компаниудын төлөөллийг "Өглөөний цай”-нд урьж ярилцлаа. Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, тэнд ажиллаж байгаа иргэдийн хөдөлмөрийн аюулгүй байдлыг сахиулан хамгаалах, уул уурхайн компаниудтай хамтран ажиллах гэрээг байгуулж ажлын байр, орон нутгийн компаниудын ханган нийлүүлэлт, хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлуудыг эрчимжүүлэх талаар санал солилцсон юм. Одоогоор аймгийн хэмжээнд 11 уул уурхайн компани үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд төр-иргэн-уул уурхайн компанийн аль алиных нь эрх ашгийг хөндөлгүй тэдэнд ахиц дэвшил, өөрчлөлт авч ирэх гэрээг байгуулахаар гэрээний төсөл дээр ажиллаж байна. Уул уурхайн компанид ажиллагсадын 50 буюу түүнээс дээш хувийг орон нутгийн иргэд эзэлдэг болно. Хамтран ажиллах гэрээг үзэглэж хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэн ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ЭРХЭМЛЭН САХИУЛСАН ЖИШИГ АЙМАГ болохыг зорьж байна.
Өглөөний цайнд Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацийн тэргүүн Н.Алагаа уригдан оролцож уул уурхай эрхлэгчдийн эрх ашиг, ард иргэдийн эрх ашигт нийцүүлэн төрийн бодлогыг хэрэгжүүлэх талаар санал бодлоо солилцсон юм. Мөн энэ үеэр Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацийн Өмнөговь аймаг дахь төлөөлөгчөөр Б.Тэнгисийг сонгосон байна. Ингэснээр уул уурхай эрхлэгчид болон тэнд ажиллаж байгаа иргэд хөдөлмөрийн аюулгүй байдлаа эрхэмлэн эрхээ хамгаалуулах бүрэн боломж бий болж байгаа юм.
Эрдэнэт хүнийхээ амь насыг хамгаалсан, эрдэс баялагаа зөв бодлогоор эдийн засгийн эргэлтэнд оруулсан хөгжлөөр тэргүүлэгч аймаг болно.