30 тэрбумын хэмнэлт ард нийтэд мэдрэгдэх үү

 

Ерөнхийлөгчийн сонгуультай зэрэгцээд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ард нийтийн санал асуулгыг хамтатган явуулахаар Засгийн газар  УИХ-д төсөл өргөн бариад байгаа.

 

Ард нийтийн санал асуулгын тухай хуулинд  "Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар санал асуулга явуулж болно” гэж заасан байдаг. Ингэхдээ  уг санал асуулгыг УИХ, Ерөнхийлөгчийн болон аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуультай хамтатган явуулах бол Сонгуулийн тухай хуульд заасны дагуу санал асуулгыг санал авах өдрөөс  65-аас доошгүй хоногийн өмнө товлон зарлана” гэж санал асуулгыг товлон зарлах хугацааг тогтоосон.  Хуулийн энэ үйлчлэлээр бол өнөөдрийн тухайд Ерөнхийлөгчийн сонгуультай хамтатган ард нийтийн санал асуулга явуулах  боломжгүй. Учир нь Ерөннхийлөгчийн сонгуулийн санал хураалт сар гаруйн дараа буюу зургадугаар сарын 26-нд товлогдсон. Харин санал асуулга явуулах хуульд заасан хугацаа ард хоцорсон билээ.

 

СЕХ-ноос гаргасан төсвийн тооцоогоор Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар ард нийтийн санал асуулгыг зохион байгуулахад  урьдчилсан байдлаар улсын төсвөөс 9,2 тэрбум төгрөгийн зардал шаардагдах аж.   Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулинд зааснаар  зөвлөлдөх санал асуулгын талаархи мэдээллийг олон нийтэд хүргэх ажлыг зохион байгуулахад  20 гаруй тэрбум төгрөгийн зардал гарах тооцоог Зөвлөлдөх зөвлөлөөс гаргажээ. . Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар явуулсан зөвлөлдөх санал асуулгын үр дүн, гарсан зөвлөмжийг олон нийтэд хүргэх, сурталчлах ажлыг зохион байгуулах, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар ард нийтийн санал асуулгыг явуулахад төсвөөс 30,0 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө шаардагдах тооцоо гарчээ.  

 

Тиймээс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг иргэд дэмжсэн тул улс орны эдийн засаг хүндрэлтэй байгаа өнөөгийн нөхцөлд төсвөөс ихээхэн зардал шаардагдах энэхүү арга хэмжээг зардал багатайгаар, улсын төсөвт хүндрэл учруулахгүй байдлаар зохион байгуулах шаардлагатай гэж хууль санаачлагчид үзэж байгаа юм.

 

Ийнхүү дээрх шаардлагыг үндэслэн  Ард нийтийн санал асуулгын тухай хуульд заасан "санал асуулгыг сонгуулийн санал авах өдрөөс  65-аас доошгүй хоногийн өмнө товлон зарлана” гэсний "65-аас доошгүй” гэснийг "21-ээс доошгүй” гэж өөрчлөхөөр хуулийн төслийг Засгийн газар  боловсруулжээ.

             

Хуульд заасан санал асуулга явуулах хугацааг өөрчилснөөр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ард нийтийн санал асуулгыг Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуультай хамтатган зохион байгуулж, улсын төсвөөс шаардагдах зардлыг буруулах, хэмнэх боломж бүрдэнэ гэж үзэж байгаа.

 

 

УИХ-аас  Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар анхдугаар зөвлөлдөх уулзалтыг өнгөрсөн сард зохион байгуулсан.  Уулзалтаар  "Улсын Их Хурал, Засгийн газрын эрх мэдлийн хяналт-тэнцлийг хангах”, "Үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх, энэ чиглэлд ажил, үүргийн давхардлыг арилгах үүднээс Ерөнхийлөгчийн эрх, үүргийг тодорхой болгох”, "Засаг захиргаа, нутгийн удирдлагын тогтолцоог төгөлдөржүүлэх”, "Улс төрөөс хараат  бус, мэргэшсэн чадварлаг, нэр хүндтэй төрийн албыг бэхжүүлэх”, "Төрийн хариуцлага, сахилга, шударга ёсыг бэхжүүлэх, хууль хэрэгжүүлэх тогтолцоог сайжруулах”, "Төрийн эрх барих дээд байгууллага нь Ардын Их Хурал, хууль тогтоох байгууллага нь Улсын Бага Хурал гэсэн хоёр танхимтай байх-асуудлаар нээлттэй хэлэлцэх нөхцөлийг хангах” гэсэн сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.  

 

Анхдугаар зөвлөлдөх уулзалтад оролцогчид  Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг ард нийтийн санал асуулгаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн.  Ер нь зөвлөлдөх уулзалтад оролцогчид  төдийгүй олон нийт ч Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмждэг. Гэхдээ энэ удаад цаг хугацааны хувьд  тохиромжгүй, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг цаг хугацаанд хавчигдаж бус, хэлэлцүүлгийг өргөн хүрээнд хийж, ултай шийдэх хэрэгтэй гэж  судлаачид үзэж байгаа.

 

Тэр дундаа эрх баригчид ч энэ асуудлаар нэгдсэн  байр суурьт хүрээгүй байгаа нь чуулганаар хэлэлцэх үед харагдаж байсан. Тухайлбал, УИХ-ын дэд  дарга Ц.Нямдорж "Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал маш хүнд даваа давахаар байгаа. 21 хоногийн дотор ард нийтийн санал асуулга явуулах асуудлыг олон нийтэд ойлгуулаад,  Ерөнхийлөгчийн сонгуультай хамт санал асуулга явуулж амжих уу. Нэг алдаж болно, хоёр алдвал харамсалтай байна. Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлэх асуудлаар Засгийн газар нь төсөл санаачилж болохгүй. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал Засгийн газрын хийдэг ажил биш” хэмээн шүүмжилж байсан юм.

 

Сөрөг хүчний зүгээс "Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал гоомой хандаж болохгүй. Эрх баригчид дотроо ойлголцоогүй байна. Санал асуулга явуулах асуулт маш тодорхой байх ёстой. Ард нийтийн санал асуулга явуулсан нэрийдлээр Үндсэн хуульд өөрсдийн эрх ашгийг тооцсон өөрчлөлт оруулж болохгүй” гэсэн байр сууриа илэрхийлсэн.

 

Харин Засгийн газрын тухайд эдийн засгийн хүндрэлтэй үед  30 цэцэрлэг барих  хэмжээний мөнгийг хэмнэх хэрэгтэй гэсэн байр суурийг бататгаж байна лээ. Ер нь шинэ Үндсэн хуулийн үнэ цэнэ мөнгөөр хэмжигдэхгүй.

 

Эрх баригчид  Засгийн газрын 2016-2020 оны  мөрийн хөтөлбөртөө Үндсэн хуульд өөрчлөлт оруулна гэж тусгасан. Тиймээс мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх, төсвийг хэмнэх үүднээс Ерөнхийлөгчийн сонгуультай хамтатан ард нийтийн санал асуулга явуулах гэж байна гэсэн тайлбарыг дахин дахин давтаж байгаа.

 

Хэрвээ Засгийн газрын мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх гэж байгаа бол Эцэг хуульд өөрчлөлт оруулахаар яарах бус  эдийн засгаа сэргээж,  цалин, тэтгэвэр нэмэх гээд  иргэдийн амьжиргааг дээшлүүлэхээс  амлалтаа эхлүүлмээр.

 

"Эрх баригчид АН-ыг бүтэн жил шүүмжилж байх хооронд ард түмний амьдрал  бүүр хүндэрлээ” гэх сөрөг хүчний шүүмжлэл гашуун ч гэсэн бодит үнэн.  Ард нийтийн санал асуулга нэрийдлээр Үндсэн хуулийг өөрсдийнхөөрөө "засахгүй шүү” эрх баригчид аа. 

 

Цаашлаад сонгууль, санал асуулгыг хамтатгасан  30 тэрбумын хэмнэлт олон нийтэд мэдрэгдэх үү. 

Н.Энхлэн

Эх сурвалж: Shuud.mn

http://www.shuud.mn/content/read/483606.htm

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen