Т.Содномнамжилын “Ганцхан”

Т.Содномнамжилын “Ганцхан”

 

Дорнын гэгээн шүлэгтэй яруу найрагч Тогоонтөмөрийн Содномнамжилын "Ганцхан” номыг уншихад сэтгэлд хөнгөхөн гуниг төрж, аж төрлийн бүгээн ахуйд сэтгэлээ хөглөж явсан тэрхэн үе нь санаанд бууна. Тэр бол өнгөрөгч зууны ерээд оны томоохон найрагчдын нэг байсан. Байсан хэмээхийн учир эл хувилгаан найрагч тэнгэрийн орноо одоод хэдэн оны нүүр үзжээ. Дорнодын улаахан хацартай гэгээхэн сэтгэлтэй энэ тунгалаг найрагч Монголын яруу найргийн өргөөнөө Эрээнцавын эвдрээгүй найрагч Данзангийн Нямсүрэнгээр хөтлүүлэн орж ирж, Дарьганга түмний шүтээн Дашбалбар найрагчид гарын шавь болон шадарласан түүхтэй. "Ганцхан” номд түүний яруу найраг, гэгээн бодролын арвин их өв багтаж. Түүний "Дорнын хөх үдшийн саран”, "Охины царайг үзмэгц баясах нь орчлонгийн чанар хэмээх шүлэг”, "Улаан гэрэлт шамбал”, "Зөөлөн мандмал сарны доор”, "Тодорхой дэлгэрэгч янагийн үзэсгэлэн” гэх мэт шүлгүүдээс сэтгэлийн аяс, дорны найргийн намуун уянга тодорхой анзаарагддаг юм. "Уран зургийг тайлбарлах утгагүй” гэдэг шиг яруу найргийн чинад мөн чанарыг ч бас үлгэр ярьж буй мэт хүүрнэн өгүүлэх утгагүй биз. Тиймээс О.Дашбалбар багшдаа зориулсан "Зөөлөн мандах саран дор” хэмээх нэгэн шүлгийг эш татан уншигчдадаа толилуулахад Содномнамжилын сэтгэлгээний ертөнц болоод яруу найргийнх нь утга, уянга тодорхой болно байх гэж найдна. 

 
"Урагдаж буй ертөнц нь цуурч байгаа даалимба
Урсаж буй орчлон нь цутгаж ирэх мөрөн
Хагарч буй ертөнц нь болор тунгалаг мөс
Хагацаж буй орчлон нь борооны дараах чимээ
Тун тунгийн бороо нь тунсаг гэгээн өнгөтэй
Тунгалаг ариухан бүсгүй сэтгэлийн дотор чимэг
Цун цунгийн үүлс нь нисэн алслах тогоруу
Цуурга цоожгүй сэтгэлд гоо үзэсгэлэн цуглана
Хуучирч гандсан дэлхий нь хуур ятгын аялгуутай
Хувилгаан багшийгаа санахад нулимс унагам уяралтай
Эртний танил хорвоо нь эндүүрэм олон эгшигтэй
Энэ л насаа бодохоор Живбзундамбад мөргөлтэй
Алтан мөнгөн саран тод тунгалагаар гийхэд
Алимад сэтгэлийн дотор бүлээн нигүүлсэхүй төрнө
Зөөлөн мандах сарны дор цэнгэн согтож явахад
Зөн билгийн бүсгүй өмнөөс ирэх нь гайхамшиг
Тасарч унасан навчис гомдолт намрыг өгүүлж
Талын намхан толгод чив чимээгүй зүүрмэглэнэ
Сэржим өргөсөн ууландаа бичсэн шүлгээ хадгалуулж
Сэтгэлийн охь бодлоо сэмхэн шивнэх минь ч гуниг
Зуны үүлсийн дээр залран айсуй Нархажид
Зулай норгох бороонд шидэт тарниа уусгажээ
Ариун багшийнхаа өлмийд мөргөн залбирах миний хувь 
Амраг охины үзэсгэлэн ч нууцлаг гоо өгүүлэмж
Саран тунамал орчлонгийн цаст уулнаа суухад
Санан санасаар очих Шамбалын минь орон илхэн
Хаалга задгай Шамбалын хаанаас нь ч орж болно
Харанхуйд барьсан зул шиг тодорхой гэгээн байдаг
Туяарагч намрын сар шиг гиймэл ариун Зонховтоо
Туждаа хамт байж гэгээрэхийн ерөөл талбимуй” 
 
Найрагч сэрүүн тунгалаг ахуйдаа "Ганцхан” нэртэй нэг л боть гаргана хэмээн ярьдаг байсан гэдэг. Тэгвэл найрагчийн хүсэл эгээрлийг түүний дээлтэй төрсөн дүү, "Зохист Дорно” хэвлэлийн газрын ерөнхий редактор, сэтгүүлч, яруу найрагч Батсүхийн Төгсжаргал гүйцэлдүүлж, номын чимгийг МУЭ-ийн шагналт зураач С.Төгс-Оюун бүтээж, ариутган шүүгчээр найрагчийн амин голын хайртай үр, сэтгүүлч Содномнамжилын Оюунтөгс нь ажилласан нь цаанаа л нэг учиртай ажгу. "Ганцхан”-ы "Дурсахуй” хэсэгт сэтгүүлч П.Хашчулууны "Сонинд боодолтой юм”, яруу найрагч Б.Баттулгын "Улаан гэрэлт Шамбалын орны найрагч”, Л.Өлзийтөгсийн "Өвснөөс үүлэнд хандах үг”, С.Төгс-Оюуны "Ламтай байшинг зоригч нэгэн”, Т.Содномнамжилын хуурай ах, модернист зохиолч Ч.Мөнхбаярын "Улаан ламыг уламжлан дурсахуй”, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт найрагч Ламжавын Мягмарсүрэнгийн "Тэрбээр "Огторгуйн очир эрхшээгч” байжихуй”, Дарь.Сүхбаатарын "Т.Содномнамжилын тухай”, яруу найрагч М.Уянсүхийн "Тод ялгуун”, МЗЭ-ийн шагналт яруу найрагч М.Амархүүгийн "Үржинхандын орноо үүрд одсон Со минь”, түүний шавь-дүү Д.Ган-Очирын "Хувилгаан Со ламын хуучрашгүй яруу найраг”, П.Нямлхагвын "Үйлийн үрийн өөдөөс оюун суртхаалыг харгуулагч”, сэтгүүлч Дашбалбарын Мөнгөндалайн "Гэгээнтэн”, Хархорины гэгээн найрагч Сольтогтохын Дамдиндоржийн "Гэрэлгүй цагт гэрэлт цагийг үзүүлсэн найрагч”, "сүнсний” хэмээх зураач Д.Одгэрэлийн "Дээд амин хүчний өгөгдлөөр төрсөн тунгалаг сэтгэхүйн элч найрагч”, эрдэмтэн зохиолч П.Батхуягийн "Урагдаж буй уулс...”, зохиолч Ш.Галсанбаатарын "Улаан орхимжийн ертөнц "Огторгуйн очир”-т бэдэрмүй” зэрэг гучаад хүний дурсамж, шүүмж багтжээ. 
 
 Т.Содномнамжилын “Ганцхан”
Т.Содномнамжилын “Ганцхан”
Т.Содномнамжилын “Ганцхан”

 
Л.Батцэнгэл
https://www.facebook.com/battsengel.lkhagvasuren/posts/1047867035343442
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen