Уул уурхайн салбарын төвийн бүсийнхэн чуулав

Уул уурхайн салбарын төвийн бүсийнхэн чуулав

 

Уул уурхайн салбар үүсч хөгжсөн 95 жилийн ойг тохиолдуулан "Өчигдөр, өнөөдөр, маргааш” уриан дор Төвийн бүсийн чуулга уулзалт Орхон аймагт боллоо. Чуулганыг УУХҮЯ, АМГТГ, "Эрдэнэт” үйлдвэр хамтран зохион байгуулав. Чуулганаар уул уурхайн салбарын өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага, тулгамдсан асуудлыг хэлэлцсэн. Энэ удаагийн чуулганд Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл, Булган, Төв, Архангай, Өвөрхангай аймгийн төлөөлөл оролцов.  "Уул уурхайн салбарын эрх зүйн орчин”, "Үйлдвэрлэл, техник технологи хөгжлийн бодлого”, "Хүнд үйлдвэрийн салбарын хөгжлийн гарц”, "Уул уурхайн салбар ба орон нутгийн хамтын ажиллагаа” сэдвүүдээр хэлэлцүүлэг өрнүүлж, мэргэжилтнүүд болон аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй санал бодлоо солилцлоо. Монгол Улсын зөвлөх инженер Б.Түмэннаст "Мэргэжилтэй боловсон хүчин дутагдалтай байна. Хүнд техникийн оператор бэлтгэж байгаа хэрнээ хичээл орж буй багш нь белаз, камазын барааг ч хараагүй байх жишээтэй. Тэгэхээр салбарын яам анхаарлаа хандуулах ёстой. Яагаад гэвэл бүх салбарын хэмжээнд боловсролын салбар дампуурсан. Түүнчлэн дөрвөн жилийн боловсролоор инженер бэлтгэдэггүй юм шүү” хэмээн хатуухан шүүмжээр зөвлөгөө өгч байв. 

 

ХҮНД БАЙГАА ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЛБАР

Хүнд үйлдвэрийн салбарын хөгжлийн гарцын талаар УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, УУХҮЯ-ны газрын дарга Б.Баатарсүх нар илтгэл тавилаа. Энэ салбар сүүлийн 20 жилийн хугацаанд орхигдсон нь өнөөдрийн хөгжлийн доройтолд хүрснийг салбарынхан нь хүлээн зөвшөөрч байна. Тиймээс энэ байдлаас гарахын тулд юуг хэрхэн хийх вэ гэдгээ ярилцсан юм. Хүнд үйлдвэрийг хөгжүүлэхийн тулд дэд бүтцийг сайжруулах, шинээр хийж бүтээх зайлшгүй шаардлагатай олон ажил бий. Тухайлбал, төмөр зам, эрчим хүч, зам тээвэр гэх мэтчилэн дурдаж болно. Үүнийг хийхийн тулд намчирхаж талцах нь зохимжтой биш, ажлын бүтээмж, салбарын хөгжлийг хойш татаж буйг хуралд оролцогчид онцолж байсан. Түүнээс гадна мэргэжлийн хүний үг, судалгаа үнэгүйдэж байгаа нь энэ салбарын хөгжилд саад учруулж байгаа хүчин зүйлийн нэг аж. Тиймээс энэ салбарыг хөгжүүлэхийн тулд бүх зүйлийг эхнээс нь эхлэх шаардлагагүй. Тодорхой хэдэн төслийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Ингэхдээ мэр­гэжилтнүүдийн болоод мэр­гэжлийн хүний үгийг сонсч, зөвлөгөөг найр­сгаар хүлээж авахыг салбарын ахмад ажилтнууд, зөвлөх инженерүүд санууллаа.

Түүнчлэн энэ салбарт хууль эрх зүйн орчныг урт хугацаанд тогтвортой байлгах ёстой. Энэ нь салбарын харилцаанд оролцогч талуудын санал, судалгаанд үндэслэн шийдв­эр гаргах нь сал­барын хөгжлийн хө­шүүрэг болох юм. УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн "Хүнд үйлдвэрийн хөгжлийн хүрээнд зайлшгүй хэ­рэг­жүүлэх шаард­лагатай хөтөл­бөрийг тодор­хойлох хэрэгтэй. Үүнд дэд бүтцийн асуудал багтана. Бид хэчнээн их хэмжээний баялагтай байгаад ч дэд бүтэцгүй бол хоосон овоолго бол­дог. Жишээлбэл, Тавантолгойд доод тал нь 300 мегаваттын цахилгаан станц барих хэрэгтэй. 2013 онд 450 мегаваттын хүчин чадалтай цахилгаан станцын ТЭЗҮ-ийг бэлэн болгож, санхүүжилтийг нь хүртэл шийдвэрлэх боломжтой байсан. Гэвч харамсалтай нь цаасан дээр л үлдсэн. Энэ нь өнөөх хэт улстөржилттэй холбоотой” гэсэн юм. Тиймээс аливаа салбарыг хөгжүүлэхийн тулд улс төрөөс хараат байлгаж, төрийн оролцоог бууруулах нь чухал гэдэг бизнесийнхэн болон эдийн засагчид хэлдэг байна.

Сүүлийн үед хүн бүр математикч, эрх зүйч, эмч, сувилагч, улс төрч бүр уурхайчин, инженер гээд салбар бүрийн мэдлэгтэй болсон мэт авирлах болсон. Энэ нэг талаас нь харвал, хүмүүс мэдээлэл сайтай байгаагын илрэл. Гэвч нөгөө талдаа, суурь үндсийг нь мэдэхгүй хэрнээ хэтэрхий орол­цоотой байх нь цаашдын хөгжилд сөргөөр нөлөөлдөг аж. Тухайлбал, Оюутолгой, Тавантолгой төслийн талаар бага насны хүүхэдтэй ч ярьж болох байх. Энэ нь сайн зүйл биш гэдгийг салбарынхан ярьж байна. Тэгэхээр улс эх орны үндэсний аюулгүй байдал, эрчим хүч, уул уурхай, хүнд үйлдвэрийн чиглэлээр мэргэжлийн хүний зөв­лөмж зөвлөгөөг суулгасан баримт бичгийг гаргах нь зүйтэй гэдэгт санал нийлж байлаа

1000 ИНЖЕНЕРИЙН ЗӨВЛӨГӨӨН БОЛОВ

Хариуцлагатай уул уурхайг  эрхэмлэж, тогтвортой хөгжлийг түү­чээлэх эрхэм зорилготой уулын баяжуулах "Эрдэнэт” үйлдвэр компанийн  1000 инженерийн зөвлөгөөн тавь дахь жилдээ болж өндөрлөв. Энэ жилийн зөвлөгөөн салбарын 95 жилийн ой, Төвийн бүсийн чуулгантай тавх­цаж буйгаараа онцлог байлаа. Зөвлөгөөнийг нээж "Эрдэнэт үйлдвэр”-ийн Ерөнхий захирал, Аж үйлдвэрийн Гавьяат ажилтан, Техникийн шинжлэх ухааны доктор Х.Бадамсүрэн хэлсэн үгэндээ "Дэлхийд ин­женер хүний оюун ухааны үнэлэмжийг дээш­л­үүлэхийн төлөө улс орон бүр өөрийн гэсэн бодлоготойгоор үйл ажил­лагаагаа явуулдаг.

Үүний нэгэн адил Монгол Улсын төр, засаг ч инженерүүдээ дэмжих, тэдний бүтээлийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх үйл ажиллагааг өргөн хүрээнд өрнүүлж байна” гэв. Мөн энэ зөвлөгөөнд Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Р.Содхүү оролцсон бөгөөд монгол инженерийн эрдэм ухаан, ур чадвар дэлхийн хэмжээнд өндрөөр үнэлэгдэх цаг үе ирснийг тэмдэглэн хэлсэн. Ингээд "Шилдэг зохион бүтээгч”-ээр Ц.Чулуун-Эрдэнэ шагнуулсан. Түүнчлэн Л.Энхтүвшин, Л.Энхтөр нарыг "Шинийг санаачлагч” цол тэмдэг болон Шинжлэх ухааны академийн Хүндэт жуух бичгийг  Х.Оюунтунгалаг, А.Ууганбаяр нарт гардуулав.  Энэ удаагийн 1000 инженерийн зөв­лөгөөнийг угтаж таван чиглэлээр илтгэлийн урал­даан зарлажээ. Баяжуулах фабрикийн инженер Д.Зоригтхүү, Хөгжлийн хэлтсийн инженер С.Нармандах, ХАБЭАБОХХ-ийн инже­нер Ц.Оргил, Тех­­нологийн сур­гуулийн СШУТ-ийн дэд профессор Л.Наранцэцэг, ХМТАЦ-ийн программ зохиогч Л.Энхтүвшин нарын илтгэл шалгарч, тэргүүн байрын шагнал хүртлээ. Мөн  энэ үеэр Мөн  энэ үеэр зөвлөгөөнөөс гарах зөвлөмжид "Эрдэнэт” үйлдвэрийн алсын хараа, эрхэм зорилго, үнэт зүйлсийг Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн батлуулж,  нийт ажиллагсдад танилцуулан сурталчлах ажлыг зохион байгуулах, бүтээмж инновацийн үйл ажиллагааны  үр дүнгийн урамшууллын шатлалыг компанийн ажиллагсдын цалин урамшууллын систем, тэдгээрийн шалгуур үзүүлэлт болох  гүй­цэт­гэлийн гол үзүүлэлтийн системтэй уялдуулах зэрэг сана­луудыг тусгасан байна. Зөв­­лө­гөөнөөс га­рах энэхүү зөвлөмж нь "Эрдэнэт” үйлдвэрийн хөгжлийг тодорхойлоход чухал ач холбогдолтой юм.
 
Д.ОЮУНЧИМЭГ

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen