Улиг болсон уулзалт
Монголын үйлдвэрлэлийн геологчдын холбооны санаачилгаар зохион байгуулдаг "Монголын геологи, хайгуул” чуулга уулзалт ес дэх удаагаа зохион байгуулагдах гэж буй. Уулзалтын хүрээнд Засгийн газраас эрдэс баялгийн салбарт баримталж буй төрийн бодлого, хууль эрх зүйн орчин, хөрөнгө оруулалт, региональ судалгаа, ашигт малтмалын ордын эрэл хайгуулын аргачлал, техник технологи, геологи уул уурхайн төслүүдийн танилцуулга, үр дүн, эрдэс баялгийн салбарын өнөөгийн байдал, хэтийн төлөв зэрэг илтгэлүүд болон хэлэлцүүлэг өрнөх аж. Мэдээж уулзалтын үеэр ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид төслөө танилцуулж, хөрөнгө оруулалт татах зорилгоор хөрөнгө оруулагчдын бизнес уулзалтыг зохион байгуулдаг уламжлал үргэлжлэх нь.
Өнгөрсөн жилийн уулзалтын үеэр "Геологчдийн тухайн жилд судалсан, илрүүлсэн нээлтүүдийг нийтэд дэлгэн танилцуулах, хөрөнгө оруулалтыг татах үндсэн арга хэмжээнээс гадна Монгол Улсын төр, Төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг баталгаажуулан харуулж байгаагаараа онцлогтой” хэмээн мэргэжилтнүүд хэлж байсан юм. Энэ дүр зураг дахиад л давтагдах аж.
"Хайгуулын тусгай зөвшөөрөл олгоход орон нутагт тулгамдаад байгаа асуудлыг нэг бүрчлэн ярина. Энэ чиглэлд Засгийн газар, орон нутаг, иргэд ямар ажил хийх ёстой байгааг талаар ярьж, нэгдсэн ойлголтод хүрнэ” гэв. Харамсалтай нь үүнийг жил бүр ярьдаг ч шийдэлд хүрч байгаагүй. Учир нь байнга ярьж байгаагаас нь харж болох юм. Түүнчлэн геологи, хайгуулын чуулга уулзалтын хүрээнд олон улсын сургалт, семинар зохион байгуулж байгаагүй нь бас нэг онцлог гэлээ. Энэ удаад гадаадын мэргэшсэн зөвлөх инженерүүд ирж сургалт хийх аж. Засгийн газрын хуралдаанаар "Алт -2” хөтөлбөрийг баталсан. Энэ хөтөлбөрийн хүрээнд аж ахуйн нэгжүүдэд санхүүжилтийн асуудлыг шийдэхэд нь дэмжлэг үзүүлэх, алтны томоохон хүдрийн биет, зооно, зангилаануудыг гаргаж, алт олборлогчдод санал болгох гэж буй нь өөр нэг онцлог гэлээ.
Түүнчлэн энэ салбарт үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх гарцыг хоосон яриагаар биш бодит үйлдлээр харуулж болох байсныг салбарын шинжээчид онцолж байна. Цаашилбал, улс төрийн мөчлөгөөс хамаарахгүйгээр урт хугацааны төлөвлөгөө боловсруулах боломжийг хүлээж буйгаа хөрөнгө оруулагчид хэлж байсан удаатай. Тиймээс энэ удаагийн уулзалт үүнд хариулт өгөх учиртай байлаа. Харамсалтай нь онцгойрох онцлоггүй чуулган хүлээлтийг талаар болгох вий.
Д.ОЮУН /ЗУУНЫ МЭДЭЭ/