ТӨРИЙН ӨМЧИЙН КОМПАНИУДЫН ТАНСАГЛАЛЫГ ХЭРХЭХ ВЭ, ЕРӨНХИЙ САЙД

ТӨРИЙН ӨМЧИЙН КОМПАНИУДЫН ТАНСАГЛАЛЫГ ХЭРХЭХ ВЭ, ЕРӨНХИЙ САЙД

 

-Төрийн өмчийн нийт компанийн 70 хувь нь алдагдалтай ажиллаж байхад төр хувийн өмчийг төрийн мэдэлд авсаар байна-

 

Уншигч танд нэгэн тоон мэдээлэл хүргэе. Монгол Улсад 2012 оны байдлаар төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой нийт 94 компани тоологджээ. Эдгээрээс 2012 онд 50 компани алдагдалтай ажиллаж, өр зээлээ төлж чадаагүй бөгөөд 14 компанийн дөрвөн жилийн бугшсан өр 190.1 тэрбум төгрөгт хүрсэн гэдгийг тухайн үеийн Төрийн өмчийн хороо зарлаж байлаа.

Товчхондоо, нэлээд хэдэн цэцэрлэг барьчих мөнгө хэний халаасанд орсон нь мэдэгдэхгүй алга болсон гэсэн үг. Энэ тоо жил ирэх тусам нэмэгдэж явсаар 2016 онд нийт компанийн 70 хувь нь ашиггүй ажилласан гэдгийг тухайн үеийн Сангийн дэд сайд Х.Булгантуяа хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолж байжээ.

Компанийн алдагдал 2017 онд нэмэгдсэн үү гэхээс буурсангүй. Улмаар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас ажлын хэсэг гарч алдагдалтай ажиллаж байгаа аймаг, орон нутгийн төрийн өмчит компаниудад шалгалт оруулахад 18 ХХК, гурван хувьцаат компани, нэг нөхөрлөл, 138 үйлдвэрийн газрын нийт алдагдал 111.9 тэрбумд хүрснийг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж байсан юм.

Мөн Төрийн өмчит 87 компаниас Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын харьяанд байдаг 81 компани алдагдалтай ажиллаж байгаа нь тодорхой болсон. Тэднийг хариуцлагаа дээшлүүлж, төрийн мөнгөөр тавилга, машин, орон байрны дэмжлэг, завсар үйлчилгээ хийхгүй байх чиглэл өгч, улмаар зургаан компаниас бусад нь 2017 онд алдагдлаа арилгаж ашигтай ажиллахыг үүрэг болгосон гэдгээ ТӨБЗГ-ын дарга Ц.Ням-Осор эдүгээгээс гурван сарын өмнө хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолж байлаа.

Эдгээр тоон баримтыг дурдах болсны учир гэвэл төр өөрийн өмчийн компанийнхаа алдагдлыг тооцож үүрэг хариуцлага өгөхөөс биш хэрэгжилт, хяналт, хариуцлага огтхон ч байдаггүй гэдгийг уншигч танд ойлгуулахыг хүссэн юм. Төрийн өмчит болон өмчийн оролцоотой эдгээр компаниудын алдагдал жилээс жилд 10-20 тэрбумаар нэмэгдэж, хувь нь ч өссөөр байгааг дээрх тоон баримтаас харж болохоор байгаа юм.

Тиймдээ ч ашиггүй "хог-ноосоо салахын тулд төр Монгол шуудан, Оргил рашаан сувилал, Хөрөнгийн бирж, Төрийн банк зэрэг төрийн өмчит компаниудыг хувьчлахаар шийдвэр гаргасан ч өнөө хэр тодорхой үр дүн гарсангүй. Хувьчлах жагсаалтад орсон компаниуд нь хүртэл 19 тэрбум төгрөгийн алдагдалтай байгаа. Өнгөрөгч оны төсөвт хувьчлалаас 120 тэрбум төгрөг оруулахаар төсөвлөсөн ч биелээгүй юм. Дааж давшгүй өр төлбөр, хурган дарга нарын шахааны бизнесийн бай болсон компаниудыг худалдан авч эрсдэл гаргах хүн олдохгүй нь тодорхой.

Гэтэл хувийн хэвшлийн компаниудад төрийн хяналт шалгалт дэндүү чанга байдаг нь худлаа биш.  Жил болгон аудит оруулах нь холгүй хянаж шалгаж бүх төрлийн татвар нэмж тэднээс татаас авч байгаа учраас Монгол Улс арай л дампуурлаа зарлачихгүй оршин тогтнож байгаа. Өнөө жилийн төсөвт мөн адил төрийн өмчийн компаниуд биш хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийг татвараар дарамталж, орлого олохоор тусгажээ. Өмчилж авсан компаниа дампууруулдаг. өр зээл нь дааж давшгүй хэмжээнд хүрчихсэн атлаа төр алдаагаа ухаарсангүй. Дахиад л төрийн өмчит компанийн тоог нэмэгдүүлж, бүр 100 хувь өмчилж, өөртөө лай хураасан хэвээр.

Эндээс дүгнэхэд алдагдалтай биш харин ч ашигтай ажилладаг нь мэдэгдэж байгаа юм. Хамгийн сонирхолтой нь хурган дарга нар нь хэдэн тэрбумаар мөнгө идэж, байраа засаж, машин унасан хэвээр байхад төсвийн үрэлгэн зардлыг танаж байна хэмээн Ерөнхий сайдаасаа эхлээд л шоу хийх аж. Төсвийн үргүй зардлыг тэглэлээ, тансаглал бүх шатанд зогслоо, амаргүй цаг үед ард түмэнтэйгээ хамт хямралаас гарах гэж зүтгэж байна хэмээн шоудсаар байгаа.

Тэгэхээр төрийн өмчийн компаниуд нь үргүй зардлын хэмнэлтэд огтхон ч хамрагдаагүй бололтой. Хамгийн сүүлд ТОСК-ийн захирлаар ажиллаж байсан нэг эрхэм олон арван тэрбум төгрөгийг хувьдаа завшсан хэргээр АТГ-т шалгуулж эхэлжээ. Төрийн өмчийн мэдэлд 100 хувь шилжсэн "Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой сүүлийн үеийн дуулиан төрийн өмчийн компанийн тансаглал гэж чухам юу байдгийг яруу тодоор харуулж өгөв.

Үйлдвэрийн дарга нь хэн байхаас үл хамаарсан 300 сая төгрөгөөр цоо шинэ машин унаж, 180 сая төгрөгөөр тавилгаа шинэчилдэг хуультай гэдгийг бид мэдэж авлаа. Төр хэмнэлтэд шилжих эсэх нь эдгээр компаниудад огтхон ч хамаагүй бөгөөд компанийн дотоод хуулиа дагахаа Х.Бадамсүрэн дарга мэдэгдчихсэн. Дэлхийн хэмжээний компанийн захирал 24.5 сая төгрөгийн цалин авахгүй яадаг юм хэмээн Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор нэгэнтээ хэвлэлийнхэнд бухимдсан удаатай.

Хэдэн зуун сая төгрөгийн төрийн өмчийг нэг дарга гарын үсэг зураад л нөгөөд шилжүүлж болдгийг "Эрдэнэт” үйлдвэрийн хуучин даргын машиныг Ц.Ням-Осор даргад "бэлэглэхэд” бид харлаа, үзлээ. Төр ингэж л тансаглаж байна. Энэ зөвхөн ганцхан жишээ. Ил болсон наад захын тансаглал төдийхөн. Цаашлаад, "Эрдэнэт” үйлдвэрт шахсан албаны хэрэгцээний бэлгэвч, "Эрдэнэс Тавантолгой” компанид нийлүүлсэн хэрэглэх боломжгүй камазны дугуй, Багануур компанийн нүүрсний дуулиан зэрэг тэрбум, тэрбумын шахааны талаар энд бичвэл цаг ч хомс, цаас ч хайран байх биз.

Бодит байдал ийм л байгаа. Гэтэл Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Сангийн сайд Б.Чойжилсүрэн нар хэмнэлт хийж, үргүй зардлыг танасан, тансаглал шат шатанд байхгүй болсон хэмээн ярьж яваа нь ам, ажлын зөрүүг яруу тодоор харуулж байгаа юм. Төр хэмнэлт хийсэн үү гэвэл хийсэн. Гэхдээ төрийн өмчит компани, өөрсдийн шахааны бизнестээ хэмнэлт хийгээгүй. Хэмнэлтээ тэд ард түмний татварыг нэмж хийсэн юм.

Монголынхоо ирээдүй болсон үр хүүхдээс 20 мянган төгрөг харамлаж хэмнэлээ. Монголчуудын амин зуулга болсон приус машины татварыг нэмж хэмнэлт явуулав. Тэтгэвэрт гарах насыг нь хойшлуулж, ядарсан ард түмнээрээ "даажигнаж” хэмнэлт хийснийг бүгд мэдэж байгаа. Төрийн компанийнхаа толгойг илэх атлаа хувийн хэвшлээ дарамталж үрэлгэн зардлаа хэмнэсэн төдий. Төрийн өмчит, хувийн хэвшлийн компанийн ялгаа хэн даргаар очихоос бус хэрхэн ашигтай ажиллуулах вэ, хэний шахааг авах вэ гэдгээрээ л ялгаатай.

Төр ашигтайг нь бус албан тушаалтны шахааг өндөр үнээр авдаг. Харин хувийн хэвшил хамгийн ашигтай, тэгээд хамгийн хямдханыг л олж чаддаг учраас алдагдалгүй, бас ашигтай ажиллаж чаддаг нь бичигдээгүй хууль. Тэнд шахаа байхгүй. Бүх зүйл хуулийн дагуу, тэгээд ил тод байдаг. Харин манай төрд бүх зүйл хаалттай, бас хууль бус болдог. 94 төрийн өмчит компани ашиггүй ажиллаж буйн шалтгаан төр өөрөө юм. Ард түмэн цахилгаан хэрэглэж, нүүрсний хэрэгцээ буураагүй цагт төрийн өмчийн дулааны, цахилгаан станцууд ашиггүй ажиллана гэдэг юу л бол. "Эрдэнэт” үйлдвэрийн зэсийн нөөц дуусаагүй байхад ашиггүй ажиллах тухай ойлголт байхгүй.

Гагцхүү дарга нарынхаа тансаглал, идэх уухыг л хянаж чадахгүйгээс 111 тэрбумаар алдагдал хүлээж байгаа юм. Хэрвээ 81 төрийн өмчит компанид төр төмөр нүүрээ харуулж, хяналт тавьдаг бол ард түмний халаасыг тэмтрэхэд хүрэх байсан уу. Хурган дарга нарынхаа тансаглалд хяналт тавьдаг Ерөнхий сайд, Засгийн газартай бол Олон улсын валютын сангаас доллар "гуйлгачилж” суух байсан болов уу. Үр хүүхдээсээ мөнгө харамлаж, амьдралаасаа илүүчилж хураасан хадгаламжаас нь мөнгө татах хүртлээ доройтохгүй байсан юм, төр.

Тиймээс эхлээд төрийн өмчит компаниудынхаа тансаглалаа цэгцлээч гэж хүсье, Ерөнхий сайд аа. "Эрдэнэт” шиг хэчнээн үйлдвэр хэдхэн хүний гараар орж, дарга цэргийн байр, машины мөнгийг бэлтгэх хэрэг вэ. Хурган даргын байр, машин, халамж, тэтгэмжид зарцуулж буй мөнгөөр ядахдаа үр хүүхдэдээ өгч байсан 20 мянган төгрөгөө үргэлжлүүлж болох л байлаа.Тансаглал буураагүй.Тэр тусмаа үрэлгэн зардал огтоос ч буураагүй.

Зардлаа танаж, төсвийн үргүй зардлаа тэглэж чадаагүй учраас Валютын сан хүртэл биднээс "нүүр” буруулж байна. Дэд сайдуудаа цомхотгож, төрийн өмчөөр тоглож буй хурган дарга нартаа хариуцлага тооцож чадаагүй атлаа төсвийн хэмнэлт хийлээ гэсэн үлгэр ярихаа больчихвол яасан юм бэ. Ашиггүй ажиллаж байгаа үйлдвэрүүдээ эхлээд хувьчил. Тансаглахыг нь зогсоо. Тэгж чадвал үнэхээр ард түмнийхээ төлөө, эдийн засгаа эрүүлжүүлэх гэж чардайж явна гэж итгэе.

Монголын мэдээ
Б.Тогтох

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen