“Дархан гарьд” баг Үндэсний супер лигт тоглохоор боллоо
Монгол Улс нь МСБХ, МҮСБХ гэх хоёр байгууллагатай болсноор тамирчид, дасгалжуулагч, багийн эзэд аль холбоондоо тоглохоо мэдэхгүй, яах учраа олохгүй 4-5 жилийн нүүр үзэж байгаа билээ. Өнгөрсөн дөрөвдүгээр сард ФИБА буюу Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулж байгаа албан ёсны уралдаан тэмцээнд хүртэл орох эрхээ хасуулсан байна.
МСБХ-ны "НИССАН” дээд лиг зохион байгуулалтын хувьд тун тааруу болж байгаа нь тамирчид, шүүгчдын харьцаа, багийн эзэд, хөгжөөн дэмжигчдээс тодхон харагдаж байгаа билээ. Монголын хамгийн их хөгжөөн дэмжигчтэй "Дархан гарьд” баг нь МСБХ-ноос зохион байгуулж буй "НИССАН” дээд лигийн плей-оффын шатанд тоглож байгаа билээ. Гэтэл өнөөдөр "Дархан гарьд” багийн удирдлагын төлөөлөл МҮСБХ-ны тэргүүлэгчидтэй ширээний ард сууцгаасан байна.Тус уулзалтаар юу яригдсан, ямар шийдэлд хүрсэн нь одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд "Дархан гарьд” баг МҮСБХ-ны зохион байгуулж буй Үндэсний супер лигт хүч үзэхээр болсон ч байж магадгүй юм.