АН-аас ерөнхийлөгч сонгогдвол ард түмэн амаараа шороо үмхэнэ

АН-аас ерөнхийлөгч сонгогдвол ард түмэн амаараа шороо үмхэнэ

 

Хэдийгээр Ерөнхийлөгчийн сонгуульд аль намын, хэн ялахыг тааж хэлэхэд эрт ч магадлал дэвшүүлэн "АН ялбал яах вэ” гэсэн асуултад хариулт хайя. Өнгөрсөн дөрвөн жилд энэ нам засгийн эрх барихдаа хэрхэн самарч, улс орныг яаж уруудан доройтуулсныг нь эс тооцоод энэ удаад зөвхөн нр дэвшигчдийн чансаа, бяр бядыг энд онцольё. Н.Алтанхуяг шиг эсвэл Д.Дорлигжав шиг Ерөнхийлөгч болох амбийцаа нуулгүй, ил цагаан зарлаж орхиогүй ч АН доторх нэр дэвшигч тодруулах сунгаанд УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргал хүч үзэх нь тодорхой болоод байгаа. Улс төрд явсан туршлага, үзэл бодлоос нь үзвэл үнэндээ хамгийн боломжит хувилбар бол тэр. Гэвч улс төрд тэр дундаа АН-д тод том байхад, цаашилбал олонхийн санал авч, Ерөнхийлөгчид өрсөлдөх эрхээ авахын тулд ганц хүн гал болохгүй. Нэг үгээр хэлбэл, нэр дэвших хүсэлтэй хэн бүхэнд хөгжөөн дэмжигч байх учиртай. Өөрөөр хэлбэл, нам дотроо аль нэг фракцын харьяанд байхаас авахуулаад өөрийг нь дэмжин гар өргөх хэсэг бүлэг байж гэмээнэ дээшээ гарч ирэх. боломж. бүрдэнэ. Харин Р.Амаржаргалын хувьд аль нэг фракцид харьяалагддаггүй хэмээн өөрийгөө тодорхойлдог. Гэвч насаараа шахуу улс төрд зүтгэсэн түүнийг дэмждэг хүмүүс нам дотор нь цөөнгүй бий. Тэгээд ч энэ нам дотор аль нэг фракцын эсвэл нүүрэн талд байдаг улс төрчидтэй ойр байж, багаа бүрдүүлэхгүй бол хол явахгүй гэдгийг Р.Амаржаргал хэнээр ч хэлүүлэлтгүй мэднэ. Түүний хувьд төдийгөөс өдий хүртэл гон бие гозон толгой явж ирсэн үү гэвэл үгүй. Эртнээс "МҮДН” фракцид харьяалагдаж ирснийг нь мэдэхгүй хүн цөөн. Энэ ч утгаараа түүнд нам дотор нь хөгжөөн дэмжигчийн бүтэн баг бий гэж үзэж болох. Тухайлбал, УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр нарыг энд дурдаж болно.

 

Эх сурвалжийн өгсөн мэдээллээс үзвэл дээрх хоёр эрхэм Р.Амаржаргалыг Ерөнхийлөгч болгохын төлөө тунч их зүтгэж байгаа гэнэ. Энэ ч утгаараа бусад нэр дэвшигчийн эсрэг пи-ар хүртэл хийж яваа тухай ч сураг дуулдаж эхэллээ.

 

АН-ынхан хэдийгээр нэг намын нөхөд ч гэлээ албан тушаал, амин хувийн эрх ашгийн тулд нэгнээ дэгээдэж сурсан улс. Шат шатны сонгуульд тэд дотооддоо ийм увайгүй үйлдэл гаргадаг нь нэгэнт гэм биш зан болсон. АН-ынхны хувьд 2016 оны УИХ-ын сонгуульд үнэмлэхүй ялагдал хүлээсэн цагаас эхэлсэн дотоод сонгууль нь дууссан. Харин одоо тэдэнд дотооддоо тэмцэлдэн булаалдах нэг л суудал үлдсэн нь Монгол төрийн номер нэгийн төлөөх "цусгүй тулаан”. Ийн нэрлэхийн учир нь АН дотор албан тушаалын төлөө юу ч хийхэд бэлэн улс төрч цөөнгүй бий. Зүй нь, сонгуульд өрсөддөх эрх авахын тулд 8-9-үүлээ хүч үзэх гэж байхав.

 

Харин одоо АН-аас нэр дэвшигчдийн тэргүүн эгнээнд бичигдэж буй Р.Амаржаргалыг нэр бүхий эрхмүүд юуны учир зүтгүүлэх болсон талаар сонирхоё. Яг өнөөдрийн байдлаар Монголын улс төрд Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр нар хэн бэ. Нэг нь УИХ дахь АН-ын /тухайн үеийн эрх баригч намын/ бүлгийн даргаар ажиллаж байсан. Нөгөө нь Эдийн засгийн хөгжлийн яамыг толгойлж байсан. Нэг үгээр бол, тэд АН-ыг хүчтэй байх үед аль л өнгөтэй өөдтэй, том суудалд заларч явсан нь эндээс харагдана. Харамсалтай нь тэдэнд өнөөдөр ижилсэх зүйл байна. Тодруулбал, энэ хоёр эрхмийн аль аль нь АТГ-т шалгагдаж байгаа. Ингэхдээ эрх мэдэл, албан тушаалаа хэтрүүлэн ашигласан, улсын мөнгө шамшигдуулсан байж болзошгүй гэх үндэслэлээр тус газрынхан дээрх хоёр эрхэмд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Харин ийнхүү хууль шүүхийн байгууллагаар ид шалгуулж байгаа эрхмүүд юуны учир Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийг балешиглах болов. Р.Амаржаргал төрийн тэргүүн болох нь тэдэнд ямар ач холбогдолтой вэ. Энэ бүхний уялдаа хамаарлыг харахад бүх зүйл тодорхой харагдах байх. Р.Амаржаргалыг зүтгүүлж байгаад Ерөнхийлөгч болгочихвол дээрх хоёр эрхэм албан тушаалтай. болохоос авахуулаад магадгүй бүр ял завших ч боломж бүрэн гарна гэсэн үг. Яагаад гэвэл АТГ Ерөнхийлөгчийн мэдэлд байдаг. Тус газрын даргыг томилж чөлөөлөхөөс авахуулаад үйл ажиллагааг нь дүгнэж цэгнэх эрх ч хуулиараа Ерөнхийлөгчийн харьяаных. Энэ үүднээс нь үзвэл мэдээж юуны түрүүнд АТГ-аас салж авах, үүний тулд Р.Амаржаргалыг зүтгүүлэх нь "Фортуна”, Гарамгайбаатар хоёрт нэн тэргүүний ажил нь болчихоод байгаа болов уу. Цаашлаад дээрх гурвалын мөрөөдөл биелж гэмээнэ "Фортуна” Батбаяр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Б.Гарамгайбаатар ахлах зөвлөхөөр нь ажиллах тохироонд хүрсэн гэх чимээ ч дуулдаж эхлэв.

 

Энэ бүхний эцэст ганц л гаргалаа харагдаад байгаа юм. Замын дундах албан тушаал, амин хувийн наймаа, эрх ашиг бага хэрэг ч гэлээ сүүлд нь гарах сөрөг үр дагавар анхаарал татаж байгаа юм. Ердөө дээрх жишээнээс харахад албан тушаалд очихоороо улсын мөнгө завшдаг, ялд унах болохоороо албан тушаалаар халхавч хийх гэж улайрдаг, аль эсвэл бусдын нөмөр нөөлөгт багтаж, асуудлаас мултрах гэдэг муу заль Монголын улс төрд идеаль болчихвий гэх айдас эрхгүй төрж буйг нуух юун. Р.Амаржаргалын хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж гэмээнэ Н.Батбар, Б.Гарамгайбаатар нартай ярьсан тохирсноо хэрэгжүүлэх нь гарцаагүй. Ял зэмийг нь хэлтрүүлдэггүй юм гэхэд нааштай шийдэх талаас нь нөлөөлөх нь наанадаж хүн чанарын, цаанадаж, нам засгийн бодлого болж таарна.

 

Ингэж монгол төрийн босго давжаарах, төрийн албаны нэр хүнд гээч зүйл уланд гишгэгдэхийг үгүйсгэхгүй. Ингээд үзэхээр АН-аас нэр дэвшигч Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулбал ард түмэн амаараа шороо үмхэхгүй гэх баталгаа алга. Адаглаад л ялалт байгуулсан нөхөр нь ач санаж байгаа нь энэ гээд "аавын хаалга” татах байсан хэн нэгнийг төрийн албаны том суудалд залруулж, монгол төрийн бодлого тодорхойлох хэмжээнд аваачих бололтой юм. Цаашилбал, үнэмлэхүй ялагдал хүлээсэн АН-ынхны хувьд олдсон нэг суудлаа тэнцүү "хувааж идэх” гэж шаггүй юм болох нь гарцаагүй. Ерөнхийлөгчийн сонгуульд АН ялбал хэрхэхийг зураглахад нэг иймэрхүү. Энэ удаад нэг л нэр дэвшигчийг авч үзэхэд ийн тоогүй дүр төрх харагдаж байна. Цаашлаад хүргэн хүү нь "аавын хаалга” татсан Н.Алтанхуяг мэтийн горилогчдыг тус бүрт нь аваад үзвэл нам доторх хөгжөөн дэмжигчдээ төр рүү чирэх, ач санаж алив хүслийг нь гүйцээхээс авахуулаад таатай дүр зураг гарахгүй нь тодорхой харагдаад байгаа юм.



С.СҮЛД /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen