Ерөнхийлөгчид горилогч, суусан газраасаа шороо атгагч Д.Дорлигжав
Ирэх 6 дугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд өөрсдийгөө сойсон улстөрийн эрхмүүд шил шилээ даран өөрийгөө тунхаглан зарласаар байна. Тэдний нэг нь Хууль зүйн сайд асан Д.Дорлигжав.
Сонгох сонгогдох нь хүний эрх, үндсэн хуулиараа олгосон эрх. Гэхдээ ямар хүн энэхүү албан тушаал руу тэмүүлж байгаа вэ гэдэг нь хамгийн сонирхолтой асуудал. Ерөнхийдөө өмнөх ажиллаж байсан ажлын туршлагыг нь харах хэрэгтэй л юм.
Ерөнхийлөгчид горилогч Д.Дорлигжав гудамжны тэмцэгчээс төрийн сайдын зөөлөн суудалд заларч явсан нэгэн гэдгийг Ардчилалын 27 жилийн түүх гэрчилнэ. Гэхдээ сайны хажуугаар саар гэгчээр түүнийг тойрсон хэл ам бас бий. Тодруулбал Журмын нөхөр Ц.Элбэгдоржийнхоо ах, хорооны засаг даргад хурандаа цол олгож төрийн чухал албыг хашуулж явсан том толгой.
"ЭРДЭНЭТ-ЭЭС ХӨЛЖСӨН НЬ
Мөн түүнчлэн Монголын эдийн засгийн том хөшүүрэг болсон "Эрдэнэт” үйлдвэрийн даргааар ажиллаж байхдаа нилээдгүй хөрөнгө хувьдаа завшсан гэх хардлага одоо ч байсаар байдаг юм билээ. Тодруулбал: Эрдэнэт үйлдвэр эрчим хүчээ ОХУ-аас хангадаг. Цахилгаан авсныхаа хариуд багагүй мөнгө төлдөг. Хачирхалтай нь тэрээр эрчим хүчийн үнийг бууруулах талаар хэлэлцээр хийнэ гэх нэрийн дор 800 мянган ам.долларыг цахилгаанаар хангадаг Оросуудтай биш, хаа хамаагүй Киприйн зуучлагч компанид өгсөн гэх. Гэвч өнөө цахилгааны үнэ буураагүй гэсэн. Энэ хэргийн талаар цагдаагийнхан Д.Дорлигжавт эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан боловч прокурор хэрэгсэхгүй болгосон байдаг. Тухайн үед Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Ц.Нямдорж ажиллаж байсан учраас нутгийн дүүгээ уснаас хуурай гаргасан хэмээн ярьцгаадаг юм билээ. Мөн "Эрдэнэт” үйлдвэрийн даргын ажлаа өгөхдөө унаж байсан албаны жийп машинаа хүртэл өгөлгүй хувьдаа шингээсэн хэмээн тухайн үед хэвлэлээр баахан шуугиж байлаа. Ерөнхийдөө бол суусан газраасаа шороо атгаад сурсан хүний л зан биз.
АРДЧИЛСАН НАМЫН УНАЖ ХАНАДАГГҮЙ УЛСТӨРЧ
Таван нам нэгдэж Ардчилсан намыг байуулахад Д.Дорлигжав даргаар нь ажиллах болсон 2001 он. Тухайн цаг үетэй давхцан Ерөнхийлөгчийн сонгууль болсон билээ. Гэвч сонгуулийн үед тэрээр "Ардчилсан намын даргын өрөөнд чагнах төхөөрөмж тавьсан хэмээн шуугиулж намынхаа нэр дэвшигч Р.Гончигдоржийн рейтинг намс унагаж байсан нэгэн. Ер нь бол намынхаа нэр дэвшигчийг ерөнхийлөгчийн сонгуульд ялагдах үндэс суурийг тавьсан гэж болно.
Мөн намын даргаар ажиллаж байхдаа гэр бүлийнхнийгээ Англи руу явуулахад "Эрдэнэт” үйлдвэрээс гувчуулсан мөнгөөрөө тансаглаж эхэллээ хэмээн гэлцэж байсан.
Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нь хүртэл ард түмэнтэйгээ гар барин үг солилцдог байхад намын дарга болоод л дөрвийн дөрвөн хамгаалагчаар хамгаалуулж дүрдээ хэт орсон дарга байлаа. Гэхдээ энэ нь удаан үргэлжлээгүй.
Харин 2005 онд болсон Ардчилсан намын ҮЗХ-ны хурлаар намын дарга М.Энхсайханыг огцруулж шинэ намын дарга сонгох хурлаар Р.Гончигдорж, Д.Дорлигжав хоёр өрсөлдсөн юм. Энэ хурлааар ил тод санал хураалтаар өмнө нь намын дарга болж ажиллаж чадаагүй Д.Дорлигжавыг биш, Р.Гончигдоржийг дийлэнх олон нь дэмжснээр тэрээр түшиг тулгуур болж байсан "Алтангадас”таа нууцхан өш санах болсон гэдэг.
Түүнчлэн наадам бүрт зодоглоод унадаг бөх шиг дөрвөн жилд нэг сайн унасан ч хаширна гэж байдаггүй улстөрч. Увсдаа тэрээр Ц.Нямдорж, Ч.Авдай нарт өнгөрсөн сонгуульд ялагдсан. Увсынханд "Би улаан юманд дургүй, улаан өнгөнд дургүй, улаан Цэдэнбалд дургүй” гэж хэлээд ад үзэгдсэн. Төр улсад хийсэн юмтай, гаргасан мөртэй том хүний талаар жижиг хүн ийм дүгнэлт гаргасан нь хамгийн бодлогогүй хэрэг байлаа. Хэдий намын дарга, генсек, ассоциацийн тэргүүн зэрэг өндөр албан тушаал хашиж байсан ч тэр ард түмний сонголтын өмнө хэн ч биш чигээрээ үлджээ. 2008 онд ганцхан жилд гурван сонгуульд өвдөг шороодсон нь үүнийг гэрчилнэ. Намын дарга, "Эрдэнэт” үйлдвэрийн захирал байсан хүн намынхаа дотоодод болдог сонгуульд Эрдэнэтдээ унасан нь түүнийг хүмүүс "ичиг ичиг” гэхэд хүргэсэн билээ. УИХ-ын сонгуульд ойчсон ч ичих булчирхайгаа гээсэн Дорлигоо Баянгол дүүрэгт орон нутгийн сонгуулиар бас л "тэнгэр харж” унасан. Жил бүрийн наадамд нэг давдаг бөхөөс ч дор жилдээ гypaв зодоглоод гурвууланд нь унасан Д.Дорлигжавыг эцэж цуцахыг мэддэггүй улс төрч гэхэд нэг их гайхаад байхгүй биз ээ.
СҮРИЙГ БАДРААГЧ ИХ УЛСТӨРЧ
Эцэст нь хэлэхэд Ерөнхийлөгчид горилогч Д.Дорлигжав улстөрийн тогоонд олон жил болж байгаа боловч ард түмэнтэйгээ харьцах харьцаа тийм ч сайн бус дээгүүр сэвэгч нэгэн гэдгээ баталсаар байдаг. 2008 оны долдугаар сарын 1-ний хэрэг явдлын хохирогчдын өөдөөс том дуугарч сүрийг үзүүлсэн нэгэн. Ордны хаалгаар сэмбэлзтэл алхан гарч ирсэн тэрээр тосч ирсэн иргэдийг голд нь ортол гомдоосон гэх.
Тэрээр үймээний уршгаар үр хүүхэд, хань ижлээ алдсан тэднийг "Та нар тавин сая төгрөгөө голоод хэвтэж байгаа гэл үү?Надаас өөр та нарыг хэн тоож уулзах юм бэ?Би л тоож уулзлаа шүү, одоо болоо юм биш үү?Яагаад төрөөс хүний амь нэхээд байгаа юм бэ?Тэр хүн алсан цагдаа нараасаа очоод нэх, Харин ч тавин сая төгрөг өгч байгаа нь их юм гэж бодоорой” гэсэн басаж доромжилсон, баалж тохуурхсан үгээр "шавхуурдаж” орхисон байдаг.
Харин ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан Өршөөлийн тухай хуулинд буудах тушаал өгсөн цагдаагийн удирдлага хамрагдсанаар долдугаар сарын 1-ний хэргийн бодит үнэн бүрхэг болж байна. Нэгэнт өршөөгдсөн хүнийг дахиж авчраад юу болсон талаар байцаахгүй нь тодорхой билээ. Ийм л үр дагаврын ард хохирч үлдээд буй хүмүүсийн өөдөөс хатуу үг шидсэн Д.Дорлигжав өөрөө хэн юм бэ? Ард түмэн энэ хүнийг ямар нүдээр хардаг вэ? гэх асуултууд ар араасаа урган гарах биз ээ.
Сүүлийн үед тэрээр Ерөнхийлөгчийн засаглалтай ардчилсан улс байх ёстой хэмээн телевиз, радио, хэвлэлээр их ярих болжээ. Магадгүй ерөнхийлөгч болчихвол хэмжээлшгүй эрхт хаан шиг байх мөрөөдлөө бас нуухгүй байгаа бололтой. Тиймдээ л ерөнхийлөгчийн суудалд улайран зүтгэж байгаа биз. Ер нь бол нутгийн /УВСЫНХАН/ зон олондоо хүндэлэлгүй хүн Монголын төрийн тэргүүн болно гэдэг нь юу л бол.
Эцэст нь хэлэхэд өөрийгөө бүхнээс дээгүүр тавих дуртай эрхэмийг ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлнэ гэдэг нь АРЧИЛСАН НАМ ЯЛАГДЛАА ЗАРЛАСАНТАЙ АГААР НЭГЭН БОЛОХ БАЙЛГҮЙ.
Эх сурвалж: BOLOD.MN
ЧОЙ