Д.Батбаяр: Монголын түүх бол дэлхийн түүх гэдгийг хүлээн зөвшөөрч эхэлсэн

Д.Батбаяр: Монголын түүх бол дэлхийн түүх гэдгийг хүлээн зөвшөөрч  эхэлсэн

 

Монголын хүүхдийн ордны уран зургийн багш, уран бичээч Д.Батбаярыг энэ удаагийн зочноор урьж, ярилцлаа.

 

-Сүүлийн үед каллиграф буюу уран бичлэгийг хүмүүс их сонирхож байна. Энэ соёлын утга санааг та юу гэж ойлгож, уран бүтээл туурвиж байна вэ?

- Каллиграф нь Грекээс гаралтай соёл юм. Одоо дэлхий нийтэд хүчтэй хөгжиж байна. Хүн төрөлхтний түүхэнд латин үсэг хөндлөн, араб, япон бичиг хойноосоо урагшаа, Монгол бичиг дээрээс доошоо бичиж байна. Ер нь бичиг соёл бол дэлхий нийтэд тухайн улс орныг илэрхийлэх имиж нь байдаг. Босоо бичиг ганцхан Монголд л байдаг учраас бид энэ давуу талаа ашиглах хэрэгтэй. Монгол бичиг 1000 гаруй жилийн түүхтэй. Чингис хаан дэлхийг байлдан дагуулж байсан тэр хүчирхэг үед монгол бичиг бий болжээ. Энэ эх сурвалжийн хамгийн нандин дурсгал нь "Чингисийн чулууны бичиг” юм. Харамсалтай нь энэ бичиг хаана байдаг, дээр нь юу хадгалагдаж үлдсэн гэх мэдээллийг мэргэжлийн судлаачид л харж анзаарч байдаг. Харин ихэнх монголчууд мэдэх нь битгий хэл, сонирхох ч үгүй байна уу даа гэж анзаарах юм.

 

-"Чингисийн чулууны бичиг”-ийн үнэ цэнийн талаар тайлбарлаж өгөхгүй юу?

- Энэ дурсгал маань Оросын Эрмитажийн музейд хадгалагдаж байна. Сибирийн судлаач Спасский Хархираа голын хавиас бичигтэй хөшөө олсон тухайгаа анх мэдээлж, 1932 онд Петербургт аваачсан байдаг. Түүнээс хойш олон орны эрдэмтэн чулуун дээрх бичгийг нь тайлж унших гээд чадаагүй. 1960 онд Монголын түүхч Х.Пэрлээ очиж судлаад, Чингисийн чулууны бичиг гэдгийг тайлсан байдаг. Чулуун дээр 1224 оны өвөл их хуралдай хийж, тэр үеэр болсон наадамд Хавт Хасарын хүү Есүнхэ ноён 335 алд хол байсан байг оносон түүхэн амжилтыг тэмдэглэсэн байдаг. Ер нь монгол бичгийн соёл Чингис хаан дэлхийг байлдан дагуулж байх үед дэлгэрсэн болохоор олон оронд холбоотой түүх нь байдаг. Гадны нэгэн эрдэмтэн "Дэлхийн дээр хамгийн их тарсан ном бол Монгол ном” гэж хэлсэн байдаг. Тэр үнэхээр үнэн шүү. Аль ч орны номын санд уншиж чадахгүй ч гэсэн бидний босоо бичигтэй бүтээлүүд байж байдаг. Италид гэхэд XII зууны үеийн Энх тайвныг зарлан тунхагласан алдартай захидал бий. Бид түүнийг үзье гэвэл Италид очих шаардлагатай болж байна.

 

-Ер нь уран бичлэгээр дамжуулан монгол бичгийн соёлтой танилцаж, тэр бүү хэл Монголын түүхээ мэдэх ач холбогдолтой юм. Тийм ээ?

-Тийм шүү. Би өнгөрсөн хугацаанд дэлхийн алдартай түүхэн бүтээлийг их судалсан. Тэнд яагаад ч юм бэ монгол түүхийг оруулдаггүй байлаа. Харин сүүлийн үед дэлхийн зохиолч, судлаачид Монголын түүхэнд их ач холбогдол өгдөг боллоо. Ер нь бол Монголын түүх бол дэлхийн түүх гэдгийг хүлээн зөвшөөрч эхлэж байна. Японы хийсэн "Монголын их гүрний тухай” цуврал бүтээл бий. Шинжлэх ухааны үндэслэлтэй маш сайн бүтээл болсон. Энийг бид бүхэн дахин дахин үзмээр байна. Хийж бүтээж чаддаггүй юм аа гэхэд дэлхий нийт Монголыг хэрхэн харж байна гэдгийг мэдэрч байх учиртай юм л даа.

 

- Монголынхоо түүхийг дотоодоосоо биш гаднаас эрж хайж судлах тэр цаг үе нь ирсэн гэдгийг таны ярианаас ойлгож байна?

- Би өөрсдийгөө гаднаас нь харах цаг болсон байна. Би уран бичлэг гэдэг ямар зүйл вэ гэдгийг тайлбарлах гэж нэг ном гаргасан байгаа. Гэтэл бүхэл бүтэн түүхийн ном гаргах шаардлагатай болсон. Бид монгол бичгээс өмнө санаа бичиг, болзмол тэмдэг, үет бичиг, дөрвөлжин бичиг, соёмбо бичиг гээд хэрэглэж иржээ. Хамгийн сүүлд крилл бичгээр бичиж байна. Яг үнэндээ крилл бичгийг бид оросоос зөвшөөрөлгүй аваад хэрэглэж байгаа шүү дээ. Бид бичиг үсгийн гайхалтай түүх соёлыг бүтээж чадсан хэрнээ өнөөдөр харийн хэлийг эзэмшээд л явж байна. Болгар гаралтай хүний зохиосон крилл бичгийг жаахан өөрчлөөд л хэрэглэж байна. Энэ нь харамсалтай санагддаг.

 

-Та Монгол бичгийг ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгүүлэхэд гар бие оролцсон хүн. Ер нь хэзээнээс энэ бичиг соёл, түүх, уран бичлэг зэрэгтэй холбогдож явна вэ?

-1990 оноос энэ талаар дуугарч, уран бүтээл хийж эхэлсэн. Энэ хугацаанд олон үзэсгэлэн гаргалаа. Монголдоо болон Япон, Америк, Италид хүртэл уран бичлэгээ хүргэлээ. Уран бичлэг, монгол бичиг ийм ач холбогдолтой юм гэдгийг би сурталчилсаар ирсэн. Гэтэл нийгэм маань анхаарч өгдөггүй. Улс төр, алт, нүүрс л ярьсан улс байх юм. Гэхдээ би шантраагүй явсаар 2013 онд Монгол бичгийг ЮНЕСКО-д бүртгүүлсэн. Тэд манай бичгийг их л бахархалтайгаар хүлээж авсан. Соёлтой орны, түүх соёлыг мэдэрч хайрладаг хүмүүс ондоо юм билээ. Бүх л зүйлийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хүлээж авсан. Одоо энэ бичиг соёлоо бид өөрсдөө л хайрлаж, хамгаалж авч үлдэх хэрэгтэй байна . Гэтэл манайхан ядаж нэрээ ч бичиж чаддаггүй.

 

-Гэхдээ нэг үеэ бодвол Монгол бичгийг сэргээх, хэрэглэж хэвшүүлэхэд санал санаачлага гарч байна гэж хардаг шүү. Танд мэдрэгдэх юм уу?

-Тийм ээ. Энэ өв соёлоо сэргээх янз бүрийн оролцлого хийж байна. Гэхдээ хэтэрхий удаан байна. Тэгж удаж байх хооронд бичиг соёл маань улам л холдож байна шүү дээ. Би өөрийгөө бол хийх ёстой зүйлээ хийж яваа л гэж боддог. Шавь нартаа уран бичлэг зааж, энэ соёлын талаар ном гаргаж байна. Мөн гадны оронд тодорхой хэмжээнд танилцууллаа. Саяхан гэхэд миний хайку шүлэгтэй уран бичлэг япон хэлнээ хэвлэгдсэн. Япончууд их сайхан хүлээж авсан.

 

-Хайку шүлэг уран бичлэг хоёр их гоё хосолж харагддаг шүү?

-Гайхамшигтай хосолно. Дорнын оюуны соёлын нэгэн хэсэг юм даа. Япон энэ хоёрын маш том соёл болгон хөгжүүлж чадаж байна. Япон уран бичлэгээр дэлхийд гайхуулж байна шүү дээ. Би ч гэсэн монголоо гайхуулмаар л санагдаад хайку уран бичлэгийг хослуулан хэдэн ном гаргасан. Олон улсын энэ төрлийн уран бүтээлчид сайхан хүлээж авлаа. Франц, Герман, Англи, Японд хүртэл хэвлэгдсэн. Япон хэлнээ орчуулагч маань "Таны хайкуг би орчуулчихаад одоо өдөр болгон нэг хайку бичиж байгаа” гэж хэлсэн. Тэгэхээр орчуулж байгаа хүнд гүн сэтгэгдэл үлдээж чадаж дээ гэж урамшиж суулаа. Хайку урлаг бол гайхалтай л даа. Наанаа өвс байгаа мэт харагдахад цаана нь байгаль дэлхий байж байдаг.

 

-Та сүүлийн үед бичсэн хайку шүлгээсээ сонирхуулахгүй юу?

- "Ижийдээ буян хийвэл элэгний эмтэрхий бүтэн болно”, "Өтгөн бургасанд навчис үнсэлдэх нь сонсогдоно өнгө нь улаан болжээ” гээд бичсэн байна. Ер нь тухайн үеийн сэтгэлгээнээс гардаг. Оновчтой, товч тодорхой үгсүүд юм. Өөрийгөө сонсоно, хүний сонсоно, байгаль дэлхийг бас сонсох шаардлагатай болдог.

 

-Дэлхийн уран бүтээлчид таныг үнэлж, уншигчид нь таныг уншиж эхэлжээ. Харин манайхан яаж хандаж хүлээн авдаг вэ?

-Би өөрөө нэг их шоудахгүй юм даа. Хийх ёстой зүйлээ хийлээ, тэгээд л болоо. Би анхныхаа номыг гаргахдаа их гэгэлгэн байжээ. Бөөн шуугиан тариад л эрдэмтэд ч сайхан хүлээж авна гэж бодсон. Гэтэл миний санаснаар болоогүй. Гэхдээ манайд оюуны соёл гэж ойлгохоосоо илүү нэр хүнд ашиг сонирхлыг боддог үе болжээ. Боловсролын хувьд нимгэн өрөвдмөөр байна даа.

 


Т.БАТСАЙХАН /ЗУУНЫ МЭДЭЭ/

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen