Иргэдийн халаасыг тэмтрэх бус О.Содбилэг, А.Сүхбат, Ж.Оджаргал, Л.Гүндалай нарын ГАЗРЫН ЭЗЭД-аас өндөр ТӨЛБӨР АВ!
Засгийн газраас өргөн барьсан төсвийн тодотгол жирийн иргэдийн халаасыг нимгэлж, нуруун дээр нь ачаа нэмсэн, төрийн тансаглалыг нэмэгдүүлсэн, зардлаа танаагүй байна гэдгийг МҮЭХ болон УИХ дахь АН-ын бүлгийн зүгээс илэрхийлцгээж буй. Уг нь улс орон, ард иргэдийнхээ нийтлэг ашиг сонирхлыг дээдлэн, 2017 оны төсвийн тодотголыг хэлэлцэж батлахдаа дундаж болон дунджаас доош орлоготой иргэдэд татвар, үнийн дарамт учруулахгүй байх шийдвэр гаргар ёстой байгаа юм. Тэрчлэн төсвийн орлогыг нэмэгдүүлэх өөр гарц боломжуудаа улстөрчид олж харах хэрэгтэй байна. Тухайлбал, үүнд хэвлэлүүд газрын асуудлыг онцолж байгаад эрх баригчид анхаарах ёстой болов уу. Монгол Улсад газрыг дархан эрхтэйгээр эзэмшиж буй олигархиудаас газрын төлбөр авч яагаад болохгүй гэж. Газар хувьчлалын асуудал эрхзүйн хувьд шийдэгдээгүй байхад төв, орон нутгийн газрын байцаагчдыг хахуульдах замаар олон арван га газарт хууль бусаар эзэн суусан нөхдүүдэд өндөр татвар ногдуулах нь иргэдийнхээ таван цаасыг хүчээр булаахаас илүү хүнлэг үйлдэл болох биз ээ.
"Хүртээмжтэй хөгжил хүрээлэн” төрийн бус байгууллагаас мэдээлэл хийхдээ Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1-ийн 2-т бизнесийн зориулалттай газар эзэмших эрхийг зөвхөн дуудлага худалдаагаар худалдахыг заасан. Гэтэл Улаанбаатар болон аймаг орон нутагт хэн хэзээ ямар шийдвэрээр олгосон нь үл мэдэгдэх хашсан газрууд олон байгааг УИХ, НИТХ хянан шалгаж хууль бусаар олгогдсон газар эзэмших эрхийг цуцлахыг шаардсан. Газрын эзэмшлийг хууль ёсны дагуу болгохоос гадна үнэлгээг нэмэгдүүлэх нь зөв гэж тэд үзэж байгаа юм.
Учир нь Засгийн газрын 1997 оны 152 дугаар тогтоолоор Газрын үнэлгээг тогтоосноос хойш огт өөрчлөөгүй 20 жил царцаасан нь төсвийг асар их алдагдалд оруулж байна. 1997 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 12000 төгрөг, улсын төсвийн орлого 200 тэрбум байсан бол эдүгээ 2017 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240 000 болж, улсын төсвийн орлого 6 их наяд болж 20-30 дахин нэмэгдсэн. Газрын үнэлгээнд суурилсан газрын төлбөр 1997 оны төвшинд байгаагаас дээрх жишгээр тоймловол улсын төсөв жил бүр 1.8 наяд төгрөгийн орлогоо алдаж байна. Тиймээс Засгийн газар үнэлгээг нэн даруй шинэчлэх шаардлагатай хэмээн мэдэгдсэн.
Тэгэхээр газрыг га га-гаар нь авсан эрх мэдэлтнүүд улсыг өнгөрсөн жилүүдэд тэрбум тэрбумаар нь хохироож иржээ. Тэдгээр хүмүүсээс нэрлэвэл УИХ-ын гишүүн А.Сүхбат тэргүүтнүүд Төв аймагт Богд уулын урд бэлд өчнөөн га газар буга үржүүлэх нэрийн дор авсан байдаг. Ж.Оджаргал нарын MCS-ийн удирдлагын хэдэн гэрийнхэн Яргайтын зуслангийн төгсгөл уулын амыг тэрчигт нь авчихсан. Хөвсгөл аймгийн Засаг дарга асан Л.Цэрэнжав, иргэний нисэхийн Хангарьд компанийн захирал Л.Сэргэлэн, УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай нар Хөвсгөл далайн эрэг хөвөөнд газрын хувьчлал явагдаагүй байхад аль хэдийнэ эзэн суучихаад далай үзэхээр очсон хүмүүсээс төлбөр мөнгө нэхээд сууж байдаг гэхээр улсынхаа аялал жуулчлалд ч бас давхар сөрөг нөлөө үзүүлээд, өөрсдөө хэдэн цаас тоншоод сууж байдаг аж.
За мөн гишүүн асан Л.Эрдэнэчимэг эзэмшдэг газрынхаа тоогоор бусад түшээдээс илүүрхэж байсан удаатай. Тэрбээр /Эзэмших, 180 м2-1, Эзэмших, 4032 м2-1, Эзэмших, 699 м2-1, Эзэмших, 700 м2-1, Өмчлөх, 816 м2-1, Ашиглах, 950 м2-1/ гэх мэтээр зургаан газар эзэмшдэг бол хамгийн их талбай бүхий газар эзэмшдэг баян түшээгээр О.Содбилэг нэрлэгдэж байсан. /Эзэмших, 1219 м2-1, Эзэмших, 50000 м2-1, Өмчлөх, 700 м2-2/ хэмжээтэй газрын эзэн юм.
Тэгэхээр энэ мэт газрын эзэн эрх мэдэлтнүүдээс авах газрын төлбөрөө нэмэгдүүлэх нь иргэдийн халаасыг тэмтрэхээс илүү хүнлэг явдал гэдгийг дахиад хэлье.
Эх сурвалж: Шуурхай.мн