Иран Трампын цохилтод хэрхэн хариу барихыг олон улс түгшин хүлээж байна

Иран Трампын цохилтод хэрхэн хариу барихыг олон улс түгшин хүлээж байна

 

АНУ Ираны эсрэг мөргөлдөөнд оролцож, гурван гол цөмийн объектод нь цохилт өгсөн гэж Ерөнхийлөгч Доналд Трамп бямба гарагийн /2025.06.21/ орой мэдэгдсэн. Мөн Трамп Ираныг энхийн тохиролцоонд оролцохгүй бол цаашид илүү хүчтэй цохилтод өртөнө хэмээн анхааруулсан юм.

Израил Ираны эсрэг явуулж буй цэргийн ажиллагаанд нэгдэх шийдвэрийг Трамп олон хоногийн турш зөвлөлдөж, хэлэлцсэний дараа гаргав. Түүний энэхүү шийдвэр хоёр улсын мөргөлдөөнийг эрс хурцатгасан алхам болж байна.

Трамп цохилтын дараа шууд дамжуулалт хийж үг хэлэхдээ “Ойрх Дорнодын орнуудыг дээрэлхдэг Иран энх тайвнаар асуудлыг шийдэх ёстой. Хэрэв үгүй бол дараагийн цохилтууд илүү хүчтэй, илүү хялбар байх болно. Нэг бол энх тайван тогтоно, эсвэл Иран өмнөх найман хоногт үзсэнээс ч хүнд гамшигтай нүүр тулна” гэсэн юм.

Түүний хэлснээр, АНУ-ын хүчнийхэн Ираны Натанс, Исфахан, Фордов хэмээх гурван гол цөмийн байгууламжид цохилт өгсөн. Трамп “Fox News” агентлагт хэлэхдээ Фордовт руу зургаан ширхэг газрын гүн нэвтэрдэг бөмбөг, бусад цөмийн төвүүд рүү 30 ширхэг Tomahawk пуужингаар цохилт өгсөн гэсэн юм.

Газрын гүн нэвтэрдэг бөмбөгийг 2 тэрбум ам.долларын үнэтэй B2 бөмбөгдөгчөөр тээвэрлэсэн. Зургийн эх сурвалж: Jerusalem Post

Гэхдээ тус гурван байгууламжид ямар хэмжээний хохирол учирсан гэдгийг тодорхойлоход хугацаа шаардагдана. Хэрвээ багахан хохирол учирсан бол Трамп өчүүхэн зүйлийн төлөө маш том улс төрийн эрсдэл үүрсэн асуудал болох тул дахин цохилт өгөх дарамт ирнэ.

Ираны “Tasnim” агентлаг мэдээлснээр дайсны агаарын цохилтоор Фордовын объектын тодорхой хэсэгт хохирол учирсан гэдгийг нэгэн албан тушаалтан баталсан байна. Тус улсын төрийн телевизийн орлогч захирал Хасан Абедини хэлэхдээ, эдгээр гурван байгууламжаас баяжуулсан ураны нөөцийг зөөсөн гэжээ. Хэрвээ бөмбөгдөгдвөл цацраг идэвх тархаж, хөр хөнөөл учруулах зүйл үлдээгүй хэмээсэн байна.

Ираны “Fars” агентлагийн мэдээлснээр парламентын гишүүн Мохаммад Манан Раиси хэлэхдээ “Учирсан хохирлын ихэнх нь газрын гадаргуугийн түвшинд байсан тул нөхөн сэргээх боломжтой” гэжээ.

Ираны дээд удирдагч Аятолла Али Хамейни цохилт болохоос хэдэн хоногийн өмнө хэрэв Трамп халдлага үйлдвэл “нөхөж баршгүй хор уршиг” үзүүлнэ гэж анхааруулж байсан юм. Харин Ираны төрийн телевизийн тайлбарлагч хэлэхдээ бүс нутаг дахь Америкийн иргэн, цэрэг бүр одоо хууль ёсны бай боллоо гэсэн байна.

Америкчууд цохилтын талаар ямар байр суурьтай байна вэ

“Reuters” агентлаг Лос Анжелесын оршин суугчдаас цохилтын талаар ямар байр суурьтай байгааг нь асуужээ. Зарим нь айж байна гэж хэлсэн бол зарим нь Трампын шийдвэрийг зөв гэж үзсэн байна.

32 настай Элено Ж. Жуарез “Эцсийн эцэст, хүүхдүүд маань ирээдүйд аюулгүй орчинд амьдарч болох улс орон хүсэж байна. Тиймээс энэ довтолгоо шаардлагатай зүйл байсан” гэжээ.

27 настай Эван Шлезингер “Ойрх Дорнодод болж буй нөхцөл байдал нэлээн аймшигтай шатандаа орж байна” гэжээ.19 настай Кэти “Z үеийнхэн дайнд оролцоно гэж хэзээ ч төсөөлөөгүй” хэмээсэн юм. Цахим орчин дээр америкчууд Трамп энхийг эрхэмлэнэ гэсэн хэр нь дахин дайн үүсгэлээ гэж буруутгаж буй. Харин өөр нэгэн хэсэг хүмүүс Иран цөмийн зэвсэгтэй болохоос сэргийлсэн алхам, 1980-аад онд Хойд Солонгост цохилт өгөөгүй учир одоо тэд цөмийн зэвсэгтэй болсон хэмээж байна.

АНУ-ын хууль тогтоогчид мөн цохилтын талаар хоёрдмол байр суурь илэрхийлжээ. Ардчилсан намын хууль тогтоогчид Трампын цохилтыг Үндсэн хууль зөрчсөн явдал хэмээн шүүмжилсэн юм. АНУ ямар нэгэн улсын эсрэг дайн зарлахын тулд Конгресс зөвшөөрөх ёстой байдаг. Харин ерөнхийлөгч улсын эрх ашгийн төлөө, Конгрессын зөвшөөрөлгүй тодорхой хэмжээний цэргийн ажиллагаа явуулж болдог юм. Бүгд найрамдах намын зарим гишүүдийн хувьд Ираныг цөмийн зэвсэгтэй болохоос сэргийлэхийн тулд авах ёстой байсан алхам гэж үзжээ.

Иран ямар хариу арга хэмжээ авах боломжтой вэ

Зургийн эх сурвалж: Reuters

Иран Трампын хүсэж буйгаар хэлэлцээний ширээнд суух магадлалтай. Гэвч тус улсын удирдагчид сүрдүүлэг дор хэлэлцээ хийхгүй гэдгээ мэдэгдсэн.

Ойрх дорнодод АНУ-ын олон арван цэргийн баазуудад бий. Тэдгээр баазууд руу Иран довтлох магадлалтай. Хэрвээ АНУ мөргөлдөөнд шууд оролцвол ийм хариу арга хэмжээ авна гэж Техран өмнө нь анхааруулж байсан.

Иран АНУ-д хүрэх баллистик пуужингүй ч, Ойрх Дорнод дахь Америкийн ашиг сонирхолд цохилт өгөх боломжтой. Үүнээс гадна, АНУ-д буй нууц алба хаагчдаа идэвхжүүлж болзошгүйг АНУ-ын эрх баригчид анхааруулсан.

Мөн Техран цөмийн зэвсэг үйлдвэрлэх үйл ажиллагаагаа хурдасгах аюул бий. Гэхдээ энэ нь цохилтоос үүдэлтэй хэр хохирол үүссэн болон Иранд өөр, нууц цөмийн байгууламж байгаа эсэхээс шалтгаална.

Мөн Иран ОХУ, Хятад зэрэг зэвсэглэл сайтай холбоотнуудаасаа тусламж хүсэж магадгүй юм. Цохилт болохоос өмнө Иран Ормузын хоолойг хааж болно гэж анхааруулсан. Ормузын хоолой нь Персийн буланг Оманы булан болон Арабын тэнгистэй холбодог нарийн усан гарц юм. Хамгийн нарийн хэсэгтээ энэ хоолой ойролцоогоор 34 км өргөн. Хоёр чиглэлд тус бүр 3.2 км өргөнтэй тээврийн урсгалтай.

Олон улсын нийт газрын тосны худалдааны 26 орчим хувийг энэ хоолойгоор дамждаг тул дэлхийн хамгийн стратегийн чухал усан гарцуудын нэгт тооцогддог. Олон улсын эрчим хүчний агентлагийн үзэж байгаагаар, энэ хоолойгоор дамжих газрын тосны урсгал саатах нь дэлхийн газрын тосны зах зээлд ноцтой үр дагавар авчрах юм. Гэхдээ Ормузын хоолойг авто замтай адил амархан хаах боломжгүй. Шинжээчдийн үзэж буйгаар Иран зөвхөн Ормузын хоолойгоор өнгөрөх худалдааг удаашруулах л хүчин чадалтай аж.

Дэлхий дахин АНУ-ын цохилтод Иран ямар хариу арга хэмжээ авч, түүний дараа Трамп хэрхэн шийдвэр гаргахыг хүлээж байна.

Эх сурвалж: Reuters, Newsnation, Newsweek

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen