Эрт илрүүлэг: 45 болон 60 насны хүн амын 11.8 хувь нь сэтгэцийн эмгэгтэй байна

Эрт илрүүлэг: 45 болон 60 насны хүн амын 11.8 хувь нь сэтгэцийн эмгэгтэй байна

 

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанд эрт илрүүлгийн үр дүнг танилцуулсан. Зургадугаар сарын 08-ны байдлаар Монгол Улсын нийт хүн амын 31.1 хувь буюу нэг сая 47 мянган иргэн эрт илрүүлэгт хамрагдсанаас 45 хувь нь эрэгтэй, 55 хувь эмэгтэйчүүд байжээ. Үзлэгийн явцад гурван хүн тутмын хоёр нь буюу 700 мянга гаруй сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн байна. Сэжигтэй тохиолдлын 60.5 хувь нь хоол боловсруулах тогтолцооны, 11.9 хувь нь дотоод шүүрэл тэжээлийн болон бодисын солилцооны, 8.1 хувь нь шээс бэлгийн тогтолцооны, 6.3 хувь нь зүрх судасны тогтолцооны, 3.6 хувь нь амьсгалын тогтолцооны өвчлөлүүд бүртгэгдсэн нь нийт өвчлөл, эмгэгийн сэжигтэй тохиолдлын 90.4 хувийг эзэлж байгааг Эрүүл мэндийн сайд мэдээлэлдээ онцоллоо.

 Судалгааны үр дүнгээс дурдвал:

-Эрт илрүүлэгт хамрагдсан тав хүртэлх насны хүүхдийн 10.2 хувь нь илүүдэл жинтэй, 5.3 хувь нь таргалалттай, 39.3 хувь нь илүүдэл жин, таргалалтад өртөх эрсдэлтэй, 17.5 хувь нь өсөлтийн хоцролттой буюу намхан байжээ.

- 6-17 насны хүүхдийн 6.5 хувь нь илүүдэл жинтэй, 25.7 хувь нь илүүдэл жин, таргалалтад өртөх эрсдэлтэй байгаа тул хүүхдийн хоол тэжээлийн байдал, эрүүл амьдрах хэв маягт бага наснаас нь сургах, эрүүл хооллолтын талаарх зөв мэдлэг, дадал, хандлага суулгах нэн шаардлагатай болохыг харуулж байна.

-Гурван настай гурван хүүхэд тутмын нэгд,  таван настай гурван хүүхэд тутмын  хоёрт, холимог шүдтэй 6-11 насны таван хүүхэд тутмын гуравт, 12-17 хүртэлх насны хоёр хүүхэд тутмын нэг нь шүд цооролттой.

-Зүрх судасны өвчний үзлэг, шинжилгээгээр 40, түүнээс дээш насны нийт хүн амын 47.4 хувь нь бага, 41.6 хувь нь дунд, 9.7 хувь нь өндөр, 1.3 хувь нь маш өндөр эрсдэлтэй, цусны даралт ихсэлт буюу артерийн гипертензийн тархалт  65 хувь, артерийн судас хатуурах эрсдэлтэй 28.5, судас хатууралтай 3.2 хувь байна.

-Үзлэгт хамрагдсан нийт хүн амын 8.1 хувь нь чихрийн шижинтэй байснаас 2.8 хувийг нь шинээр илрүүлсэн. Чихрийн шижингийн эрсдэлийн үнэлгээгээр хүн амын 20.3 хувь нь өндөр эрсдэлтэй байна.

-Эрт илрүүлэг үзлэгт хамрагдсан зорилтот 45 болон 60 насны хүн амын 11.8 хувь нь сэтгэцийн эмгэгийн сэжигтэй байна. Зонхилон тохиолдох сэтгэцийн үндсэн дөрвөн эмгэгээс архаг ядаргаа 3.5, сэтгэл түгшилт 7.6, тайлбарлаж боломгүй биеийн зовуурь шаналгаа 6.9, сэтгэл гутрал 1.7 хувь тус тус тохиолдсон байна. 

-Судалгаагаар 329 хорт хавдрын оношийг баталгаажуулснаас 255 хүн нь шинээр оношлогдсон. Шинээр оношлогдсон тохиолдлын 29 нь онош батлагдсаны дараахан нас барсан нь хожуу шатандаа илэрч байна. Энэ нь уг илрүүлгийг тогтмолжуулж, эрт шатанд нь оношлох шаардлагатайг харуулж байгааг дурдлаа.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen