Өвлийн улс төр: Д.Энхтүвшин, Ж.Баярмаа нар яагаад "попров", цаашид парламентын хүч нүүрсний хэрүүл, Ерөнхийлөгчийн сонгуульд хэрхэн зориулагдах вэ

Өвлийн улс төр: Д.Энхтүвшин, Ж.Баярмаа нар яагаад "попров", цаашид парламентын хүч нүүрсний хэрүүл, Ерөнхийлөгчийн сонгуульд хэрхэн зориулагдах вэ

 

Францын парламент сүүлийн 60 жилийн хугацаанд түүхэндээ анх удаа Ерөнхий сайдаа огцруулж, БНСУ-ын парламент Ерөнхийлөгчийнхөө зарласан онц байдлыг цуцлахтай зэрэгцэж, Монголын парламент өнгөрөгч долоо хоногт өөрсдийн баталсан төсвөө шинээр боох хэлэлцүүлгийг эхлүүлэв.

Парламентын танхимууд хүчтэйгээ харуулсан гадны кэйсүүдийн хажууд монгол ялаад ч байгаа юм шиг, ялагдаад ч буй юм шиг бүрхэг дүр зурагтай сууцгаана.

Дэлхийн зах зээл дээр алт, нүүрс, зэсийн үнэ нь жаахан өсөөд, зээлжих зэрэглэл нь арай томорч, олон улсын байгууллагууд үнэлгээгээ ахиулаад ирэхээр дотоодын зодоон нь хурцаддаг байдал ирэх жил дахин давтагдах "үнэр" тод ханхлах болов. Дотоодын ийм зодоонд 126 гишүүнтэй болсон парламентын хүч, популизм, голч байдал ямархуу байхаас нийгмийн салхи бас дагаж ханарах нигуртай.

Ялангуяа парламентад ямар дүр оройлон гарч ирэх үү. Түүний ярих агуулга хаашаа чиглэх үү гэдгээс нийгмийн уур амьсгал ихээхэн хамаарна.

Жишээ нь, "Төсөв чинь үнэхээр болохоо байлаа" гэсэн шүглийг шарк Д.Энхтүвшин, Ж.Баярмаа нарын гишүүд өрдөж, Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавьснаар Монгол Улс 1990 оноос хойш анх удаа алдагдалгүй төсөв батлах гэж байна. Ард нийт бол алдагдалгүй төсөв баталж буй дээр баярлаж, алгаа ташаад өнгөрчихнө. Нийтэд ийм сайн үр дагаврыг Д.Энхтүвшин, Ж.Баярмаа нар авчирчихлаа гэж харагдана.

Харин хэрсүү нүдээр харвал алдагдалгүй төсөв нь эдийн засгаа ирэх жилүүдэд тэлэх орчноо ерөнхийдөө хаачхаж буй. Өрхөөр бол ямар ч илүү дутуу зардал гаргахгүй, "рам"-ндаа жайжигнаад, гурил будаагаа аваад л амьдрах нэр юм. Иргэн Дорж зориг гаргаад нэг том машин авч, тэр машины зарж буй этгээд овоо ашиг олж, олсон ашгаараа эргэлтээ сайжруулах ...зэрэг ийм гинжин хэлхээ нэлээд саарна гэсэн үг.

Д.Энхтүвшин бол ААН-үүдийн эрх ашгийг хамгаалах үндсэн чиг үүрэгтэй МҮХАҮТ-ыг тэргүүлж байсан хүн. Төсвийн зардлуудыг хумьчхаар ААН-үүдийн тендерт оролцох боломж асар их хумигдаж, ардаа тэжээдэг ажлын байраа хадгалах дээр хүртэл эрсмдэл үүснэ гэдгийг сийрэг тархи нь гүйлгэж бодолгүй л яахав.

Жудагийн Баярмаа л гэхэд монголд хувийн хэвшил, чөлөөт зах зээлийн магнатаар нэрлэгдэж явсан "Глоб"- Ж.Мэндбаярын дүү. Тэр "Кноп гацлаа" гэж худлаа жүжиглэж чадтлаа популист болов. Түүний ард С.Баярцогт, Ц.Элбэгдорж тэргүүтнүд бий гэгдэх. Ирэх жилүүдэд төсөв тэлэхгүй байснаар эдийн засгийн эргэлт саарна гэдгийг тэр дотроо бол маш сайн мэдэж байгаа.

Парламент удахгүй Францын "Орана"- тай хийх хөрөнгө оруулалтын гэрээ, Хятадын "Чайна Энержи"-тэй зурах нүүрс олборлох гэрээнүүдийг хэлэлцэнэ.

Нүүрсний чиглэлд хийгдэх энэ гэрээгээр Тавантолгойн бүлэг орд эзэмшигч MCS-ийн Д.Оджаргал, Ажнай Д.Бат-Эрдэнэ, цаашлаад өнөөгийн спикер Д.Амарбаясгалангийн зөвлөхийн хамаарал бүхий Бор тээг тэргүүтэй ордуудын нүүрс арилжааны эрх ашиг ямар нэгэн байдлаар, "ашигтай ус" байдлаар хөндөгдөнө.

Ийм чимээнээр жижигхэн улсын парламентыг яаж ч үймүүлж, дотроос нь галзуу солиотныг төрүүлж, ямар ч сэдвээр гаднаас ус төр хийлгэж болно. Агаарын бохирдол, түгжрэл, ханиад томуу, эмнэлгийн хүрэлцээгүй байдал төсөв дээрх өө сэв гээд түмэн сэдвээр бөмбөгдөх боломж байна.

Гэхдээ сайн ахиулаад харвал, агаарын бохирдлын сэдэв жишээ нь явсаар өнөөгийн төрийн тэргүүн У.Хүрэлсүх дээр ирээд гацна.

Тэр л шахмал түлш үйлдвэрлэх санаачлагыг гаргаж, утаа огт буураагүй ч өнөөгийн 1.2 их наядын алдагдалтай "Тавантолгой түлш" компани үүсэх суурийг тавьж байлаа. Одоо нүүрс л бол нүүрс тул ер нь цаашдаа хийн газ, эрчим хүчний өөр эх үүсвэрүүдийг нэмэх, шинжлэх ухаанч гаргалгаагаа л ярих цаг юм.

Түүнчлэн эмнэлгийн хүрэлцээ муу байгаа гэх атлаа паралмент дээр Б.Чинбүрэн тэргүүтэй гишүүд 7.9 тэрбум суулгаж, таван жилийн дараа баригдах 500 тэбумын эмнэлгийн мөрөөдөл л ярьж явна. ХСҮТ-ийн дэргэдэх бэлэн эмнэлгийн барилгыг үгүйсгэх замаар таван жилд даруй 30 мянга орчим иргэн хорт хавдраар нас барна гэсэн бодит судалгаа бий.

Парламент яг "бай"-гаа онож попрохгүй. Популизм бүрийн ард хувь хүмүүс, бүлэглэл фракцын эрх ашиг нэвт шингэсэн байгааг дээрх хэдхэн кэйсээс харж болно.

Үүнтэй зэрэгцээд, 2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль тойрсон улс төржилт парламент дээр тасралтгүй хөвөрч эхлээд байна. Төрийн тэргүүн саях төсвийн хуульд хориг тавьснаар парламент, Засгийн газрын эрх хэмжээнд ерөнхийдөө ялалт байгууллаа. Тэр ҮХЦ-ээр дамжуулан, өөрөө өрсөлдөх хувилбараасаа түр татгалзаж, одоо нийтийн санал асуулга явуулах боломж зэргийг цаг үеэр нь үүсгүүлэх гэж үзэх шинж рүү оров.

Зэрэгцээд У.Хүрэлсүх нэр дэвших боломж нээгдвэл Х.Баттулгад бас энэ хаалга давхар нээгдэнэ. Эс тэгвээс МАН-аас У.Хүрэлсүхийн талаас Г.Занданшатар, Ж.Энхбаяр тэргүүтний Ерөнхийлөгчид нэр дэвшигч эрхийн төлөөх өрсөлдөөн, АН дотор Б.Пүрэвдорж, С.Ганбаатар наррын сайн дурын уран сайханчид парламент дотроос өөрсдийгөө нэрлэх болов.

Ийм олон сэдвүүдийн хүрээнд ирэх 2025 он парламентын хамгийн түжигнээнтэй, эг маг үзэлцээнтэй жил байхыг зураглаж болно. Ирэх жил парламент ямархуу байхаас, дотоодын нүүрсний хэрүүлдээ өрдөгдчихгүй байхаас, ҮХЦ-ээс гэнэт дүгнэлт хүлээж авчихгүй байхаас, энэ өвлийнхөө улс төрийг хааш чиглүүлэхээс улсын эдийн засгийн олон асуудал улдаа холбоогоороо чирэгдэх нь ээ.

Парламентын засаглал өөрөө маш том хүч. Энэ хүчийг хэн яг юунд хэрхэн ашиглаж буй гэдгийг хэрсүү уншигчид одоо өнгөн талаас нь бус агуулга, сэдвийн далайц, хүрч болох үр дүнгээр нь баримжаалж хараад л байгаарай. Орилж буй бүхэн огтоос сайн хүн гэсэн үг биш. Дуугүй буй нь бүр муу гэсэн үг биш. Жинхэнэдээ зарчмын, үзэл санааны, ёс суртахууны мэтгэлцээн үл хайрцаглагдсан байдлаар л парламент дээр өрнөж байх ёстой. Ийм зам руу дөхөх гэж бас бид "үзэн яддаг" гишүүдээ 126 болгосон билээ.

 

https://eguur.mn/554779/

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen