Оюу толгойн зэсийн нөөцийн 24, алтны 42, мөнгөний 29 хувийг “Онтрэ” ХХК эзэмшдэг

Оюу толгойн зэсийн нөөцийн 24, алтны 42, мөнгөний 29 хувийг “Онтрэ” ХХК эзэмшдэг

 

Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өчигдрийн (2025.04.16) хуралдаанаар “Онтрэ” ХХК (Entrée Resources LTD)-ийн ашиглалтын лицензийг хэлэлцжээ.

Монгол Улсын Засгийн газар болон “Айвенхоу Майнз Монголия Инк” ХХК, Айвенхоу Майнз Лимитед, Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед компанийн хооронд байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээнд “Оюу толгой” ХХК нь 6709A, 6708A болон 6710A тоот тусгай зөвшөөрлийн хүрээнд хайгуул, олборлолт, боловсруулалтын үйл ажиллагаа явуулахаар заасан.

Гэвч уг гэрээний 3.3-т “Хөрөнгө оруулагч нь ... гэрээний 15.7.8-д зааснаар олгогдсон талбай дахь уурхайн эдэлбэрт орших аливаа ашигт малтмалын орд газраас ашигт малтмал олборлох, боловсруулах үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомж, дүрэм журмын дагуу явуулах эрхтэй.” гэжээ.

15.7.8-д “Антре гоулд” компанийн эзэмшиж буй 3148Х, 3150Х тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн талаар Айвенхоу Майнз Лимитед компанийн өнөөгийн эдэлж буй эрхийг гэрээгээр баталгаажуулах, эсхүл холбогдох эрхийг Хөрөнгө оруулагчид шилжүүлж /ийнхүү шилжүүлсний дараа Засгийн газар уг эрхийн 34 /гучин дөрөв/ хувийг эзэмшинэ/, улмаар Засгийн газар уг хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн хугацаа дуусахаас өмнө ашиглалтын тусгай зөвшөөрөл болгох” талаар заажээ.

Мөн тэрбээр, гэрээний 15.5-д “Хөрөнгө оруулагч нь энэхүү Гэрээний 15.6-д заасан шаардлагуудыг хангасан тохиолдолд геологи, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад бичгээр мэдэгдэл хүргүүлж, Хөрөнгө оруулагчийн шууд ба шууд бусаар эзэмшиж буй, эсхүл хяналтандаа авсан Оюу толгой ордын эрдэсжсэн тогтолцооны хэсэг болох ашигт малтмалыг агуулж буй ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг энэхүү Гэрээнд хамааруулах хүсэлтээ гаргах эрхтэй.

Энэхүү Гэрээний 16 дугаар бүлэгт тодорхойлсон Ашиглалтын тусгай зөвшөөрлүүдэд хамруулахаар Хөрөнгө оруулагчийн гаргасан хүсэлтийг Засгийн газар нь энэхүү Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэнэ” гэж заасан талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан танилцууллаа.

Хөрөнгө оруулалтын гэрээний 15.7.8-д дурдсан 3148Х, 3150Х дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг Антре (“Онтрэ”) ХХК-д 2001 оны дөрөвдүгээр сарын 03-нд олгосон. Хуучнаар Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2009 оны 877 дугаар шийдвэрээр “Шивээ толгой”, “Жавхлант” нэртэй MV-015226, MV-015225 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөл болгожээ.

Эдгээр ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайд Оюу толгойн бүлэг ордын нөөцийн зэсийн 24.0 хувь, алтны 42.0 хувь, мөнгөний 29.0 хувь, молибденийн металлын 94.0 хувь нь хамаарч байна.

Туркойз хилл ресурс, Онтре ресурс лимитэд компаниуд 2004 онд буюу Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдахаас өмнө хоорондоо “Ашиг хуваах гэрээ”-г байгуулжээ.

Уг гэрээгээр Онтрегийн талбай дахь геологийн судалгаа, хайгуулын ажлын зардалд Туркойз хилл ресурс компани 35.0 сая ам.доллар, түүнээс дээш хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн тохиолдолд, мөн олборлолт хийх гүн нь газрын гадаргаас доош 560 метр хүртэл бол 70.0 болон 30.0 хувь, 560 метрээс доош бол 80.0 болон 20.0 хувийн эдийн засгийн өгөөж хүртэхээр тохиролцжээ.

Энэхүү 70-80 хувийн ашиг хүртэх эрхээ Туркойз хилл ресурс компани 2005 онд “Оюутолгой” ХХК-д шилжүүлсэн.

Гэвч эдгээр ашиг хүртэх болон эрх шилжүүлэх гэрээнүүд, Онтрегийн тусгай зөвшөөрөл бүхий талбайнуудад Оюутолгой ХХК үйлдвэрлэл явуулах болон компаниуд тус тусын эдийн засгийн сонирхлыг баталгаажуулах үйл явц удаашралтай байна гэж үзэн Онтре гоулд компани 2022 оны тавдугаар сард арбитрын маргаан үүсгэжээ.

Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх...” шаардлагыг хангуулах нь чухал.

Олон улсын арбитрын шүүхээс 2004 оны гэрээг баталгаажуулах, Онтре ХХК-ийн тусгай зөвшөөрлүүдийг шилжүүлэн авахыг Оюутолгой ХХК зөвшөөрч, үүнтэй холбоотой татвар, хураамжийг төлөхийг үүрэг болгосон шийдвэрийг 2024 оны 12 дугаар 19-ний өдөр гаргасан байна. 

Энэ шийдвэрийг хэрэгжүүлэх үүднээс Оюутолгой ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл энэ 2025 оны нэгдүгээр сард компанийн гүйцэтгэх удирдлагад эрх олгожээ.

Монгол Улсын Засгийн газраас өнгөрөгч долоо хоногийн (2025.04.09) хуралдаанаараа стратегийн ач холбогдол бүхий Оюутолгойн бүлэг ордын хил заагийг тогтоож, үүнд “Онтре” ХХК-ийн эзэмшиж буй талбайнуудыг хамааруулаад байна.

Иймд Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу “Онтре” ХХК-ийн тухайн ордод оруулсан хөрөнгийн 34 хүртэлх хувьтай тэнцэх хувьцааг төр үнэ төлбөргүйгээр эзэмших, эсхүл түүнийг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр орлуулах, эсэх асуудлыг ойрын хугацаанд Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, шийдвэрлүүлэхээр бэлтгэж байгаа ажээ.

Тусгай зөвшөөрлүүдийг “Оюутолгой” ХХК-д шилжүүлэхдээ Монгол Улсын Үндсэн хуулийн Зургаадугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан "Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх...” шаардлагыг хангуулах нь чухал байгаа талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан мэдээлэв.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан Оюутолгойн гүний уурхайн хонгилын байгууламж Онтре ХХК-ийн лицензтэй талбайн хилд тулаад ирчихсэн. Иймд асуудлыг яаралтай шийдэх шаардлагатайг онцолжээ.

Тэрээр, Оюутолгой ХХК, Рио Тинто компани энэ асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэхгүй бол гүний уурхайн төлөвлөгөөг, чиглэлийг өөрчлөхөд хүрнэ. 

Ингэснээр Монгол Улсын өгөөж хүртэх хугацаа улам хойшилно гэсэн асуудал тавьж байгааг мэдээлэв. Засгийн газар стратегийн ордуудын хил хязгаарыг бүрэн тогтоож дууссан гэдгийг тэрбээр хэлж, Оюутолгойн бүлэг ордод Онтре ХХК-ийн лицензтэй талбайг хамааруулсны дагуу тус компанийн 34.0 хувийг тогтоох асуудлыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайд Н.Учрал хариуцан ажиллаж байгааг танилцууллаа. 

Гэхдээ үүнийг бие даан шийдэрлэх эрх Засгийн газарт байхгүй тул Улсын Их Хуралд ойрын хугацаанд өргөн мэдүүлж шийдвэрлүүлнэ гэсэн юм.

Мөн Оюутолгой ХХК болон Онтре ХХК-ийн лизензтэй талбайнуудад байгаа хүдрийн биет нь нэг цул бөгөөд доороос нь блоклон унагах технологиор олборлож буй тул хүдэр лицензийн хил хязгаараар зааглагдахгүй бүтнээрээ унана гэсэн тайлбарыг сайд нарийвчлан хийж, Жавхлант орд бол Хойд Хюго ордын, Шивээ толгой орд Херуга ордын үргэлжлэл учир салгаж ойлгох боломжгүй гэлээ. 

Улсын Их Хурал асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн тохиолдолд Ашигт малтмал, газрын тосны газар (АМГТГ) шийдвэр гаргаж, лицензүүдийг шилжүүлнэ гэдгийг тэрбээр хэлж, Туркойз хилл ресурс, Онтре ресурс лимитэд компаниудын харилцан тохиролцсон 80, 20 хувь гэх харьцааны тухайд Оюутолгой ХХК-д ноогдох 80.0 хувийн 34.0 хувь нь одоо эзэмшиж байгаа хувьцаагаар Монголын талд ирнэ. 

Харин Онтре ХХК-д оногдох 20.0 хувийн 34.0 хувийг авах уу, ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөр (АМНАТТ)-өөр орлуулах уу гэдгийг Улсын Их Хурал шийдвэрлэснээр Үндсэн хууль болон Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нийцүүлэн хэрэгжүүлэх учиртай гэлээ. 

Мөн Туркойз хилл ресурс, Онтре ресурс лимитэд компаниуд тухайн үед нэгэн зэрэг шахам хайгуулын лицензүүдээ авсан талаар Ц.Туваан сайд дурдаж, улмаар ашиглалтын лиценз болгосон зэрэг үйл явц тухай тухайн үеийнхээ хууль, журмын дагуу явагдсан гэдгийг тайлбарласан юм.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen