26 насандаа 10 сая долларын бизнес босгож чадсан залуугийн зөвлөгөө
4 жилийн өмнө консалтинг чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар компаниа байгуулж байсан Сэм Овенс өдгөө 10 сая долларын хөрөнгийг бий болгож чаджээ. Аав ээжтэйгээ цуг амьдардаг байсан залуу, одоо долларын саятан болоод зогсохгүй, бизнес нь тун ч өөдрөг харагдаж байна. Ингээд түүний өгч буй 4 зөвлөгөөг хүргэе.
1. Хувь хүний брэнд буюу нэр хүндийг аль болох түргэн таниулах хэрэгтэй.
Хувийн брэндээ хөгжүүлж чадсан тохиолдолд тэр хэрээр хүмүүс таны эхлүүлж буй шинэ бизнест итгэл үзүүлнэ. Хэн ч танихгүй нэгэн бизнесээ эхлүүлэхэд ихээхэн хүндрэлтэй учирдаг бол, хувийн брэндинг сайн хийж, өөрийгөө таниулж чадсан хүн аливаа бизнесийг эхлүүлэхд хөрөнгө оруулагчдын зүгээс итгэл үзүүлэлт мэдэгдэхүйц илүү байдаг ажээ. Хувийн брэндинг хийх гэдэг нь тун энгийн ойлголт, нийгмийн харилцааны вебсайтаар өөрийн үзэл бодлоо илэрхийлж, шууд бус сурталчилгаа хийснээр тодорхой хэмжээнд танигдаж, хүрээллийг бий болгож чаддаг. Энэ нь тухайн хувь хүнийг бизнесээ сурталчлах, таниулахад зүй ёсоор тусална.
2. Өөрийн танилын сүлжээг тултал нь ашигла...
Овенсын хэлж буйгаар бизнесээ шинээр эхлүүлэгчид өөрсдийн танилын сүлжээг ашиглах тал дээр үргэлж дутуу чармайлт гаргадаг гэнэ. Дөнгөж эхэлж байгаа бизнес эрхлэгчдэд хувийн харилцаа холбоо буюу найз нөхдийн шугамаар ирэх дэмжлэг, гэр бүл, ойр дотны хүмүүсийн сүлжээ маш чухал. Хүмүүс аль болох шинэ хэрэглэгчдэд бүтээгдэхүүн үйлчилгээгээ хүргэх гээд л махраад байдаг, гэтэл хамар доор нь буюу ойрын хүрээнд нь боломжит үйлчлүүлэгчид, харилцагчид байж байдаг гэнэ.
3. Суралцахаа хэзээ ч больж болохгүй...
Өөрийнхөө ажиллаж буй хичнээн сайн мэддэг болсон ч бай, үргэлж л суралцаж, мэдлэгээ ахиулж байх хэрэгтэй. Мэдээллийн эх далай эрх чөлөөтэй, хүн бүхэнд нээлттэй болсон энэ үед ямар ч энтерпреньер өөрийгөө хөгжүүлж, шинэ зүйлийг богино хугацаанд сурч мэдэх боломжтой шүү дээ. Би маркетинг, худалдаа, санхүү бүртгэл, стратеги төлөлвлөлт, хувь хүний хөгжлийн аргачлал гээд олон сэдвээр хэдэн зуун ном уншсан. Энэ бүхэн намайг цэнэглэж, хэн ч булааж чадахгүй мэдлэг туршлага болж байдаг. Хүн суралцахаа больж огтхон ч болохгүй хэмээн Овенс захиж байна.
4. Татгалзсан хариу сонсож сур.
Бизнесээ эхэлж буй хүмүүст байдаг хамгийн том айдсуудын нэг бол хөрөнгө оруулагчид юмуу хамтран ажиллагчдын зүгээс татгалзсан хариу сонсох явдал. Энэ айдастай нүүр тулгарч, тэмцэж, өөрийгөө хатуужуулж чадсанаар та улам л чадваржих болно. Огт танихгүй хүмүүсийн дунд ороод өөрийнхөө бизнесийн тухай ярихад маш хэцүү байдаг, учир нь таны нүдээр тэд харахгүй шүү дээ. Гэхдээ миний хувь хүний хөгжлийн хамгийн чухал үе шат нь тэрхүү бэрхшээлүүдтэй нүүр тулгарч, улмаар амжилтанд хөтлөх замыг нээсэн явдал юм гэжээ.
Эх сурвалж: www.entrepreneur.com
Орчуулсан Д.Жаргалсайхан