Жилд нэг тэрбум хүүхэд хүчирхийлэлд өртдөг
Дэлхий дээр амьдарч байгаа 8,2 тэрбум хүн амын дөрөвний нэг нь буюу 2,2 тэрбум нь хүүхдүүд байдаг. Эдгээр хүүхдүүдийн тэн хагас нь буюу нэг тэрбум хүүхэд жилд багадаа нэг удаа хүчирхийлэлд өртдөг гэсэн судалгаа байна.
Хүүхдүүдийг сэтгэл санаа, бие махбодын хүчирхийлэлгүй эрүүл өсөн торних орчныг бүрдүүлэх ажлыг улс орнуудын Засгийн газруудын бодлогын түвшинд хэрэгжүүлэхийн тулд анх удаа хүүхдийн хүчирхийллийн эсрэг олон улсын бага хурлыг зохион байгуулж байна. Хүүхдийн хүчирхийллийн эсрэг олон улсын анхдугаар бага хурлыг Колумб болон Швед улсууд хамтран даргалж, Колумбын нийслэл Богота хотод зохион байгуулж байна.
Хүүхдийн хүчирхийллийн эсрэг анхдугаар бага хурал энэ сарын 7, 8-ны өдрүүдэд үргэлжилж байна. Анхдугаар бага хуралд дэлхийн 200 орны Засгийн газрын төлөөлөгчид, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, НҮБ-ын Хүүхдийн сан, НҮБ-ын хүүхдийн хүчирхийллийг зогсоох тусгай төлөөлөгч Нажат Маалла Мжид зэрэг нөлөө бүхий зочид уригдан оролцож байна.
Дэлхийн Засгийн газрын хэмжээний төлөөлөгчид хүүхдийн хүчирхийллийн эсрэг анх удаа дуу хоолойгоо нэгтгэж байгаа гэдгээрээ анхдугаар бага хурал онцлог болж байна. НҮБ-ын 2015 онд баталсан Тогтвортой хөгжлийн 17 зорилтын нэг нь хүүхдийн эсрэг хүчирхийллийг арилгах юм. Хүүхдүүд гэр, сургууль, нийгмийн байгууллагууд, цахим орчинд аюулгүй байх ёстой гэж бага хуралд оролцогч төлөөлөгчид зорьж байна.
Бие махбодын болоод сэтгэл санааны хүчирхийлэл нь хүүхдийн эрхийг зөрчихөөс гадна сэтгэцийн эрүүл мэндийг доройтуулах, цаашлаад халдварт бус чихрийн шижин, хорт хавдар, ХДХВ/ДОХ-оор өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлж байна. Мөн гэмт хэрэгт холбогдох, сэтгэцэд нөлөөлөх мансууруулах бодисны хэрэглэх зэрэг хорт зуршилд автах эрсдэлийг өсгөдөг.
Судалгаанаас харахад дэлхийн 2-17 настай хүүхдүүдийн тэн хагас нь жил тутам ямар нэг хүчирхийллийн хохирогч болдог. 2-4 настай 300 сая хүүхэд асран хамгаалагчдынхаа хүчирхийлэлд ямар нэгэн байдлаар өртдөг бол 11-15 насны сурагчдын гуравны нэг нь ангийн хүүхдүүд, хамт олныхоо гадуурхал дарамтад өртдөг байна. Мөн 20-оос доош насны 120 сая охин бэлгийн дарамтын хохирогч болдог бол гурван хүүхэд тутмын нэг нь бие махбодын хүчирхийлэлд өртдөг ажээ. 2023 онд хүүхдийн тусламжийн дуудлага мэдээллийн байгууллагуудад ирсэн дуудлагын хоёр дахь том шалтгаан нь хүчирхийлэлтэй холбоотой дуудлага мэдээлэл байжээ.
НҮБ-ын мэдээлснээр дэлхий дээр болж байгаа зэвсэгт халдлага дайн, цаг уурын өөрчлөлт, цагаачлал, цахим болон бэлгийн хүчирхийлэл, бага насны хүүхдийн гэрлэлт зэргээс шалтлгаалж хүүхдүүд урьд өмнө байгаагүй олон төрлийн хүчирхийлэлд өртсөөр байна.
Боготад болж байгаа анхдугаар бага хуралд хүний эрхийн төлөө байгууллагууд, дэлхийн улс орнуудын Засгийн газрын төлөөллүүдээс гадна хүчирхийллийн хохирогч болж байсан 1,400 орчим хүүхэд оролцож байна. Нээлтийн ёслолд Колумбын ФАРК зэвсэгт босогчдын бүлгийнхэнд барьцаалагдаж хүчирхийллийн хохирогч болсон хүүхдүүд найрал дуу дуулжээ. Зэвсэгт гэмт хэрэгтнүүдийн эсрэг дайн зарлаад байгаа Колумбын Ерөнхийлөгч Густаво Петро хүүхдийн хүчирхийлэл нь дэлхийн цаг уурын өөрчлөлттэй дүйцэхүйц сүйрэл дагуулж буйг сэрэмжлүүлсэн байна.
https://eagle.mn/r/132353