Автобусанд сурталчилгаа наалгахад сард долоо орчим сая төгрөг төлдөг

Автобусанд сурталчилгаа наалгахад сард долоо орчим сая төгрөг төлдөг

 

Нийтийн тээврийн парк шинэчлэлтийн хүрээнд том оврын 600 автобусыг өнгөрсөн гуравдугаар сарын 1-нээс үйлчилгээнд нэвтрүүлсэн. Гэтэл сүүлийн үед шинээр оруулж ирсэн автобуснуудын гадна зар сурталчилгааны хуудас наах нь түгээмэл болжээ. Ямар өнгөтэй автобус гэдэг нь мэдэгдэхгүй, эрээн алаг болтол нь наасан сурталчилгаа ч бий. Энэ нь нийтийн тээвэрт нэмэлт орлого оруулах арга уу гэдгийг сонирхлоо.

Нийтийн тээврийн хэрэгсэлд сурталчилгаа байршуулахад хэдэн төгрөг төлдөг, бас тэр мөнгийг аль байгууллага авдаг талаар Нийтийн тээврийн бодлогын газрынхнаас лавлалаа. Тус байгууллагынхан “Автобусанд наасан сурталчилгааг бид хариуцдаггүй. Нийслэлийн эзэмшлийн автобуснуудад сурталчилгаа наадаггүй. Харин хувийн хэвшлийн компаниуд автобусандаа сурталчилгаа байршуулдаг. Төлбөр нь ч тухайн байгууллагын данс руу ордог” гэв. 

Нийтийн тээврийн автобусны зар сурталчилгааг “Бүх орчлон транспорт” компанийнхан хариуцдаг юм байна. Өөрөөр хэлбэл, тус компанийнхан аж ахуйн нэгж, байгууллагын сурталчилгааг хүлээн авч, автобусанд наах үйл ажиллагааг зохион байгуулдаг гэнэ. Ийм сурталчилгаа хэдэн төгрөгийн үнэтэй талаар дээрх компанийнхнаас тодруулахад “Туузан сурталчилгааг нэг сарын 350 мянган төгрөгөөр байршуулдаг. Харин бүтэн нь хоёр сая 620 мянган төгрөг болдог. Шинэ саарал автобуснуудад сурталчилгаа наахад нэг сарын 3.5 сая төгрөг.

Энэ бол зөвхөн түрээсийн төлбөр. Үүн дээр нэмээд хэвлэлийн зардал ч төлдөг. Эдгээр нь нийлээд долоо орчим сая төгрөг болно. Харин БНСУ-аас оруулж ирсэн автобуснуудад зар сурталчилгаа байршуулах төлбөр нь хоёр сая 620 мянган төгрөг. Үүнд түрээс болон хэвлэлтийн зардал багтсан. Манайх “Эрдэм транс”, “Автотерминал”, “Трансбус” зэрэг хувийн автобусны компанитай хамтран ажиллаж, тухайн аж ахуйн нэгжийн эзэмшлийн автобусан дээр сурталчилгаа байршуулдаг. Ингээд ашгаа хувааж авдаг” гэсэн юм.

У.ЦЭЦЭГСҮРЭН

https://www.unuudur.mn/a/272145

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen