Р.Эмүжин: НОМХОН ТЭМЭЭ ШАЛДАН БАЙНА!
Р.Эмүжин: Өнөөх маань өөрийгөө Номхон тэмээ гэчихжээ. 59.0 тэрбумын хөрөнгөтэй, хувийн буудал ресторандаа татвар төлөгчдийн мөнгөөр төрийн томчуудыг уулгаж идүүлэнгээ уурганыхаа хуйвыг чангалж зүүгддэг нөгөө "Номхон тэмээ" чинь соёл урлагийнхныгаа бөндөгнүүлээд, дээр нь Засгийн газраа татаж унагаах гээд чухам нүдэндээ хуруугаа хийгээд дээгүүр нисч, дэргэдүүр жаалж явна. Ард түмэнд ажил орлого хэрэгтэй байна гэсэн чинь "Би номхон тэмээ байна" гээд сэвсээрээ будаад байхыг одоо юу гэж ойлгох уу? Соёл спортын салбарыг цээжээрээ хамгаална гээд дайраад байна.
Уг нь эгэл ард түмэн энэ мэтийн сансрын санаатай, их наядын хэнээтэй хүмүүсээс төрөө, татварын мөнгөө, урлаг соёлын салбарын үнэт зүйлсээ хамгаалаад байгаа юм. Тэгсэн энэ маань "Үгүй эээ, би бүх ард түмнээс хариуцсан салбараа хамгаална" гээд зүтгээд байх юм. Ард түмэн энэ хүний ямар ч хяналтгүй, эргэн төлөх нөхцөлгүй тарааж байдаг Кино урлагийг дэмжих сан зэрэг олон олон сангийн мөнгийг, хэдхэн гэр бүлийн шүүгээнд цоожлогдсон урлаг соёлоо хамгаалах гээд байгаа юм л даа.
Ойлголтын ийм аймаар зөрүүтэй байдлыг чухам кастын систем гээд байгаа юм. Энэ хүнд "Номин шалдан байна" гээд хэлээд өгөх хүн эргэн тойронд нь алга уу? Бүгд албан тушаалаасаа зүүгдээд "Сайд та минь давхраатай алаг нүдтэй, даамай брэндлэг хувцастай, даанчиг гоёхон байна" гээд долоогоод хэвтчихсэн үү? Ичиж амьдарна шүү, дарганцарууд ааа! Албан тушаал мөнх биш, ард түмэн мөнх шүү. Нэг нэг сандал тэврээд хэвтчихсэн, нэг нэг тэмдэгшүү юм олоод зүүчихсэн, нэдэр дээрээ зүрх гэж туулай, зүс гэж туухай, сэтэр гэж сэлэм бондгос, сэтгэл гэж итгэл бондгос болцгоосныг чинь бүгд харж байна шүү дээ. Уран бүтээлчийн эрх чөлөөт зүрхийг угжны хурганы уутаар солих гомдмоор биш үүү?
Өт шиг нүцгэн атлаа би
Өнгөт ноёдоос баян гэж Франсуа Вийон шиг хэлж чаддаггүй хулчгар болохоор чинь Номин толгой дээр чинь заларч, тоолдог хэдээр чинь барьж, анги давхаргын ялгаагаар амдаад тонгорч байгаа юм даа. Тэгсэн хэрнээ нүднээс далд бүгд энэ хүүхнээ үзэн ядна, хоёр нүүр хорвоогийн шившиг, ховын явдал хоногийн шившиг шүү!