Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

 

Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. “Тойрог бус том төслүүдийг бодно” гэсэн уриатай төсөв л дөө, уг нь. Түүнээс ч болсон уу, жил жилийн төсөвт суулгаад авчихдаг тав, арван тэрбумдаа харамсаж уурссан гишүүд цөөнгүй байв. Түүнийгээ үгээр хэлээгүй л болохоос үйлдлээрээ бол үзүүлсэн.

 

Гэхдээ эрхэм гишүүд төсвийг өөр өөрийнхөөрөө “уншиж”, түүнийгээ олон нийттэй хуваалцах зарчмаар хэлэлцэв. Үнэхээр хэрэггүй зардлууд ч байлаа. Зарим артай сайдын багцад “захиалга”-ын төсөв суусан ч байна.

 

Тэднийг нь төсвийн сүүлийн хэлэлцүүлгийн үеэр зарим гишүүн илчиллээ. Гишүүдийн мэдээлэл олон нийтийн анхаарлыг төсөв рүү хандуулсан. Ийм улс төрийн үйл явдал өнгөрсөн долоо хоногт боллоо. Тэр үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хятадад айлчилж таарав. Эзгүй байв. Тэрээр айлчлалаас ирээд энэ долоо хоногийн даваа гаригт УИХ, Засгийн газар, улс төрийн намуудын удирдлагуудтай уулзаж мэдээлэл солилцжээ. Мөн ажлын алба болон зарим Үндэсний хорооны хуралд оролцсон байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн долоо хоногийн асуудлыг эергээр хүлээн авч, дараа дараагийн төсөл хөтөлбөр, том зорилгодоо төвлөрөхийг уриалсан байна. Ингэхдээ “Би эергээр харж байна. Шинэ парламентын хяналт тэнцэл ажиллаж байна.

 

Тойргийн жижиг төслүүдээс хальж, 39 том төсөлд суурилж батлагдсан 34 жилийн түүхэнд анхны төсөв болж байгаа юм. Тиймээс ийм зүйл болох нь зүй ёсны асуудал. Засгийн газар ч, УИХ ч хуулиа мөрдөх ёстой. Холимог тогтолцоо бүхий шинэ парламент түүхэн үүргээ эергээр гүйцэтгэж чадна гэдэгт эргэлзэхгүй байна.

 

Ер нь бол энэ холимог тогтолцоо бүхий шинэ парламентыг шинэ соёлыг бий болгохын тулд л бүрдүүлсэн. Бид бүрдүүлсэн тогтолцоондоо өөрсдөө дасах учиртай. Юутай ч анх удаа гишүүдийн 5.0 тэрбумгүй төсөв, 30 гаруй төсөл хөтөлбөр дээр батлагдлаа. Мэдээлэл, ойлголтын зөрүүтэй байдал дээр улстөржүүлэх санаархал ч байсныг үгүйсгэхгүй. Энэ төсвийг есдүгээр сарын 1-нд өргөн барьсан. Түүнээс хойш сар гаруйн дараа хэлэлцэж эхэлсэн. Урт хугацаа байсан. Гэтэл хоёрдугаар хэлэлцүүлгээр өөрчлөгдөх боломжгүй эрх зүйн орчин, мөн Хятад айлчлалтай, тайлбарлах боломжгүй цаг хугацаатай давхцуулсан нь улс төрийн өөр зорилготой байсан байх. Монголд нууц юм гэж байхгүй дээ. Удахгүй учиг нь тайлагдах биз.

 

Ховонд авталгүй холын зорилгоо харцгаах нь зөв. 14 мега төслийн нэг болсон Эрдэнэбүрэнгийн зээлийн хэлэлцээр батлагдлаа. Одоо 16 жил гацсан Гашуунсухайт-Ганцмодны төслөө хамтдаа анхаарцгаах цаг.

 

Тиймээс өнгөрснийг дүгнэж, илүү ирээдүйн асуудалдаа анхаарал хандуулахыг улстөрчдөд уриалж байна” гэжээ. Түүнчлэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хятадад айлчлахаасаа өмнө, төсвийн хэлэлцүүлгийн үеэр болсон УИХ дахь намынхаа бүлгийн хурал дээр “Том төслүүдийг гацаадаг технологиуд явж эхэлж байна. Яг л ийм хөөсрөлт дээр “Танк орж ирнэ” гэж итгээд 16 жил алдсанаа дүгнэх ёстой шүү. Ер нь бол том төслүүдийг зогсоохын тулд зохиомол хөөсөн хөшиг татдаг. Тэр зүйлд төөрмөөргүй байгаа юм. “Танк орж ирнэ” гэдгийг өнөөдөр марзан сонсогдоно. Гэтэл яг тэр үедээ үзэл санааны хөшиг болчихсон. Тэгэхээр намайг хүүхэд байхад л яригддаг байсан домгуудыг одоо дуусгах цаг болсон” гэсэн талаар хэвлэлүүд мэдээлж байсан юм.

 

 

Б.БАЯР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen