Их Британийн парламентын ордны гадна террорист халдлага боллоо
ЛОНДОН. /ВВС/. Их Британийн нийслэл Лондон хотын төв Уэстминстерт террорист халдлага болсны улмаас гурван хүн амь үрэгджээ.
Орон нутгийн цагаар лхагва гарагийн үдээс хойш 3:00 цагийн үед Уэстминстерийн гүүрэн дээгүүр явж байсан явган зорчигчдыг автомашинтай нэгэн этгээд дайран явжээ.
Тэрбээр машинаасаа бууж ирээд, Лондон хотын төвд орших парламентын ордны гадна үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн офицерыг хутгалан хөнөөсөн байна.
Цагдаа нарын мэдэгдсэнээр, халдлагын үеэр гурван хүн амиа алдаж, наад зах нь 40 хүн гэмтэж бэртсэний дотор гурван франц сурагч болон Румыны хоёр иргэн байгаа аж.
Гэмт этгээдийг цагдаа нар хэргийн газарт буудан устгажээ.
Чухам ямар шалтгааны улмаас ийм халдлага үйлдэх болсныг олж тогтоохоор цагдаа нар ажиллаж байна.
Их Британийн Засгийн газар энэ халдлагатай холбогдуулан яаралтай хуралдаан зарлах аж.
Уэстминстер бол дотоод болон гадаадын жуулчид олноороо очдог газар бөгөөд халдлага болох үед хөл хөдөлгөөн ихтэй байжээ.
Террорист халдлагад өртөж байсан улс орнуудын удирдагчид, тэдний дотор Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд болон Германы Канцлер Ангела Меркель нар Их Британийн ард түмэнд гүн эмгэнэл илэрхийлэхийн сацуу тэднийг дэмжиж байгаагаа мэдэгдлээ.
Хохирогчдын дурсгалыг хүндэтгэн өчигдөр оройн 23:00 цагт Эйфелийн цамхгийн гэрлийг унтраасан байна.
Францын Ерөнхийлөгч Ф.Олланд "терроризм бид бүхний сэтгэлийг хамгийн их түгшээсэн асуудал болоод байна. Британичууд яаж зовж шаналж байгааг францчууд бид бүхэн сайн мэдэж байна” гэжээ.
Өнгөрсөн оны долдугаар сард Францын өмнөд нутгийн Ницца хотод ачааны машинтай этгээд явган зорчигчид руу дайрч, 84 хүний аминд хүрсэн билээ. Уг халдлагын хариуцлагыг "Лалын улс” бүлэглэл өөртөө хүлээсэн юм.
Германы Канцлер А.Меркель мөн Их Британийн ард түмэнтэй сэтгэлээрээ хамт байгаа гэдгээ илэрхийлсэн байна. Тус улсын нийслэл Берлин хотод өнгөрсөн оны 12 дугаар сард Зул сарын баярын яармаг худалдааны үеэр мөн ачааны машинтай этгээд 12 хүний аминд хүрсэн билээ.
Г.Доржханд
Эх сурвалж : "Монцамэ" агентлаг