АНУ-д дахин халдлага гарчээ
АНУ-ын Охайо мужийн улсын их сургуулийн нутаг дэвсгэр дээр үл таних этгээд даваа гарагт халджээ. Урьдчилсан байдлаар халдлагад арав орчим хүн гэмтэл авсан байна. Халдагч этгээдийг газар дээр нь буудаж устгасан талаар СNN мэдээлжээ.
Уг хэрэг орон нутгийн цагаар өглөөний 09.56 цагт болжээ. Зэвсэглэсэн этгээд машинаараа их сургуулийн хотхон руу дайран орж, гартаа хутга барин хүмүүсийг гэмтээсэн байна.
Азаар цагдаагийн ажилтан ойр байсан тул гал нээж, зэвсэгт этгээдийг устгажээ. Хэрэг гарснаас хоёр цагийн дараа нийгмийн сүлжээгээр зэвсэгт этгээдийг устгаж, аюулгүй болгосон талаар мэдээлсэн юм.
Халдлага гарсан өдөр хуваарийн дагуу орох байсан бүх хичээлийг цуцалжээ. Арван хүн гэмтсэнийг ойролцоох эмнэлэгт хүргэжээ. Тэдний нэгийн биеийн байдал маш хүнд байна.
Халдлага үйлдсэн этгээд 18 настай Сомалигаас гаралтай, Абдул Разак Али Артан гэгч байжээ.
Тэрээр 2007 онд гэр бүлийнхээ хамт Сомалигаас Пакистан руу шилжсэн. Долоон жилийн дараа АНУ-г зорьсон байж. Урьдчилсан байдлаар гэмт этгээд Америкт оршин суух эрх авсан байжээ.
Коламбус хотноо байрлах Охайогийн улсын их сургуулийн оюутны хотхон нь АНУ-даа нэлээд томд тооцогддог байна. Тус сургуульд 65 мянга гаруй оюутан сурдаг.
Эх сурвалж: СNN